Яндангаас гарах утаатай “дайтсан” түүх

2013/12/01
Share |
Хүмүүс:
Яндангаас гарах утаатай “дайтсан” түүх

Хүйтний улирал эхлэнгүүт утаа хийсэж биш хэлж ирэх болсон. Харин сүүлийн хэдэн жил бид утаагаа угтаж авахад бэлтгэж, жилээс жилд багасгах талаас нь идэвхтэй ажиллаж байна. Эхний жилүүдэд хэдэн саяар мөнгө төсөвлөж, утаа багасгахын тулд янз бүрийн арга туршиж үзсэн. Агаарын бохирдлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхээр 2010 оны хоёрдугаар сард гарын үсэг зурснаар энэ “дайн” эхэлсэн юм. Энэ үеэс зуухны яндангаар зөвхөн утаа гардаг хэмээн бодож явсан иргэдийн үгийн санд утаагүй зуух, шахмал түлш хэмээх шинэ үгс нэмэгдсэн. Юм түлж байгаа учир утаа гарч л таарна, утаагүй гэхлээр яадаг юм бол гэсэн эргэлзээ тухайн үед иргэдийн дунд байв. Харин утаагүй зуух гэгч нь түлээ нүүрсийг 30 хувь хэмнэж, хорт утааг 80-90 хувиар багасгадаг буюу бүрэн шаталттай зуух байсан билээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагааг бодитой хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөл санаачлан батлуулсан. Агаарын бохирдлыг бууруулах ажилд хяналт тавих Үндэсний хороо, Агаарын чанарын алба, “Цэвэр агаар” сан шинээр байгуулагдаж, хөрөнгө төсвөө нэмж, утааны эсрэг их хүчээр “дайтах” болсон. Дээрх байгууллагаас нийслэлийн гэр хороололд 189 мянган айл өрх амьдардаг гэх тооцоог гаргаж, эдгээр бүх айл бүрэн шаталттай зуухтай болбол агаарын бохирдол 40 хувиар багасна хэмээсэн тооцоог 2011 онд гаргажээ.

Өнгөрсөн хоёр жилд “Цэвэр агаар” сан 67 тэрбум төгрөг төсвөөс авч, үүний 50 хувийг нь бүрэн шаталтат зуух тараахад зарцуулсан байна. Мөн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг төвийн халаалт, усны шугамд холбох ажилд тодорхой хувийг зарцуулжээ. Жишээлбэл, өнгөрсөн онд төсөвлөгдсөн 30 тэрбум төгрөгийн 1.5 тэрбумыг энэ ажилд зориулсан байх юм.

Харин иргэд бүрэн шаталттай зуухыг 93 хувийн татаастай үнээр хэрэглэх болсноос хойш түлшинд хэмнэлттэй, сайн халдаг нэрээр тус зуухны нэр хүнд тухайн үед суга өсчээ. Ямар ч байсан утааны эсрэг “дайн” зарлаж, эхнээсээ үр дүн нь гарч эхэлсэн юм. Бид утааг бэлтгэлтэй угтсаар даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Тэр хэрээрээ агаар дахь утааны хорт бодис багасаж, агаарын бохирдол 5-30 хувь буурсан гэх үзүүлэлтийг нийслэлийн Агаарын чанарын албанаас гаргасан байдаг. Өнгөрсөн хоёр жил “Цэвэр агаар” сангаас зөвхөн бүрэн шаталттай зуухыг нийслэлийн 100 орчим мянган айлд тараажээ. Сайны хажуугаар саар гэгчээр иргэдэд очих зуухнаас Засаг дарга нар хумсалж, төсөвлөсөн мөнгөнөөс нь зарим нэг дарга хэдэн төгрөг “хусаж” хэрэгт холбогдоод байгаа. Агаарын бохирдолтой улс орон даяараа “дайтах”-аар БОАЖЯ-наас 2012 оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарлаж байв. Энэ хүрээнд нийт 30 гаруй тэрбум төгрөгийг 23 мянган зуух, түлш, халаагуур зэрэгт зарцуулсан байна. Үүнээс Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гэр хорооллын 200 айл өрхөд туршилтаар халаагуур, плитканы иж бүрдэл өгч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нийл үүлэх ажлын хүрээнд нийт 18 мянга гаруй айл өрхөд гэрийн дулаалга олгожээ. Түүнчлэн 2011 оноос түүхий нүүрсийг хязгаарлах, боловсруулсан түлш түлэх, бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүсийг тогтоож, жил бүр шинэчлэн тогтоох болсон. Уг ажлын үр дүнд өнгөрсөн онд “Гандантэгчэнлин” хийд орчмын агаарын бохирдол 3.7 хувь, 39 дүгээр сургууль орчимд 15 хувиар багассан хэмээн нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээлж байсан.

Энэхүү мэдээлэл зөвхөн цаасан дээрх тоо байсан болохоос биш нүүгэлтсэн их утаан дундаа бид амьдарсан хэвээр байв. Гэвч энэ жил хязгаарлалтын бүсийн айл өрхийн 50 хувийг түлшээр хангах ДЦС-II ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй. Түүнчлэн одоо ажиллаж буй шахмал түлшний жижиг үйлдвэрүүд ч түлш нийлүүлж чадахгүй гэдгээ хэлсэн байх юм. Энэ жил 35 мянган тонн боловсруулсан түлш хэрэглэхээс одоогийн байдлаар үртсэн шахмал түлш 3300 тонныг нийлүүлчихээд байгаа аж. Хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрс өн оны есдүгээр сарын 30-нд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулна хэмээж байсан. Тухайн үед боловсруулсан түлш хэрэглээгүй айл өрхийг нүүлгэж, торгоно хэмээн айлгаад байсан албан тушаалтнууд чинь урдах ажлаа хийгээгүй байж том том дуугарсан байж. Хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавьснаас хойш хоёр жил гаруй боллоо. Уул нь тус үйлдвэр ашиглалтад орсон бол нийслэл хотын агаарын хорт агууламж, тодорхой хувиар буурах байсан нь дамжиггүй юм.

АНУ-ын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжээд дуусав. Гэсэн ч иргэдийн хувьд утаагүй зуух гээч юмаа зөв ашиглаж сураагүй байна. Жишээлбэл, энэ аравдугаар сард “Дөл” зуухыг 2000 гаруй иргэд захиалж, бусад зуухнаас мянга ч хүрэхгүй захиалсан байна. Тэгвэл өнөө жил “Цэвэр агаар” сан болон Дэлхийн банкны “УлаанбаатарЦэвэр агаар” төслөөс дээрх ажлыг орхилгүйгээр ажиллахаар болсон нь сайшаалтай. Энэ жил дээрх хоёр байгууллага 15 сая ам.долларын хөнг өлөлттэй зээлээр гэр хорооллын 45 мянган айл өрхөд дээрх зуухыг тараахаар болоод байгаа. Ингэснээр гэр хороололд амьдарч буй нийт иргэдийн 90 гаруй хувь нь бүрэн шаталттай зуухтай болж байгаа юм. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн яндангаас гарах утаатай “дайтсан” тэмцлийн үр дүн ирэх жилээс бидэнд сайнаар мэдрэгдэх болов уу хэмээн найдах үлдлээ. Утаатай тэмцэх “дайн” эхлүүлсэн юм чинь ялалт байгуулах хэрэгтэй. Харин ирэх жилээс Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хязгаарлаж, айл өрхүүд зөвхөн боловсруулсан түлш хэрэглэх гэнэ. Нийт 600-700 мянган тонн боловсруулсан түлш хэрэгтэй гэсэн тооцоог “Цэвэр агаар” сангаас гаргажээ. Түүнчлэн дан ганц нийслэл хот утаатайгаа “дайтаж” байсан бол бусад аймаг орон нутаг мөн утааны эсрэг “дайн” зарлаж эхэлсэн байна. Тиймээс ч энэ жил найман аймагт 700 сая төгрөгийг утааны эсрэг тэмцэхэд зарцуулахаар болжээ.


Т.Сайнбуян

Өнөөдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.