О.Дашмаа: Хүү маань эндсэн болохоор хүүхэд өргөж авсан

2014/04/21
Share |
Хүмүүс:
О.Дашмаа: Хүү маань эндсэн болохоор хүүхэд өргөж авсан

-Хүүхэд гаргах боломжгүй болсноо гурван жилийн дараа мэджээ-

 

Нийслэлийн II амаржих газрын эмч нарын хайхрамжгүй үйлдлээс болж 38 настай Т.Байгальмаа бүсгүй үр хүүхэд болон эрүүл мэндээрээ хэрхэн хохирсон талаараа бидэнд мэдээлсэн билээ. Түүнтэй хийсэн ярилцлага манай Eagle.mn  сайтад нийтлэгдсэн өдөр тус төрхийн /тухайн үед ээлжинд гарч байсан/ эмч нар Т.Байгальмаатай уулзаж, албан ёсоор уучлал гуйсны зэрэгцээ түүний эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэнэ.

 

II Амаржих газрын эмч нартай холбоотой гомдол үүгээр зогсохгүй нь бололтой. Энэхүү ярилцлагын дараа мөн л тус амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон нэгэн бүсгүй бидэнд хандсан юм. Ингээд  түүнд юу тохиолдсон талаар ярилцлаа.

 

-Өөрийгөө танилцуулаач?

-Намайг О.Дашмаа гэдэг. Би 2009 оны арванхоёрдугаар сарын 22-нд анхныхаа хүүхдийг төрүүлэх гээд тус амаржих газарт очсон юм. Тухайн өдөр гэртээ өвдөж эхлээд  Яаралтай түргэн тусламжийн 103-аар хүргэгдэж очсон. Тэгээд нилээн удаан өвдөж байгаад маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 23-ний үүрээр 06 цагийн үед төрөх орон дээр гарсан. Намайг төрүүлэх гэж эмч нар гэдсэн дээр маш хүчтэй дарж, нилээн ноцолдож байж төрүүлсэн. Гэтэл хүү маань төрөхдөө уйлаагүй. Эмч нар ч хүүг маань цааш нь авч яваад явсан. Сүүлд сонсоход бүтэлттэй төрсөн гээд аппратанд оруулсан юм билээ. Би төрөх орон дээр хоёр цаг гаруй хэвтээд тасаг руу шилжсэн. Энэ үед дөрвөн мөч хөдөлж чадахгүй, таталт өгөөд эхэлсэн.

 

-Төрсний дараа хүндрэл өгөө юу?

-Тийм, дотуур цус алдалт явагдсан юм билээ. Намайг таталт өгөөд эхлэхэд манай хадам эгч эмч нарыг дуудаж хэлсэн юм. Тэд эхэндээ нэг их тоохгүй байснаа шилжилгээ хийж, ЭХО-д харчихаад л сандралдаад эхэлсэн. Ингээд намайг яаралтай хагалгаанд оруулсан. Тухайн үедээ эмч нар яагааад хагалгаанд оруулах гэж байгаагаа хэлээгүй, миний бие их сул байсан болохоор би ч асууж чадаагүй. Маргааш нь буюу 2009 оны арванхоёрдугаар сарын 24-нд миний хүү өнгөрчихсөн.

 

-Яагаад тэр вэ. Бүтэлттэй төрснөөсөө болоо юу?

-Бүтэлттэй л холбоотой гэсэн. Эмч нар хүүг маань өнгөрсөн талаар надад хэлээгүй, манай хадам эгч л хэлсэн. Амийг нь аварч чадаагүй, гэхдээ залуу хүн юм чинь биеэ тэнхрүүлж байгаад дахиад хүүхэдтэй болчих гээд.  Би тухайн үед дүлж чадахгүй өөрөөсөө л болж хүүхдээ алдчихлаа гэж бодож байсан.

 

-Тээлт хэвийн байсан уу?

-Хэвийн байсан. Жирэмсэн байх хугацаанд ямар нэгэн зовиур байгаагүй. Мөн яг хугацаандаа л төрсөн. Эмч нар намайг өөрөөр нь төрүүлэх гэж гүрийлгэх хэрэггүй л байсан юм билээ. Тэгээгүй бол өдийд хүү минь эрүүл саруул элэг бүтэх байх байж дээ гэж бодох юм.

 

-Эмч нарыг юун дээр алдаа гаргасан гэж бодож байна вэ?

-Намайг дүлж чадахгүй байна л гээд байсан. Мөн гэрт байхад миний ус гарсан. Ер нь бол дүлж чадахгүй, ус нь гараад удсан тохиолдолд хагалгаа хийгээд төрүүлэх заалттай юм билээ. Гэтэл намайг тэгээгүй, гэдсэн дээр маш хүчтэй дараад л байсан, дараад л байсан. Яг л мал гаргах гэж байгаа аятай л. Гэтэл тэгэж төрж байхдаа л миний умай урагдаж, цус алдалт явагдсан юм билээ. Гэхдээ хагалгаагаар миний умайг  авсан гэдгийг би гурван жилийн дараа мэдсэн.

 

-Эмч нар чамд хагалгаа хийснийхээ дараа энэ тухай хэлээгүй хэрэг үү?

-Хэн ч юу ч хэлээгүй. Би одоо 26 настай. Төрснөөс дараа буюу 22 настайгаас хойш миний биений юм нэг ч удаа ирээгүй. Тэгээд хүүхэдтэй болох гэж хичээгээд ч болохгүй байсан. Гэтэл өнгөрсөн жил манай нөхөр гэнэт надаас салсан юм. Тэр үед л дахиж хүүхэд гаргах боломжгүй болсноо мэдсэн. Тухайн үед эмч нар миний умайг авсан талаараа манай хадмуудад л хэлсэн юм билээ. Нөхрөөсөө салах үед манай хадам эгч энэ бүхний талаар надад хэлсэн.

 

-Чи тэр эмч нарт гомдол гаргасан уу. Хэн гэдэг эмч чамайг эх барьж авсан юм бэ?

-Хоёр эмч байсан. Нэгийг нь Эрдэнэчимэг гэдэг, нөгөө эмчийнх нь нэрийг сайн мэдэхгүй юм.  Эмч нар хоёр гартай гэж үнэн юм билээ. Танил талгүй, над шиг ядарсан хүнийг хайхардаггүй. Хэн мөнгө өгч, танил талаараа яриулж байна тэд нарт л үйлчилдэг. Би энэ асуудлаар гомдол гаргана гэж бодож байгаа. Би одоо дөнгөж 26 настай, эмч нарын хариуцлагагүйгээс болж хүүгээ алдчихаад эцэст нь эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод явж байна. Нөхөр маань надаас салсан нь ч мөн үүнтэй л холбоотой.

 

-Энэ асуудлаас болоод нөхрөөсөө салаа юу?

-Тийм, энэ хорвоод хүн болж төрсөн юм чинь үр удмаа үлдээе гэж боддог байх л даа. Тэр ч утгаараа манай нөхөр надаас салсан байх. Өнгөрсөн жил гэнэт л нэг жирэмсэн бүсгүй дагуулаад ороод ирсэн. Ингээд л бүх юм ойлгомжтой болоод хоёр тийш болсон доо. Би өргөж авсан охинтойгоо хадмындаа амьдарч байгаа.

 

-Хүүхэд өргөж авсан юм уу?

-Тийм ээ, намайг төрж байхад надтай хамт нэг эгч төрсөн юм. Өөрөө олон хүүхэдтэй, амьдралын боломж тааруу хүн байсан. Тэгээд намайг хүүхдээ алдсан гэдгийг мэдээд охиноо өргөж авах уу гэдэг санал тавьсан юм. Тухайн үедээ би “үгүй” гэж байсан ч манай гэрийнхэн болон нөхөр маань “Цагаан сүүгээ гарсан дээрээ хүүхэд өргөж аваад өсгөчүүл яасан юм бэ” хэмээн ятгаж байгаад намайг зөвшөөрүүлсэн. Охин маань одоо дөрвөн настай. Манай хадмуудад их сайн, дасчихсан болохоороо тэднээсээ холдож чаддаггүй юм. Хадмууд маань ч бид хоёрт их сайн байдаг. Манай нөхрийг өөр эхнэртэй болж байгааг мэдээд тэд их эсэргүүцэж байсан. Гэвч манай  хүн бүр шийдчихсэн байсан болохоор бараг зугтаад л явсан. Одоо хүүхэд нь төрчихсөн, Дорнодод сайхан амьдарч байгаа гэсэн. Хааяа гэрийнхэн рүүгээ утсаар ярьдаг. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.