Монголын төр Хөшөөтийг тавиад туучихав уу...

2014/06/09
Share |
Хүмүүс:
Монголын төр Хөшөөтийг тавиад туучихав уу...

Улсын төсвийн хөрөнгөөр эхний эрэл, хайгуул нь хийгдсэн Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэх мэдээллийг манай хэдэн улстөрчид өгөөд байсан. Тэгвэл тус  ордыг дураараа эзэмшиж, дургиж ирсэн гэгддэг  “Мон Эн Ко” ХХК-ийн буюу Хятадуудын зүгээс хийсэн мэдэгдлээс үзэхэд УИХ-д өргөн мэдүүлсэн стратегийн ордод шинээр нэмэх ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хасах шийдвэрийг манай нөхдүүд гаргасан янзтай байна. Уг нь Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гээч юмыг батлаад л, Хөшөөт, Бөөрөлжүүт гэхчлэн хэд хэдэн орд газрыг стратегийн гэх ангилалд хамааруулан хамгаалалтад авах нь гэгдэж ойлгогдож байсан. Гэтэл Хөшөөтийг лав хятадуудын мэдэлд үлдээхээр хэдэн улстөрчид шийдвэрлэж байгаа аж.

 

Түүнчлэн Хөшөөтийн орд хятадуудын гарт орсон үүх түүхийг эргэн харахад ч ихээхэн асуудал байдаг. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд  нь Хөшөөтийн уурхайгаар гараа угаасан нэгэн гэдгээрээ яригдаж ирсэн. 2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн  аралд  Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээж байсан тэрээр хятад болон Хонконг дамжин цагаан захтны хэрэг зохион байгуулж авилгын сүлжээ үүсгэн улсын онц их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг бүлгийн толгойлогч гэдгээрээ алдартай Лю Ай Данг гэгчтэй хүртэл холбоотой байдаг.  Лю Ай Данг нь АНУ, Хонконг дамжин олдохгүй нэг хэсэгтээ эрэн сурвалжлагдаж байгаад 2006 онд Монголын баруун хязгаар дахь Ховдын хөшөөтийн ордын үндсэн хувьцаа эзэмшигч болон тодорсон байдаг юм.

 

Тэрээр Хөшөөтийг нутаг нэгтэн гурван нөхрийн хамтаар хуваан эзэмшсэн байдаг. Тодруулбал,

-Лю Чэнг Лин /Лю Ай Данг/- нийт хувьцаа: 1,625 тэрбум буюу 25% .Үнэ:16,1 тэрбум юань

-Лү Лиан Чэнг/Ло Ли Шинг Саймон Ло/- нийт хувьцаа:1,169 тэрбум буюу 18%.Үнэ:11,6 тэрбум юань

-Жэнг Жиа Чунь-нийт хувьцаа:3,63 зуун сая буюу 5,6%.Үнэ:3,6 тэрбум юань

-Жэнг Үй Тунг-нийт хувьцаа:2,2 зуун сая буюу 3,4%.Үнэ:2,2 тэрбум юань гэх мэдээлэл 2008 он байдлаар байдаг. Энд нэг зүйлийг тодотгоход Хөшөөтийн эзэн хятадууд нэрээ дураа хүрсэн үедээ өөрчилдөг байж. Тэрчлэн У.Барсболд нь 2006 онд Ли Сиао Мин, Ван Лу Тан нарын хамтаар Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг Виржиний аралд бүртгүүлсэн байгаа нь, Хөшөөтийн хятад эзэдтэйгээ хамтран хийсэн ажил байхыг үгүйсгэх аргагүй гэх ойлголтыг шууд төрүүлдэг юм.

 

Стратегийн ордод хамааруулахгүй гэгдээд байгаа Хөшөөтийн орд анх Дарви сумын харъяат  Б.Батням гэх хүний нэр дээр байсан байдаг. Тэрээр өөрийн “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд эзэмшиж байж. Харин  У.Барсболд Б.Батнямыг залилан тэдгээр 28 ширхэг лицензийгЛю Чэнг Лин/Лю Ай Данг/ болон Саймон Ло нарт зарсан байдаг. Тэгж л нөгөөх алдарт ” Mongolian energy corporation” буюу “МоЭнКо”ХХК байгуулагджээ. Уг нь эл асуудлаар У.Барсболдод холбогдох №21147404 тоот хавтаст эрүүгийн хэргийг 2012 оны 12 сарын 27-нд үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг ч, У.Барсболд ямар арга чаргаа хэрэглээд байдаг юм бэ гэмээр дур зоргоороо улстөр хийгээд л явж байна. Ямартай ч У.Барсболд нарын нөхдүүдийн оролцоотойгоор хятадуудын мэдэлд очсон Хөшөөтийн ордыг төр ийнхүү албан ёсоор анхаарлынхаа гадаа үлдээхээр шийдэж байх шиг байна. Уг нь Хөшөөтийг стратегийн ордын жагсаалтдаа албан ёсоор багтаачихвал  “Мон Эн Ко” ХХК-ийн буюу Хятадуудын хувь эзэмшлийн  асуудал хэд байх вэ гэдгийг манай нөхдүүд эзэн шиг шийдэх учиртай байлаа. Гэтэл юун тийм юм болохтой манатай. Бүгдийг нь тавиад туучихаж байгаа янзтай байна.

 

Б.Итгэлт  

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.