Г.Баярсайхан: Нүүрсний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол 20 хувиар буурсан

2013/11/24
Share |
Хүмүүс:
Г.Баярсайхан: Нүүрсний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол 20 хувиар буурсан

Агаарын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн дагуу батлагдсан бодлого, хөтөлбөр болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Монгол Улсын Тусгай сан “Цэвэр агаарын сан” байгуулагдсан билээ. Тэгвэл энэ сан өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж  байгаа төсөл, хөтөлбөрийн талаар  Цэвэр агаар сангийн мэргэжилтэн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Цэвэр агаар санд төсөв¬лөгдсөн төсвийг  ямар  ажлуу¬дад зарцуулж байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өмнө нь 2011 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах талаар  Монгол Улсын Засгийн газар, БОНХЯ  зэрэг  холбогдох байгууллагууд агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ огт авч байгаагүй. Өөрөөр хэлбэл,  үүнд ямар ч хөрөнгө, мөнгө төсөвлөж байгаагүй гэсэн үг. Харин 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Засгийн газрын тусгай сан буюу Цэвэр агаар сан байгуулагдаж Монгол Улсын түүхэнд анх удаа агаарын бохирдолын эсрэг 31 тэр¬бум төгрөгийг төсөвлөсөн. Энэ мөнгийг бид 22 төрлийн томоохон төсөл арга хэмжээнд зарцуулсан. Чиглэлээр нь салгаж үзвэл ус, агаар, хөрс гэсэн гурван чиглэлд  31 тэрбум төгрөгийг зарцуулсан. Усны тухайд  Сэлбэ  болон Туул голын  эхийг байгалийн аясаар сэргээх ажлыг эхлүүлсэн. Учир нь 2011 онд Туул, Сэлбэ гол хаврын улиралд тасарчихдаг болчихсон байсан шүү дээ. Энэ  асуудлыг тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөж,  нийслэл маань голгүй боллоо, ширгэлээ гэж ярьж байлаа. Тиймээс энэ төслийг  хэрэгжүүлснээр дээрх голууд жил бүрийн хаврын улиралд тасалддаг байсан үе ард хоцорсон. Ер нь Улаанбаатарт  хаврын улиралд тоос шороо их байдгаас болж тоосонцор маш их нэмэгддэг байсан нь харьцангуй багассан. Харин хөрсний хувьд нийслэлийн гэр хорооллуудын бүх нүхэн бие засах газруудыг био бэлдмэлээр ариутгасан. Энэ ажил нь давхар, давхар ач хол¬богдолтой байдаг. Тодруулбал, хөрсний бохирдол үгүй болох, гүний усны бохирдол багасах гэх зэрэг ариун цэврийн асуудлууд сайжирсан. Ер нь гэр хороололд үнсний хог хаягдал ялангуяа галлагааны улиралд маш их байдаг. Үүнээс болж олон сөрөг үр дагавар бий болдог. Тиймээс бид  асуудлыг цэгцлэх үүднээс төвийн зургаан дүүрэгт үнс тээвэрлэх тусгай зориулалтын машин тус бүр  хоёрыг олгох ажлыг санхүүжүүлсэн. Энэ мэт олон ажил хийж хэрэгжүүлсэн.

-Агаарын бохирдлыг буу¬руу¬лахад өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв?

-Агаарын бохирдлыг бууруулах үүднээс олон ажил зохион бай¬гуулсан. Ер нь агаарын бохирдлын ихэнх хувийг гэр хорооллоос үүдэлтэй гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, нийт агаарын  бохирдлын 60 гаруй хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэдгийг албан ёсоор тогтоосон. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдийн ердийн галлагаатай зуухыг солих шаардлагатай гэдгийг манай эрдэмтэн, судлаачид болон олон улсын байгууллагууд судалж баталсан. Тиймээс гэр хорооллын 185 мянган айл өрхийн ердийн зуухыг эрчим хүчний хэмнэлттэй буюу бүрэн шаталтат зуухаар солих ажлыг эхлүүлсэн.

-Ердийн шаталттай хэчнээн зуухыг бүрэн шаталтат зуухаар сольсон бэ?

-2011-2013 он хүртэлх хуга¬цаанд гэр хорооллын нийт айл өр¬хөд Цэвэр агаар сангийн хөн¬гө¬лөлт¬тэй үнээр сайжруулсан, бүрэн шаталтат  122329  зуухыг нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын 68.6 хувийн айл өрхийг ердийн зуухыг бүрэн шаталтат зуухаар сольсон гэсэн үг. Үүнийг  хийж хэрэгжүүлэхэд ойролцоогоор 17 тэрбум төг¬рөгийг зарцуулсан. Энэ жилийн хувьд гэр хорооллоос үүдэлтэй агаарын  бохирдлыг багасгах ажлыг үргэлжлүүлнэ. Ингэхдээ Дэлхийн банкнаас Улаанбаатар цэвэр агаар сантай хамтраад гэр хорооллын нийт 45 мянган айл өрхийн  ердийн галлагаатай зуухыг бүрэн шаталтат  зуухаар солихоор төлөвлөөд байна.

-Иргэдийн зүгээс  нүдэнд харагдаж байгаа утааг хэмжих ажилд мөнгө зарцууллаа гэдэг шүүмжлэл их гардаг. Энэ  ажлын үр дүнг тодруулаач?

-Эмч өвчтөнөө эмчлэхийн тулд эхлээд  оношоо тавьдаг. Үүний нэгэн адил бид агаарын бохирдлыг бууруулахын тулд нэн түрүүнд юунаас болж агаар бохирдож байна,  хаана хамгийн их  бохирдол байгаа зэргийг оношлох шаардлага бий болсон. Манай багажнууд 1990-ээд оны үед үйлдвэрлэгдсэн байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, утааг хэмжих оношлох тал дээр бид гар мухар байсан гэсэн үг. Ер нь нүдэнд харагдаж байгаа утаа чинь дотроо хэд хэдэн төрөл байна. Тодруулбал, том ширхэгт тоосонцор, жижиг нарийн ширхэгт тоосонцор, авто машинаас үүдэлтэй угаарын хорт хий гэх мэтчилэн.  Түүнчлэн нүүрснээс гаралтай утааны бохирдол гэж байгаа энэ мэт хэд хэдэн төрөл байдаг. Тиймээс ямар утаа нь хүнийг хамгийн их хордуулаад байгааг шинжилж дүгнэх шаардлагатай байсан учир  утаа хэмжих багаж хэрэгсэл худалдаж авах хэрэгтэй болсон. Эмч өвчтөнөө оношилж байж ямар эм өгөх, ямар багаж хэрэгсэл хэрэгтэй гэдгээ  мэддэгтэй адил бидний ажил ч эхлээд оношилж  байж ямар техник технологи хэрэгтэй, юу хийх зэргээ  шийдвэрлэнэ шүү дээ. Түүнээс зүгээр л утаатай байна гээд  гар мухар шууд хийгээд эхэлчихэж болохгүй. Тиймээс ч утааг хэмжих, оношлох багаж хэрэгсэл авах ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан.

-Өнгөрсөн хугацаанд агаа¬рын бохирдлыг бууруулах аж¬лын үр дүн хэр гарсан бэ.  Өмнөх үетэй нь харьцуулан агаа¬рын  бохирдлыг хэмжиж үзсэн байх?

-Агаарын чанарын мэргэж¬лийн албаны мэдээлснээр агаа¬рын чанарыг хянах суу¬рин харуулуудын хяналт шин¬жилгээний дүнгээр өнгөрсөн өвлийн галлагааны үе буюу 2012 оны аравдугаар сараас 2013 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд түүхий нүүрсний шаталтаас ялгардаг хүхэрлэг хийн дундаж агууламж өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар буурсан. Түүнчлэн том ширхэглэгт тоосонцор нь дундаж агууламж 29.5 хувиар багассан байгаа. Тиймээс бидний хийж буй ажил үр дүнгээ өгч байгаа гэсэн үг. Харин харамсалтай нь авто машинаас үүдэлтэй агаарын бохирдол огт буураагүй. Үүнээс үзэхэд агаарын бохирдлын хэмжилт хийх нь хийсэн ажлын үр дүнгээ ч хянаж үзэх сайн талтай байгаа юм.

-Авто машинаас үүдэлтэй агаарын бохирдол яагаад огт буурахгүй байна вэ?

-Ер нь цаашдаа энэ чиглэлд илүү санхүүжилттэй, судалгаатай ажиллах шаардлагатай байгаа. Авто машинаас үүдэлтэй агаарын бохирдол жилийн дөрвөн улиралд тогтмол байдаг. Уг нь авто машины хорт утааг багасгах  үүднээс нийтийн тээврийн том оврын 400 автобусыг хий, газ хосолмол хөдөлгүүрт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэвч маш удаашралтай хийгдэж байна. Одоогийн байдлаар дөнгөж 250 автобусанд суулгасан.

-Ажлууд яагаад ийм удааш¬ралтай байна. Танайхаас шалт¬гаалаад байна уу,  эсвэл өөр хүчин зүйл нөлөөлж байна уу?

-Ажил удаашрах гол шалтгаан нь Зам тээврийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хол¬боо¬той. Учир нь тэд  маш хойрго ажил¬лаж байна. Үндсэндээ улсын төсвөөр, дунд хугацааны зорил¬тот хөтөлбөрт тусгагдаад хуульч¬лагдчихсан хоёр жил дамжин хийгдэж байгаа ажил байтал одоо болтол удаашралтай байгаад л байна. Тиймээс бид хол¬богдох байгууллагуудаас ха¬риуцлага  нэхэх нь зүйн ёсны хэрэг.

-Гэхдээ та бүхний хийж, хэрэгжүүлсэн ажил  эхнээсээ үр дүнгээ өгч байгаа юм байна. Цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?

-Энэ жилийн галлагааны  улиралд Дэлхийн банк болон Цэвэр агаар сангийн 91 хувийн татаастай үнээр гэр хорооллын айлуудын ердийн галлагаатай  үлдсэн 45 мянган зуухыг бүрэн шаталтат зуухаар солино. Ер нь цаашид бидний хийх томоохон ажил бол түлшний асуудал байна. Нийслэлийн гэр хороолол нэг жилийн галлагааны улиралд 700-800 мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тооцоо байгаа. Тиймээс Улаанбаатар хотыг бүхэлд нь хязгаарлалтын бүс болгоод бүх түүхий нүүрсийг боловсруулсан нүүрсээр сольж чадвал гэр хорооллоос үүдэлтэй агаарын  бохирдол үгүй болно. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар 3300 тонн үртсэн шатмал түлшний гэрээтэй ажиллаж байна.

-Эрэлт  байхад яагаад боловс¬руулсан түлшний хангалт ийм муу байдаг юм бэ?

-Боловсруулсан түлшний хан¬галт одоогоор зөвхөн нэг ху¬вийг нийлүүлж байгаа. Учир нь манай аж ахуйн нэгжүүд энэ  ажлыг хийж хүчрэхгүй бай¬на. Боловсруулсан нүүрсний үйлд¬вэр¬лэл нь өөрөө нэлээн нарийн технологи шаардсан ажил байдаг юм билээ. 2010 онд Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас тендер зарлаад “Аморе” ХХК дулааны цахилгаан станц хоёрыг түшиглэн боловсруулсан түлшний үйлдвэр нээхээр болсон. Тус үйлдвэр нь жилд 210 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэр барина гэж байсан. Гэвч уг ажил ямар ч биелэлтгүй л байна. Өөрөөр хэлбэл, гурван жил биднийх хуурч байна. Болж өгөхгүй л байгаа юм байлгүй. Үйлдвэрлэлийн, техник технологийн нарийн зүйлийг бид сайн мэдэхгүй байгаа. Ер нь боловсруулсан түлшний асуудалд шат шатандаа анхаарах хэрэгтэй.

-Ердийн галлагаатай 185 мян¬¬ган зуухыг бүрэн шаталтат зуу¬¬хаар солиод дуусч байгаа юм байна. Гэтэл зарим айлууд зуу¬¬хаа дамлах тохиолдол гарч бай¬гаа. Тэдгээр айл өрхөд  ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Цэвэр агаарын сан иргэдэд арга хэмжээ авдаг байгууллага биш. Арга хэмжээ авах асуудал нийслэл  буюу хэрэгжүүлэгч байгууллагуудад хамаатай. Гэхдээ бид зүгээр хараад суухгүй. Өөрөөр хэлбэл, арга хэмжээ авах  ажлыг санхүүжүүлэх, дэмжих ажлыг хийнэ. Удахгүй хариуцлагын тогтолцоог бий болгох журам боловсруулагдана. Нийслэлээс журмыг нь боловсруулж байгаа. Энэ  журмыг тогтоол хэлбэрээр  Агаарын  бохирдлыг бууруулах үндэсний хороо батлаад өгнө. Тиймээс журам батлагдсан тохиолдолд дамлан худалдаалж байгаа иргэдээс бүрэн шаталтат зуухны үндсэн үнийг төлүүлэх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, 90-93 хувийн хөнгөлөлттэй үнээр бүрэн шаталтат зуух иргэдэд хүрч байна. Тиймээс 420 мянган төгрөгийн  үнэтэй зуухыг иргэн 30 гаруй мянган төгрөг төлөөд авч байгаа. Зөрүү мөнгийг иргэдээр  төлүүлнэ гэсэн үг. Ер нь Засгийн газар маш өндөр үнээр агаарын бохирдлыг худалдаж авч байгаа. Тиймээс энэ үнэ цэнийг ухамсарлахгүй байгаа иргэдэд харуцлагыг нь ногдуулна. Иргэд зөвхөн өөрийн ашиг сонирхлыг бодож бусдынхаа эрүүл мэндийг хохироож болохгүй. Тиймээс ирэх оноос өмнө зуухаа дамлан зарж байгаа иргэдэд авах хариуцлагын тогтолцоо бий болно.

Эх сурвалж: Ж.Отгонмягмар “Монголын мэдээ”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin Липецк купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:5.189.206.187  2018-10-07 12:35:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.