Хүмүүс: |
Уржигдраас хойш “Хатан туул” цэвэр усны үйлдвэрийн бохирыг харуулсан зураг интернэт орчинд тарсан. Мөн үүнтэй холбоотой санал гомдол, мэдээлэл манай сайтад олноороо ирсэн юм. Иргэд гомдолдоо ихэвчлэн уг үйлдвэрийг “чанарын шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цэнхэр савтай уснууд нь хлорын амттай, хатуулаг ихтэй байдаг” гэж байлаа.
Үүнтэй холбогдуулан бид тус үйлдвэр дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Уг үйлдвэрийнрхэн интернэтэд тарсан бохир өрөөнд савлаад овоолсон усны талаар ийм тайлбар өгч байна. “Манайх өргөтгөл хийгээд агуулах гаргасан. Үйлдвэр биш хажуу талын агуулахад баллонтой усаа түр хураасан байсан юм. Тэр зургийг манайд ажиллаж байгаад зөрчил гаргаж ажлаасаа гарсан залуу аваад интернэтэд тавьчихсан байна. Түүнээс биш манай үйлдвэр бохир биш. Стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг” гэлээ.
Цэвэр усны үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд олширсон. Харин “Хатан туул” цэвэр усны үйлдвэр нь уг салбартаа анхдагч аж. Мөн үйлдвэр нь Таван шараас 22-ын товчоо явах замд байдаг бөгөөд доторх гүний худгаасаа усаа гаргаад шүүгээд савладаг юм байна. Хүнсний үйлдвэрүүдийн стандарт маш нарийн дэг журам, эрүүл аюулгүй цэвэр орчин бүрдүүлж ажиллах ёстой байдаг. Үйлдвэр үйлдвэрийн дотоод зохион байгуулалт өөр өөр байдаг. Үүнийг холбогдох байгууллагууд л тогтоох байх. Хэн нь шаардлага хангаад хэн нь хангахгүй байгааг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох байх. Хатан туулынх ийм байна. Бохирын шугам явсан хотын захын хорооллын дунд ийнхүү худаг ухаад усаа авдаг юм байна. Тэд өөрсдөө 180 метрийн гүнээс усаа татдаг гэж байгаа боловч хэдэн метрийн гүнээс авч байгааг нь таашгүй юм.