Чанаргүй зам барьдаг ч даам гарсан гэгддэг ”Бэрх Зараа” эцэст нь ”хар данс”-нд орлоо

2014/04/23
Share |
Хүмүүс:
Чанаргүй зам барьдаг ч даам гарсан гэгддэг ”Бэрх Зараа” эцэст нь ”хар данс”-нд орлоо

Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу хийсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг дарга Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчдоо үүрэг болгосон. Мөн хариуцлагагүй ажилласан автозам, барилга байгууламжын компани төдийгүй тухайн үед  барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгөөд байгаа.

Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг гаргажээ. Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр "Нэмүт", Мот металл", "Асати Монгол", "Номгон хайрхан", "Монгол асфальт", "Товуу засаг", Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг", "Бэрх зараа" гэсэн найман компанийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх  саналыг тус яамд хүргүүлэхээр болсон байна.

Эдгээр компани яагаад Сангийн яамны тендерийн хар жагсаалтанд орох болсон талаар цувралаар хүргэж байна. Энэ удаа “Чи Чи Ха Ар” хот төлөвлөлт инженеринг, “Бэрх зараа” ХХК-ны талаарх мэдээллийг хүргэлээ. Сонгинохайрхан дүүргийн Таван шараас 22-ын товчоо хүртэлх 10.6 км хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчлэхээр гурав орчим жилийн өмнө “Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг” ХХК гүйцэтгэлийн ажлыг хийж, түншлэлээр “Бэрх зараа” ХХК ажиллаж эхэлсэн билээ.

Тэд тус замыг 2012 оны долдугаар сард зургаан эгнээтэй, олон улсын стандартад нийцсэн зам болгон улсад хүлээлгэж өгөх ёстой байв. Мөн зам засварын ажилд улсаас 12 тэрбум төгрөг төсөвлөж, эргэн төлөгдөх гэрээний нөхцөлтэйгээр засаж эхэлсэн байдаг. Ажил удаашираад байгааг “Бэрх зараа” ХХК нь зөвхөн өөрсдийн буруу гэж үзэхгүй байгаа. Өнгөрсөн жил НЗДТГ-ын Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийнхэн тус компанийн удирдлагатай уулзсан.


“Бэрх зараа” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ хэлэхдээ “2012 оны долдугаар сард бид замын ажлын зураг төслөө хүлээн авсан. Нүүлгэн шилжүүлэлт гэх мэт асуудлаас болж хугацаа алдсан тал байгаа. Үүнд захиалагчдын тал, гүйцэтгэгчдийн тал аль аль нь буруутай. Энэ замын тендер шалгаруулалт 2006 онд болсон. Тэр үед нэг тонн асфальт 128 мянган төгрөг байсан. Одоо 185 мянган төгрөг болчихсон. Бас түлш 1100 байсан бол 1700 гараад явчихсан. Энэ мэт зөрүүтэй асуудал байгаа” гэж хэлсэн.

Ямартай ч муу нэртэй “Бэрх зараа” ингээд Сангийн яамны хар дансанд орлоо. Зарласан тендерийг замаас нь гувчуулан улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь халаасан “Бэрх зараа”-ын балгаар иргэд л хохирсон. 22-ын товчооны замыг чанаргүй гүйцэтгэсэн, өнгөн асфальтаа тавиагүй, төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй “Бэрх зараа” ХХК шүүхэд хүртэл дуудагдаж байсан бөгөөд эцэстээ хар дансанд орлоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.