”Ачлал трейд”-ийн эзэн М.Билэгт хотын эрх мэдэлтнүүдийн суудлыг ганхуулж, АТГ-ыг завгүй болгох бололтой

2014/06/25
Share |
Хүмүүс:
”Ачлал трейд”-ийн эзэн М.Билэгт хотын эрх мэдэлтнүүдийн суудлыг ганхуулж, АТГ-ыг завгүй болгох бололтой

Энэ бол "Ачлал трейд" ХХК нь маш олон хууль, дүрэм журмыг зөрчин, барилга барьж буй дүр зураг.



Барилгынхан дундаа балаг ихтэйгээрээ алдартай Билэгт захирлын балиар луйвар энд эхэлсэн нь олон нийтийг хохироож эхэллээ.



Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах  "Шинэ зуун" хотхоны 24 дүгээр байрны сууринд тулган тус компанийн ажилчид ёстой л хэдхэн шөнийн дотор техникээр түрүү барин дайрч ороод 85x25 метр хэмжээтэй байшингийн суурь ухаж эхэлжээ.



Үүний улмаас тухайн байрны оршин суугчид машин техникийн доргион чичиргээн дунд тайван амьдрах боломжгүй болсоны зэрэгцээ хэрвээ тухайн төлөвлөсөн 4-4,5 метр өндөр таазтай 17 давхар нийт 76 метр гаран өндөр барилга босвол ард нь 10 хүрэхгүй метрт байрлалтай 24 метр өндөр уг орон сууцны оршин суугчид хэзээ ч нар үзэхээргүй болж байгаа нь олон нийтийг бухимдах, цаашилбал бослого гаргахад хүргээд байна.


Энэ бол зөвхөн "Ачлал трейд"-ийн иргэдэд учруулж буй хохирлын хамгийн захын жишээ.



Үүнээс гадна байшин барихаар ухаж буй газарт нь 18-р хороог бүхэлд нь цахилгаанаар хангадаг дэд өртөө байрладаг. Гэтэл барилгын төлөвлөлтийн зурганд уг дэд өртөөг харуулаагүйн дээр, хаалга нь ч онгойх зайгүй төлөвлөлтийг нь манай хотын Ерөнхий архитектор хүн батлаад гарын үсэг зурсан байх юм.


Харин үүнийг нь тэр хавийн байрнуудад оршин суух иргэд бүгд эсэргүүцэж, барилга барьж буй газар очиход хэдэн том биетэй бөхчүүдийг "зуудаг нохой" аятай тэдний өөдөөс "тавьж" тохуурхаж дээрэлхэж байна.


Эдгээр үнэнч хамгаалагчид нь тухайн үед хэл ам хийсэн, өөрийн амьдрах орчин нөхцлөө, өмч хөрөнгөө хамгаалсных нь төлөө эмэгтэйчүүдийг зодож, цагдаа сэргийлэхдээ тулсан байх юм.

 


Өмнөх барилга нь захиалагчид таалагдаагүй тул хажууд нь дахиад шинээр барьж байна  

Энэхүү хууль дүрэм зөрчсөн барилгаа барих болсноо ийм шалтгаанаар тайлбарлах гэж оролдож байгаа нь бүүр эмгэнэлтэй. Ийм шалтгаанаар гурвын гурван байшин нэмж барих гэж байгаа нь бүүр харамсалтай.

Биднийг өчигдөр иргэдээс ирсэн гомдлын дагуу сурвалжлахаар баригдаж буй барилга дээр 15 цагийн орчимд очиход хэдийнээ эхний барилгынхаа суурийг ухчихсан, бөөн бетон зуурмагийн машиныг авчиран, сууриа зутгаж байлаа.


Харин хоёр дахь барилгынхаа суурийг ухчихсан байсан нь энэ.

Арагшаа орон сууцны барилгын сууринд тулсан, урагшаа төв зам хүрсэн уг барилга баригдлаа гэхэд автомашин зогсох газар бүү хэл, явган хүн ч хажуугаар нь өнгөрөх зайгүй шахам  төлөвлөгдсөн нь сонин. Батлагдсан нь бүүр сонин.


Эрхэм дарга нарын ажлаа мэддэггүй, хянадаггүй хэн нэгний шахалтаар, гуйлгаар ашиг хонжоо харан ажлаа хийдгийн тод илрэл гэж л харагдахаар энэ барилгын төлөвлөлтийн эргэж харах цаг болжээ.



Уг барилга дээр ажиллаж байгаа хүмүүс нь хятадууд бөгөөд, тэд ард талын байрны оршин суугчдын цонх руу харан ил задгай бие засч, угаадас хоолныхоо шавхрууг асган, тэнд амьдарч буй иргэдийг айлгаж ичээн, өмхий үнэр, ялаа батганаар хачир нэмсэн талаар  оршин суугчид ч ярьж байсан юм.


Ингээд бид тухайн барилгын инженертэй уулзах гэсэн боловч "Бид шөнөжин ажиллаж, нойргүй хонолоо. Энд эмнэлгийн барилга барих гэж байгаа" гэхээс өөрөөр дорвитой хариулт өгөхийг хүсээгүй юм.


Харин оршин суугчдын ярьж буйгаар өнгөрсөн жил 24 дүгээр байрны хажууханд "Ачлал тейд"-ийнхэн Японы хөрөнгө оруулалттай эмнэлгийг байгуулна хэмээн барилга барьж эхэлжээ.



Тухайн үедээ оршин суугчид итгээд хэл ам хийгээгүй тул "даварсаар даварсаар давгийн оронд" гэдэг шиг тус компанийхан энэ жил "Япончууд биднийг барилгаа буруу барьсан байна гэсэн. Тиймээс одоо хажууд нь дахиад байшин барина" хэмээн тэнэг хүн маллаж буй аятай зүйл ярьж байгаа нь энэ.



Үүгээр ч барахгүй "Шинэ зуун" хотхоны СӨХ-ийн даргатай хуйвалдан, нууцаар барилга руугаа ус татуулсан байсныг оршин суугчид тогтоон, болиулсан байна.



Хотын удирдлагуудын зөвшөөрөл олгосон "Ачлал трейд"-ийн барилга 20 шахам хууль дүрэм зөрчсөн байгаа нь тогтоогдож байна


"Ачлал трейд” ХХК-ийн хууль бусаар барьж буй барилга нь олон хууль тогтоомж, барилгын норм дүрмийг зөрчиж буй талаар бид дурдсан.

Тэгвэл үүнээс баримттайгаар дэлгэвэл,



1. Барилга хоорондын зай норм дүрмийг баримтлалгүйгээр одоо хойд талд нь байгаа 9 давхар орон сууцны барилгыг бүхлээр нь хааж,  наран талд нь түүнээс хэд дахин өндөр барилгыг буюу 85x25м 3 блок бүхий 4-4,5м өндөр таазтай 17 давхар нийт 76 м өндөр барилга төлөвлөсөн нь архитектур төлөвлөлтийн хувьд ноцтой алдаа гаргажээ.

2. 24 дүгээр байр бүхлээрээ нар хэзээ ч үзэхгүйгээр далдлагдаж байхад тухайн байрны оршин суугчидтай зөвшилцөөгүй буюу Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэгдэн батлагдсан Нийслэлийн засаг даргын 2014 оны 4-р сард гаргасан журманд заасан "Орон сууцны хороолол дунд барилга барьвал 45 метр радиуст оршин суугчидтай зөвшилцөж зөвшөөрсөн тохиолдолд барилгыг барина" гэсэн заалтыг зөрчсөн. Мөн журманд заасан тухайн баригдах барилгын зураг, хөрөнгө оруулагч, захиалагч,  гүйцэтгэгч, баригдах хугацаа гэх мэт мэдээллийг багтаасан самбар байрлуулаагүй.


3. Авсан гэж байгаа техникийн нөхцөл нь одоо барьж эхэлж байгаа тухайн барилгад хамааралгүй. Тодруулбал, өнгөрсөн жилээс баригдаж дуусч байгаа хажуу дахь барилгын техникийн нөхцөл байна.

4. Тухайн барилгын ажил эхлүүлж байгаа газар нь хууль дүрэм зөрчин  БЗД-ийн 18-р хороог бүхэлд нь цахилгаанаар хангадаг дэд өртөөний хананд тулган хамгаалалт аюулгүйн зурвасыг давуулан олгогдсон. Газрын кадастрын зурган дээр уг Цахилгааны дэд өртөө зурагдаагүй.

5. Дээр дурдсанчилан маш олон зөрчил дутагдалтай атал Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл газар олгосон.

6. Уг зөрчилтэй авсан газрынхаа хилд тулган барилгаа төлөвлөсөн нь дээрх цахилгааны дэд өртөөний хаалгыг даран хананаас нь 1м-т буюу хаалга нь ч онгойхгүй байдалтай байгаа нь хууль дүрмийг ноцтой зөрчиж инженерийн байгууламж шугам сүлжээний аюулгүйн зурваст нэвтэрч халдсан.

7. Төлөвлөсөн уг барилгынх гээд байгаа цахилгааны техникийн нөхцөлд нь зааснаар ороо байгаа цахилгааны дэд өртөөнөөс тэжээл авч,  түүний аюулгүйн зурвасаас гадна талд өөрийн газартаа өөртөө зориулж цахилгааны дэд өртөөг барилгатайгаар шинээр барьж тоноглон цахилгаанаар ханга гэж заасан байхад түүнийг ерөнхий төлөвлөгөөндөө тусгаж төлөвлөөгүй. Хэрвээ төлөвлөсөн бол барих барилгын хэмжээ нь багасах гээд байсан нь ерөнхий төлөвлөгөөнөөс нь харагдаж байгаа.

8. “Аркон” ХХК хэмээх барилгын зургийн мэргэжлийн байгууллага дээрх зөрчлүүдийг мэдсээр байж,  зөрчин зураг зурсан.

9. Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын хэлтсийн архитектор Н.Болор, Хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр нар зөвшөөрч гарын үсэг зуран, үүнийг нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж баталж, гарын үсэг зуран тамга дарсан.

10. Ерөнхий төлөвлөгөөнд мөн Архитектур төлөвлөлтийн  даалгаврын Барилгажих талбайн схем зураг хавсралт зурганд дээр дурдагдсан Цахилгааны дэд өртөөг ойр орчмын обьект гэж дугаарлаж бичээгүй зүгээр дөрвөлжин зураасаар оруулсан нь Цахилгааны дэд өртөө буюу барилга байгууламж гэж харагдахааргүй хоосон хашаа мэт харагдаж байна. Энэ нь алдаа биш санаатайгаар хийсэн төөрөгдүүлэл гэж харагдаж байна.

11. Архитектур төлөвлөлтийн даалгавар Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014/05/21-нд гарсан бөгөөд Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 20 хоногийн дараа буюу 2014/06/11-нд гарсан.
 Маргааш нь буюу 2014/06/12-нд дахиад гарсан. Техникийн нөхцөлгүй зөрчилтэй барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон. Хоёр зөвшөөрөл дээр хоёуланд нь НЕТГ-ийн Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа гэх хүний гарын үсэг зурагдаж тамга дарагдсан.  Уг 2 зөвшөөрлийн доторх утга санаа нь цэг таслалын ч алдаагүйгээр яг ижил байтал 2 өөр өдөр дараалан, 2 өөр шифртэй гарсан байгаа нь ойлгогдохгүйгээр барахгүй хуурамчаар хийсэн байх гэсэн хардлага төрүүлж байна.

12. Техникийн нөхцөлгүйгээр барилгын ажлын зураг зуруулсан. Тэр зурагдсан зургийг Барилга хөгжлийн төв экспертизийн хяналтаар хянаж тамга дарсан байна.

13. Мөн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу энэ том барилгын ажлын зургийг зурж, Барилга хөгжлийн төвөөр экспертизийн хяналтаар хянуулж, буцаад Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнд хүсэлт тавин “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” авах нь 20 хоногийн дотор яагаад ч амжих боломжгүй ажил байтал дээрх бүх ажлыг амжуулсан байна. Гэтэл зөвхөн Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнд хүсэлт тавин хариу гарах хүртэл ажлын 15-30 хоног шаардлагатай байдаг.

Энэ бүхнээс үзэхэд өнөөдөр мөнгөтэй хэн ч байсан хаа дуртай газраа юу дуртайгаа барьж байгуулах "эрхтэй" болжээ.

Үүнийг нь ч ардчиллыг тунхаглагчид өөгшүүлж, энгийн хүний хэзээ ч бүтэшгүй, мөрөөдөөд ч хэрэггүй зүйлсийг мөнгөтэй нэгэнд нь шууд шийдээд өгч байгааг дээрх жишээ харуулж байна.


Улстөрд "одгүй" ч, бизнестээ бэлтэй М.Билэгт гэгч хэн бэ?


"Ачлал трейд" ХХК-ийг өнгөрсөн сонгуулиар МАН-аас Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан М.Билэгт хэмээх хатагтай толгойлдог. Тус компанид хүмүүсийн сайн мэдэх "Ачлал" их дэлгүүр багтдаг аж.


Мөн тус компани барилгын салбарт орж ажиллаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд салбартаа бол туршлагатай, үлгэр жишээ байхаар атал энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж, үргэлж олны хэл ам таталсаар ирсэн.

Тухайлбал, 2009 онд хөдөлмөр эрхдэх зөвшөөрөлгүй хятад иргэд ажиллуулж байжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барьсан "Оранж" тауны оршин суугчид "Оршин суугчдыг барьцаалан сонгуулийн зарлаа нөхөх гэлээ" гэх зэргээр багагүй хэл ам таталсан удаатай.


Харин "Ачлал трейд"-ийн захирал М.Билэгтийн талаар тодруулбал, тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд 2012 оны сонгуулиар Хонгор нутагт нэр дэвшээд амжилт олоогүй байна.

Гэсэн ч өнөөдөр хууль зөрчин, хүссэн газраа барилга барьж буйг нь харахад түүний бизнес улстөрийн карьерыг нь бодвол "одтой" явдаг бололтой. Гэхдээ юм бүхнийг мөнгөөр шийдэх гэдэг муу аргад мэргэшсэн энэ хатагтай хотын эрх мэдэлтнүүдийн суудлыг ганхуулж, АТГ-ыг завгүй болгох бололтойдог оо.

Юутай ч энэхүү хууль бус аргаар барилга барьж, оршин суугчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдлээ энэ эмэгтэй зогсоохгүй бол оршин суугчид хатуу тэмцэхээр шийдсэнээ дамжуулж байна лээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.