Аюулгүй байдал нэхсэн шар тууз

2014/05/21
Share |
Хүмүүс:
Аюулгүй байдал нэхсэн шар тууз


Зүтгэлээр агуу ихийг бүтээдэг ч, ганцхан буруу үйлдлээр асар ихийг алдаж болдог


Инчоны нисэх буудалд буусан Монголын сэтгүүлчдийн, ер нь гаднаас ирсэн хэний ч нүдэнд хамгийн түрүүнд өртсөн зүйл нь шар тууз. Сөүлийн төв талбай, гудамж, гүүр албан байгууллагуудын ойр орчим гээд энд, тэндгүй эмгэнэлийн үгтэй шар тууз хийснэ. Усан онгоцны ослоор харамсалтайгаар амиа насаа алдсан хүмүүсийг эргэж төрөхийг нь бэлгэдэж ийн шар тууз хийсгэжээ. “Бидэндээ эргэж төрөөрэй”, “Бид та бүхнийг хэзээ ч мартахгүй, биднийг битгий уучлаарай”, “Бидний багахан зүтгэл агуу их зүйлийг бүтээдэг бол ганцхан буруу үйлдлэлээр асар ихийг алдлаа”, “Томчуудын буруу үйлдлээс болж амь насаа алдлаа, уучлаарай” гэсэн үгсийг туузан дээр бичжээ. Сөүл хотод болж буй бүхий л арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс “Бид мартахгүй” гэсэн бичээс бүхий шар туузыг энгэртээ хатгасан байв. Байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйл бус, хүний буруутай үйл ажиллагааны өмнө хүчин мөхөстөж хэдэн зуун залуу иргэнээ алдсандаа Өмнөд Солонгос улс, Сөүл хотынхон ингэж эмгэнэн гашуудаж байна. Хэчнээн уучлал эрж, хэдэнтээ мөргөөд ч хүний биеийг олж төрөөд үхэл гэж ч юу байдгийг мэдэхгүй насан дээрээ хорвоогоос буцсан хүүхдүүдийн зургийг харсан хэний ч сэтгэл шимширнэ. Аав, ээж, ахтайгаа хамт яваад онгоцны ослоос цор ганцаараа үлдсэн наймхан настай бяцхан хүүгийн тухай сонссон хэний ч зүрх зүсэгдэнэ.


Дахиад алдахгүй, ард иргэдээрээ дахин гашуудахгүйн тулд Sewol усан онгоцонд амиа алдсан ахлах сургуулийн хүүхдүүдийн ар гэрийнхэн одоо ч Засгийн газрын үүдэнд суулт хийж буй. Зовлонгийн өмнө хүн бүхэн адилхан ч, өмнөд солонгосууд арай уужуу бололтой. Тэд огцор, шоронд хурдан ор гэж хэн нэгнийг шууд яллахгүй юм. Ганцхан зүйл хүсч байлаа. Тэр нь аюулгүй байдал. Иргэд нь Засгийн газраасаа аюулгүй амьдрах орчин шаардаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь онгоцны осол аюулгүй байдал хангаагүйгээс болсон гэдгийг онцолж байв.


Одоогийн Ерөнхийлөгчийн аавыг засаглаж байх үеэс хөгжлийн сууриа баттай тавьсан Өмнөд Солонгос улс өнөөдөр хөгжлийн хурдан галт тэргэнд баттай суужээ. Солонгосын сүүлийн жилүүдийн эрчимтэй хөгжлийг хөгжлийн “хордлого”-той Японтой зүйрлэх болсон билээ. Гэвч тэд иргэдийнхээ амар амьдрах орчин, аюулгүй байдлыг улсынхаа хөгжилтэй дүйцүүлж, зэрэгцүүлж чадаагүй явсныг Sewol усан онгоцны осол солонгосуудад мэдрүүлжээ. Тэгэхдээ тэднийг хэтэрхий өндөр үнэ төлсөнд дэлхий нийтээрээ харамсч байна. Тэдний нэг хэсэг болж, тийм нэгэн харамсал тээсэн Монголын сэтгүүлчдийн төлөөллийн аялал Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн зохицуулах хороо, зарим томоохон телевиз сонины үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжиллээ. Мөн алдарт 38 дугаар өргөрөг, Өмнөд, Хойд Солонгосын дундын бүсээр ч аялав.

Үргэлжлэл бий.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.