Дэд станцид гарсан ослын улмаас ойрын хэд хоногтоо нийслэлийн төвийнхөн цахилгааны гачаалд орно

2008/05/24
Share |
Хүмүүс:
Дэд станцид гарсан ослын улмаас ойрын хэд хоногтоо нийслэлийн төвийнхөн цахилгааны гачаалд орно

-Умард дэд станцад томоохон хэмжээний аваар гарсны улмаас 18 мянган хэрэглэгч цахилгааны хомсдолд оров-

Өчигдөр өдрийн 13.00 цагийн орчим хотын төвийг цахилгаанаар хангадаг томоохон станц болох Умард дэд станцад гал гарч осол болсны улмаас 40, 50 мянгат, гурав, дөрөвдүгээр хороолол, арваннэгдүгээр хороолол, Ялалт, Чингэлтэй, Хайлааст зэрэг томоохон гэр хорооллууд болоод орон сууцны хорооллууд цахилгаангүй болжээ.
Осол гарсан шалтгаан нь олон жил ашиглаж хуучирч муудсан кабелиудад гал гарч даамжран том хэмжээний осол болсон аж. Тус станцаас нийслэлийн 17257 хэрэглэгч, 12 мянган аж ахуй нэг цахилгаан авдаг юм байна. Осол гарсан даруйд УБЦТС болон ТБЦТС-ээс мэргэжлийн багууд очиж яаралтай цахилгаан өгөхөөр ажиллаж эхэлсэн байна. Умард дэд станц нь 1980-аад оны эхээр ашиглалтад орсон бөгөөд ихэнх тоноглолын ашиглагдах хугацаа нь аль хэдийнэ дууссан байсан юм байна. 19.00 цагийн үед зарим газруудад цахилгаан өгч эхэлсэн бөгөөд засварлах ажил 10 гаруй хувьтай явж байгаа учир ойрын хэд хоногтоо хотын төвийнхөн цахилгааны гачаалтай байх болоод байгаа юм. Аваар гарах үед ачаалал хэвийн байсан ч олон жил ашиглагдсан цахилгааны кабель, техник хэрэгслэлээс шалтгаалж аваар томоохон хэмжээнд хүрчээ. Өмнө нь Өмнөд цахилгаан станцад мөн л кабель хэт халснас гал гарч нийслэлчүүд нэг хэсэг харанхуй амьдрахад хүрээд байсан. Энэ байдал долоо хоног хэртээ үргэлжилж гэмтлийг засварлаж байсан.
Хамгийн гол нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхгүй бол цаашид ээлж ээлжээрээ шатан цахилгааны хомсдол үүсч бүр мөсөн гэрэлгүй болох магадлалтай юм.

Энэхүү ослын талаар ТБЦДС-ний Ерөнхий менежер Д.Дашдаваа ийн ярьж байна.
-Удаа дараа станцад гэмтэл гарч цахилгааны хомсдол учирлаа. Юунаас болж осол гарсан бэ?
-Төвийн сүлжээний хэд хэдэн хэсэгт гал гарсны улмаас станцын тоноглолуудад гэмтэл гарчээ. Эрчим хүчний тоноглолууд маш их хуучирч зайлшгүй техникийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Уг нь цахилгааны тоноглолуудыг дээд тал нь 25 жил ашиглагдах нормтой байдаг. Харин манайх 40 гаруй жил болоод байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод одоо хэр нь шинэчилж чадахгүй байгаа. Энэ кабелиудаас болоод том хэмжээний аваар гарч байна. Гэмтлийг хурдан хугацаанд засварлаж цахилгаанаар хангахын тулд мэргэжилтнүүд ажиллаж байна.

Эх сурвалж: Өглөө орой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.