`Ноёд` группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэрэг мөрдөн байцаалтанд буцлаа

2008/05/29
Share |
`Ноёд` группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэрэг мөрдөн байцаалтанд буцлаа

Г.Буяндоржид нээсэн хавтаст хэргийн нэхэмжлэгч, гэрч болох Д.Мөнхзул нотлох баримтаа хангалттай баталж чадсангүй-

Сүүлийн хоёр жилийн турш “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг авлига өгч, авсан мөн татвараас зайлсхийсэн зэргээр элдвийн яриа гарч байсан. Харин Г.Буяндоржид холбогдох эдгээр хэргүүдийн шүүх хурал энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн хурлын танхимд болох байсан ч түр хойшилсон билээ. Учир нь Г.Буяндоржийн гэх хэрэгт холбогдох зургаан этгээд чтэй байсан ч хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй байсан нь шүүх хурлыг хойшлуулахад хүргэсэн. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд нэг өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцохыг шүүх бүрэлдэхүүн хулээн зөвшөөрөөгүй болохоор тус шүүх хурал хойшлоод байсан юм. Харин уржигдар өглөөнөөс буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хэргийг таслах шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхийн хурлын танхимд боллоо. Шүүх хуралд “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах төлөөлөгч Д.Саруул, Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бямбадорж, “Да Мон трейд” компанийн хуулийн зөвлөх, хамгаалалтын албаны дарга асан Д.Мөнхзул, “Да Мон трейд” компанийн архины үйлдвэрийн захирал асан н.Регали, “Дай Мон трейд” компанийн нягтлан Г.Гантулга, “Да Мон трейд” компанийн ерөнхий нягтлан Н.Энхцэцэг нарын долоон хүн оролцсон. 2006 оны хоёрдугаар сараас анх үүсгэгдэн шалгагдсан уг хэргийг шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж, Г.Буяндоржид Эрүүгийн хэргийн 269.1, 162.2 зүйл анги буюу орлогын албан татвараас зайлсхийсэн, авлига өгсөн хэргээр жирийн дэглэмтэй ангид зургаан жил хоригдох ялыг төлөвлөөд байсан ч ийнхүү хэргийн бүрдүүлэлт дутуу, нотлох баримт хангалтгүй байсан гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаалаа. Мөн Д.Саруул, Д.Бямбадорж нарыг “Дай Мон трейд” компанийг орлогын албан татвараас зайлсхийхийн тулд татварын хуурамч акц бүрдүүлсэн хэргийг илрүүлсэн ч хэргээс бултуулан авлига авсан хэргээр жирийн дэглэмтэй хорих ангид зургаан жил хоригдох ял төлөвлөсөн байсан бол Н.Регали, Г.Гантулга, Н.Энхцэцэг нарыг орлогын албан татвараас зайлсхийсэн хэргээр жирийн дэглэмтэй хорих ангид 5,6 жил хорихоор Н.Баатар түргүүтэй Хан-Уул дүүргийн шүүх бүрэлдэхүүн ял төлөвлөөд байсан юм. Уг хэргийн нэхэмжлэгч Д.Мөнхзул нь “Да Мон трейд” компанийн хуулийн зөвлөх, хамгаалалтын албаны даргаар ажилладаг байсан бөгөөд энэ удаа ноён Г.Буяндоржийг 277 158 300 төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийж, арван сая төгрөгийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн хэмт хэрэгтэй тэмцэх албаны твлөөлөгчдөд авлига болгон өгсөн гэдгийг гэрчилж байгаа аж. Хэдийгээр Д.Мөнхзул өөрийгөө уг авлигыг өгөхөд зуучилсан гэж байгаа боловч хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэргээс мултарч байгаа гэнэ. Г.Буяндоржийг авлига өгсөн гэдгийг иргэн Д.Мөнхзул өөрийн биеэр гэрчилж байгаа ч түүнийг хэн нэгний гар хөл болон, гүтгэлэг хийж байж болзошгүй хэмээн уг шүүх хуралд оролцсон хуулийнхан шивэр авир хийлдэж байсан. Учир нь иргэн Д.Мөнхзул нь Г.Буяндоржийн арван сая төгрөгийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөгчид болох Д.Саруул, Д.Бямбадорж нарт хэзээ, хэрхэн өгснөө хэлж мэдэхгүй байгаа аж. Ямартаа ч Хаан” банкны салбараас кодын шилжүүлэг хэлбэрээр мөнгийг шилжүүлсэн гэж байгаа боловч хэзээ, хэдний өдөр, хэрхэн шилжүүлсэн гэдгээ яг таг нотолж чадахгүй байгаа гэнэ. Мөн “Хаан” банкаар шилжүүлсэн гэсэн банкны хуулбарыг тэрээр шүүх хурлын танхимд нотлох баримт болгон авч ирсэн ч баримтан дээрх гарын үсэг “хуурамч байна” гэсэн криминалистикийн дүгнэлт гарчээ. Үүгээр зогсохгүй Д.Саруулд таван сая төгрөг өгч, авч байх үйл явцын яриаг хуурцган дээр бичиж авсан гэж тэрээр мэдүүлж байгаа ч энэ нь мөн л нотлох баримт биш хэмээн шүүх бүрэлдэхүүн үзсэн билээ. Эдүгээ иргэн Д.Мөнхзул нь “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэж шүүхийн өмнө мэдүүлж байгаа ч түүний хамт гэрчээр татагдсан, тухайн үед “Да Мон трйд” компанийн кассын нярваар ажиллаж байсан Саранчимэг, Отгончимэг нарын Отгончимэг нь Д.Мөнхзулын эхнэр учраас авлига өгсөн, авсан асуудал нь эхнээсээ хуйвалдаан, гүтгэлгийн шинж чанартай байж болзошгүй хэмээн шүүх хуралд оролцож байгаа зарим нэг хүмүүс үзэж байсан. Харин Г.Буяндоржийн татварын хэргээс зайлсхийсэн гэх хавтаст хэрэг нь саяхан батлагдсан татварын өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм. “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нь Д.Мөнхзулын мэдүүлж байгаа дээрх мэдүүлгүүдэд хариулахдаа “Энэ бол хэн нэгний захиалгатай, гүтгэлгийн чанартай үйл ажиллагаа. Д.Мөнхзул манай компанид ажиллаж байхдаа 120-иод сая төгрөгийн зэс, төмрийг хулгайлж байсан. Эдгээрээс гадна надаас авсан 10 сая төгрөгөө эргүүлэн өгөхгүйн тулд ийнхүү гүжирдэж байна” гэсэн билээ. Ямартаа ч Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн төлөөлөгчид болох Д.Саруул, Д.Бямбадорж нар “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржоос авлига аваагүй гэдгээ мэдүүлж байгаа юм. Тэгэхээр Г.Буяндоржид холбогдох шүүх хурал хэргийн бүрдүүлэлт дутуу гэдэг шалтгаанаар мөрдөн байцаалтын шат руу дахин буцсан нь энэ. Асуудал цаашид хэрхэх талаар дараа дахин хүргэнэ.

Эх сурвалж: Өглөөнийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.