Охидыг хил дамнуулан худалдаалдаг байсан эмэгтэйд 10 жилийн хорих ял оноов

2008/05/28
Share |
Хүмүүс:
Охидыг хил дамнуулан худалдаалдаг байсан эмэгтэйд 10 жилийн хорих ял оноов

Кинон дээрээс л харж, гаднаас ирсэн хүмүүсээс сонсдог байсан зүйл манай улсад орж ирсээр, муу үлгэр дуурайлал үзүүлсээр байна. Үүний нэг нь хүн худалдаалах наймаа гээч асуудал. Сүүлийн жилүүдэд охид төдийгүй хөвгүүдийг нэгдүгээрт бэлгийн мөлжлөгөөр ашиглах, хоёрдугаар доторх эрхтэнийг нь худалдаалах, цаашлаад боол болгох зорилгоор хил дамнуулан худалдаалах явдал газар авсаар байна. Бага насны хүүхдийг хуурамч бичиг баримт ашиглан хил давуулах гэж байгаад баригдсан тохиолдлууд цөөнгүй ч мөн хил гаалийнханд анзаарагдалгүй гарсан ч цөөнгүй байгаа. Дарамтан дор тухайн хохирогчийг хүсээгүй байхад нь бэлгийн мөлжлөгт оруулах явдал нь зөвхөн хил дамнуулан худалдаалагдахаар хязгаарлагдаж байгаа бус бөгөөд эх нутагтаа хүний дор зовж шаналж байгаа охид бүсгүйчүүд ч цөөнгүй байна. Нэг хэсэг хүний наймаа гээч зүйлийг хүн бүр л ярьж, арай дэндэж байна хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид өдөр шахуу цэхэр дэлгэцээр заларч байсан бол одоо тэдний сураг нь ч үл дуулдана. Учир нь сонгуулийн “солиорол”-ын нэгээхэн хэсэг үзэгдэл байсан бололтой.
Дээрх бузар муухай бүхний эх үүсвэр нь саун массаж нэртэй “улаан” дэнлүүний газруудад массажист нэрийн дор цэвэрхэн халхлагдаж биеэ үнэлж байгаа болон хүчээр үнэлүүлж байгаа тохиолдууд олон болоод байна. Дээрхтэй холбоотой хоёр хэргийг цагдаагийнхан саяхан олж тогтоон шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рафелло” саун үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд байнгын үйлчлүүлэгчидтэй ч болоод амжжээ. Тус газраар үйлчүүлэгчдийн дийлэнх нь эрэгтэй байдаг бөгөөд учир нь тэнд биеэ үнэлэгчид үүрлэсэн байдаг аж. Багагүй орлогонтой байдаг учир эзэд энэ үйлчилгээгээ 24 цагийн болгон өргөжүүлжээ. Энэхүү далд янхандалтын газрыг ах, дүү хоёр болох Г.Лхагвасүрэн, Г.Бямбасүрэн нар ажиллуулж ашиг олсоор байсныг цагдаагийнхан илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Дээрх саунд 20 гаруй охид байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхээс Г.Лхагвасүрэнд 1.6 жил, Г.Бямбасүрэнд хоёр жилийн хорих ял оноожээ. Тэд нийслэлийн шүүхэд давж заалдан Г.Лхагвасүрэнгийн ялыг тэнсэн харгалзаж, Г.Бямбасүрэнгийн ялыг хэвээр баталсан аж. Хормойн донтой эрчүүд болоод охид бүсгүйчүүдийг ашиглан мөнгө олж байсан дээрх хоёр этгээдэд дэндүү багадсан ял байгаа биз. Тиймээс дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бусдад нь сануулга өгөх үүднээс ялын хэмжээг чангаруулах шаардлагатай юм. Хар тамхины хэрэгт 10 гаруй жил өгсөн. Учир нь нийгэмд халгаатай хэмээн үзсэндээ сануулга өгсөн хэмээн зарим учир мэдэх хүмүүс тайлбарладаг юм билээ. Тэгвэл биеэ үнэлэгчид болоод энэ чиглэлээр хөлжиж байгаа хүмүүс харин ч нийгмийг жинхэнэ утгаар нь хордуулаад БЗХӨ тараагаад яваад байгаа юм биш үү.
Хоёр дахь тохиолдол нь 33 настай эмэгтэй Ц.Энхчимэг гэгч хүн худалдаалах ажилд гаршиж охидыг хужаа нарт худалдаалдаг байжээ. Тэрээр хийх юмаа олж ядсан, ажил хийж мөнгө олох гэсэн сонирхолтой, голцуу хөдөө орон нутгийн, эцэг эхийн хараа хяналтнаас гарсан охидыг Эрээн хотод өндөр цалинтай ажилд оруулж өгнө хэмээн дагуулж очоод Өвөр Монгол иргэдэд үнэ тохирч худалддаг байсныг цагдаа нар тогтоосон байна. Тэрээр нэг бус хэд хэдэн удаа ийм гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Ц.Энхчимэг гэгч нь А гэдэг охиныг Эрээнд аваачихад нэг л сэжигтэй санагдаад байна хэмээн тэр дэлгэрэнгүй зүйл асуухад дуугүй бай хэмээн уурлан хүн байхын аргагүй газарт аваачаад орхисон гэнэ. 20 гаруйхан настай охин яахаа мэдэхгүй байдалд ороод азаар нэг Монгол хүнд хэлснээр энэ хэрэг илчлэгдэн охин аврагдсан аж. Дээрх гэмт этгээд нь хохирогч А-г зарсныхаа дараа дахин Э, Б гэдэг охидыг энэ замаар оруулсан болох нь тогтоогджээ. Түүнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээс арван жилийн хорих ял оноосон байна. Энэ мэтээр охид бүсгүйчүүд хялбар аргаар мөнгө олох санаатай бусдын хараанд өртөж харамсаад ч барахгүй аюул заналд учирсаар. Түүний хажуугаар өөрийнхөө сайн дураар явж биеэ үэнэлэн дахин охин элсүүлвэл мөнгөн урамшуулал авдаг “цайрчихсан” охид ч байдгийг эх сурвалж мэдээлж байна. Тиймээс эцэг эхчүүд таны охин хаана юу хийж, ямар хүмүүстэй нөхөрлөж байгааг сайтар шалгах бах шаардлагатай бөгөөд охид бүсгүйчүүд ч гэсэн хүний наймаа эрхлэгчдийн золиос болохгүйн тулд болгоомжлох шаардлагатай юм.

Эх сурвалж: Өглөө орой
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.