Д.Тэрбишдагва: Төрийн гурван өндөрлөг нь сүүлийн 20 жилд байнга л хоорондоо тэрсэлдлээ

2014/10/27
Share |
Хүмүүс:
Д.Тэрбишдагва: Төрийн гурван өндөрлөг нь сүүлийн 20 жилд байнга л хоорондоо тэрсэлдлээ

Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.



-Намрын чуулган эхэлснээс хойш улс төрийн амьдрал тайван байсангүй ээ. Өдөр бүхэн асуудал ундарч байна. Та чухам энэ бүхэнд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

- Энэ намрын улс төр хэрээс хэтэрлээ. Намууд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын үүднээс улс төржөөд байгаа болохоос биш ард түмний, улс эх орныхоо язгуур эрх ашгийг бодож байгаа юм харагдахгүй байна. Зөвхөн өнөө маргаашийн асуудлаар алсын хараагүй өчүүхэн жижиг улс төр хийцгээж байна. Энэ нь улс төрийн цоо шинэ, анхаарал татсан үзэгдэл биш л дээ. Үндсэндээ сүүлийн 20 гаруй жил бид улс төрийн энэ л загвараар явж ирлээ шүү дээ. Ер нь улстөржинө гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг улс дэлхийд ганцхан манайх болоод байна гэхэд буруудахгүй. Нэг гэрийн хоёр ч эвлэж суухын аргагүй болтлоо тэрсэлддэг гажуудал руу энэ улстөржилт биднийг түлхээд байна. Нэг л их улстөржсөн, ардчилсан бус анархист нийгмийг бий болгочихлоо. Үүнийхээ горыг одоо амсч байна гэхээс өөр юу хэлэх билээ. Хөгжлийн өндөр түвшинд хүрчихсэн дэлхийн улс орнуудад ард иргэд нь улс төрөөс илүү эрхэлж буй ажил хэрэгтээ л эзэн болохыг чухалчилдаг. Өнөөдөр өнгө мөнгөөр ард түмнээ хуурдаг, олигархи, гудамжинд хашгирч популизм хийдэг, элдэв заль мэх гаргадаг ийм л нөхдүүд улс төрд өндрөө авч байна даа гэж бодогдох болсон. Шулуухан хэлэхэд үнэндээ манай УИХ ийм л хандлагын үр дүн болон хувирчихаад байна.

 


-Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг л санаа юу?

-Болж байгаа үйл явдлуудыг хараад байхад тодорхой байна. Төрийн гурван өндөрлөг нь сүүлийн 20 жилд байнга л хоорондоо тэрсэлдсээр ирсэн. Энэ цагт ч ялгаагүй. Миний хувьд таван Ерөнхий сайдын нүүр үзлээ. Гурав дахь парламентдаа ажиллаж байна. Ингээд хараад байхад хийсэн бүтээсэн юм багатай, хий хоосон хийрхэгчид олшрох хандлагатай байна. Тэгэхээр одоо тодорхой алхам хийх цаг нь болжээ.

 


-Тэр нь юу гэж?

- Улс төрд сайн үлгэр дууриалал үзүүлдэг, тулхтай, туршлагатай, ноён нуруутай, бүтээгч, ажил хэрэгч улстөрчид их хэрэгтэй байна. Хэт намчирхсан, бүлэг фракциараа талцдаг байдлыг нэн даруй халах хэрэгтэй. Үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж, төр засгийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, тогтолцооны гажуудлыг засах, намын хатуу гишүүнчлэлийг эргэн харах цаг болсон байна.


Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлт энэ намрын улс төрийг ингээд бужигнуулчихлаа гэж харах хүмүүс ч байгаа байх...
- Ямар нэг дүгнэлт хийхээс өмнө асуудлыг том зургаар харах хэрэгтэй. Ерөнхий сайд танхимдаа бүтцийн өөрчлөлт хийх төсөл оруулж ирээгүй байсан ч ялгаагүй Засгийн газрыг огцруулах шүүмжлэл өрнөх л байсан. Улс төрийн ийм нөхцөл байдал үүсэх л байсан байх. Н.Алтанхуягийн танхимын гишүүдийн дийлэнх нь давхар дээлтэй, бүтэц нь данхар, тэр энэ сайд нь муу ажиллаж байна гэж гоочилно. Ийм байхад Ерөнхий сайд бүтцээ чамбайруулах санаачилга оруулж ирсэнгүй, огцруулна гэх мэтээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх улстөржилт хөврөх л байсан шүү дээ. Энэ бүхнийг бодож тооцоод Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимдаа бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байх гэж ойлгож байгаа. Үнэхээр сайд нар нь кабинетийн зарчмаар ажиллахаа больж, намын даргадаа захирагдахаа байж, намын даргын хувьд энэ олон бүлэг фракциа зохицуулж чадахаа больсноос үүдэн ийм алхам хийсэн бол харамсалтай л зүйл.



-Бүтцийн яг ийм өөрчлөлт хийх гэж байгааг та урьдаас мэдэж байсан юм уу?

- Ерөнхий сайд өргөн барихынхаа өмнөх орой уулзаж бидэнд танилцуулсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, бид гурав ярилцаад шийдсэн гэсэн.  Түүний хийхээр төлөвлөсөн бүтцийн өөрчлөлтөд хоёр нам хамтарч засаг байгуулахад хийсэн гэрээнд нийцэхгүй, сэтгэлд хүрэхгүй зарим зүйл ч байсныг нуухгүй ээ. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд өргөн барьж байгаа асуудал ч гэсэн Шадар сайдын хувьд “Ингэж болохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, миний санал ийм байна” гэж хэлэх нь нээлттэй. Тэр утгаараа ч өөрийн саналаа хэлсэн.



-МАХН-ын дарга Н.Энхбаярын Монголд ирсэн шалтгаан нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм шиг байна...

-Ийм үед Н.Энхбаяр дарга ирсэн нь цаг үеэ олсон гэж бодож байна. Хамтарч байгуулсан Засгийн газрынх нь бүтцэд өөрчлөлт орох гэж байгаа учраас МАХН-ын дарга өөрийн биеэр оролцон асуудлыг шийдэлцэх нь ач холбогдолтой. Түүнийг ийм шийдэл гаргаасай ч гэж хүсч байсан. Харин намын дэд дарга бол дэд дарга л байдаг. Шадар сайд бол шадар сайд л байдаг. Энэ хүрээнд л үйл явц өрнөсөн дөө. Ер нь байгуулсан гэрээгээ сайжруулъя гэдэг асуудал эртнээс яригдсан, шинэ зүйл огт биш ээ.



-Хоёр намын гэрээг сайжруулах ажилд та яагаад оролцоогүй юм бэ. Өнөөдрийг хүртэл намын ажлыг хийгээд АН-тай байгуулсан анхны гэрээг гардаж хийсэн таныг тойргийн гадна үлдээлээ гэж харах хүмүүс байна л даа?

- Манай намаас гарсан ажлын хэсэгт Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ, Г.Шийлэгдамба гэсэн гурван хүн орж ажилласан юм. АН-тай анх байгуулсан гэрээнд анхаарах асуудал байсан биз. Гэхдээ сая байгуулсан гэрээгээр Шударга ёс эвсэлд дөрвөн сайдын квот байсныг гурав болгосон зэрэгт шүүмжлэлтэй хандах асуудал байгаа. Гэрээнд гарын үсэг зурах үеэр Д.Тэрбишдагва байсангүй гэсэн яриа нэлээд гараад байх шиг байна. Нэгдүгээрт, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй. Хоёрдугаарт, Шадар сайдын хувиар гадаадад албан томилолтоор явж таарсан. БНСУ-д болсон Зүүн Азийн паралимпийн нээлтэд оролцож, тамирчиддаа урам зориг өгч дэмжлэг үзүүлэх ажилтай байсан. Тэр наадмаас манайхан хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл гээд нийтдээ 10 медальтай ирсэн нь үнэхээр бахархал байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ тэгж их хүч чадал гаргаж, улс орныхоо нэрийг гаргаж байгаа тамирчдаа хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, өөртөө төдийгүй бусдад улам өндөр шаардлага тавьж, их эрч хүчтэй ажиллах юм байна гэсэн сэтгэгдэлтэй ирсэн шүү.



-Ер нь бол Н.Энхбаяр даргын эзгүйд намаа авч явсан таны үйл хэргийг одоо үгүйсгээд байгаа юм биш үү?

-Н.Энхбаяр дарга БНСУ-д эмчлүүлж байхдаа заавар зөвлөгөө өгдөг байсан. Бид тэр шийдэл, заавар, зөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж ирсэн.



-Тэгэхээр танд ямар ч мэдэл байгаагүй гэсэн үг үү?

-Тэгж хэлж болохгүй л дээ. Н.Энхбаяр бол манай намын дарга. Намын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцах үүрэгтэй байдаг. Тиймээс тодорхой асуудлууд дээр Н.Энхбаяр даргатай зөвшилцдөг. Даргын болон намын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр намын бодлого хувь заяатай холбоотой ямар нэг асуудлыг шийдэх эрх мэдэл надад байхгүй. Харин дэд даргын хэмжээнд хийх ёстой ажлаа боломжийн хийж байсан.



-Ер нь АН, МАХН-ын гэрээнд гарын үсэг зурах хүртэл ямар тохироо явсан юм бол. Дөрвөн яамыг гурав болгох шийдлийг танай ажлын хэсгийнхэн шууд хүлээгээд авчихсан бололтой юм?

- Харин тиймээ. Нөхцөл байдлаас болоод яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон байх.


-Магадгүй ажлын хэсгийн гишүүд чинь дараагийн ээлжинд сайд болох тохироогоо хийчихсэн байж болох л юм?

-Одоо сайдын алба хашиж байгаа хүмүүсийг ажлын хэсэгт оруулбал ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн юм. Ирээдүйд сайд болох магадлалтай хүмүүс ч ялгаагүй. Тиймээс л дээрх гурван хүнийг томилсон л доо. Сайдын суудалд санаархаагүй хүмүүс л ажлын хэсгийг бүрдүүлсэн болохоор тийм тохироо хийгдээгүй байлгүй.



-Н.Энхбаяр даргын бие илааршаагүй, мөд ирэхгүй гэдэг мэдээллийг танай намынхан өгдөг байсан. Гэтэл яагаад хүрээд ирэв. Жишээ нь та хэзээ ирэхийг нь мэдэж байсан уу?

-Н.Энхбаяр дарга гэнэт л ирсэн. Ирдэг орой нь манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба 18.00 цаг өнгөрч байхад “Дарга ирнэ. Тэдэн цагт онгоцноос бууна” гэж хэлсэн. Үнэндээ миний хувьд сүүлийн хэдэн сар Н.Энхбаяр даргатай тэр болгон уулзаж, холбогдож чадаагүй байсан.



-Уг нь тэр онгоцны буудал дээр буухдаа “аав, ээжтэйгээ уулзаад агаар салхи амьсгалаад буцна” гэж ярьсан. Гэтэл ирснийхээ маргаашаас улс төрд ханцуй шамлаад орчихлоо. Яагаад гэж ам асуух хүн олон байна...

-Өөрөөс нь асуу. Хүний өмнөөс хариулах нь зохимжгүй.


-Н.Энхбаярын эзгүйд Д.Тэрбишдагва намыг нь авахыг санаархлаа, муу ажиллалаа гэдэг шүүмжлэл өнгөрсөн хугацаанд байсан. Тэгвэл намын дарга чинь ирээд ямар дүн тавьсан бол?

-Би төрийн хүн. Төрийн хүн ямар байх ёстой юм, тэр зарчмыг л баримталж ажилладаг. Аливаа асуудлыг дипломат аргаар шийдэж, аль болох хурцадмал байдал үүсгэхгүйг хичээж, төв байр сууринаас зөв л авч явахыг хичээсэн. Шадар сайдын алба амаргүй. Өдөр бүхэн бэлэн байдал шаарддаг байнга л “гал дүрэлзэж” байдаг хэдэн салбарыг хариуцдаг. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, Худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал хэмжил зүй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээд бүгд л асуудал ихтэй. Ийм байхаас ч аргагүй.Учир нь жинхэнэ амьдрал дунд буцалж байгаа хурц асуудлуудыг барьж авч шийдэж байдаг салбарууд шүү дээ. Дээрээс нь Монгол-Оросын болоод Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссыг ахалж байна. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд чамгүй ажилтай байлаа. Хамгийн сүүлд гэхэд л Монгол- Германы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах үүрэгтэй комиссын даргаар сонгогдлоо. Ингээд харвал хийх ажил маш их байна. Хоёр жил амралт авалгүй ажиллаж байгаа. Тэглээ гээд хариуцсан ажилдаа ялархаад зовлон тоочдоггүй. Ямар боломж арга зам байна тэр бүхнийг ашиглан энэ их ажлыг цаг хугацаанд нь амжуулж ард нь гарахын төлөө л ажиллаж ирсэн дээ.



-Намын ажлаас илүү төр түмний төлөө хийх ажил их гэсэн үг үү?

-Төр засаг, нам, ард түмэн надад итгэж байхад ажлаа үнэнч хийх нь миний үүрэг. Би баруунд боловсрол эзэмшсэн тэр чигийн соёлд суралцсан хүн. Аав минь лам хүн байлаа. Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрж өссөн, монгол ахуй, зан заншил, ёс уламжлал, дорно дахины зан суртахууныг юу юунаас илүү эрхэмлэдэг. Өрнийн боловсрол, монгол ухааныг хослуулахыг зорьдог гэх үү дээ. Хөдөөгийн жирийн амьдрал ахуй хүнийг ажил хөдөлмөрт сургадаг. Өдий зэрэгтэй яваа нь нутаг усны минь ивээл, аав, ээжийн маань хишиг буян, өөрт ногдсон заяа тавилан гэж сэтгэлдээ биширч, сүлдэлж явдаг даа.Хүн бүрт таалагддаг төгс төгөлдөр хүн, улстөрч гэж байдаггүй байх. Тиймээс намаа бэхжүүлэн нягтруулах, хамтарч байгуулсан засгаа тогтвортой ажиллуулахын зэрэгцээ улс орныхоо эрх ашгийн төлөө сэтгэлээсээ зүтгэн хоёр жилийг үдлээ. Ажлыг хийвэл хийсэн шиг хийе гэсэн зарчимтай. Үүнээс гажилгүй ажиллаж байна. Харин гүзээнд наалдсан дэлүү шиг бусдын ивээл дор хоргодож, хэн нэгнийг даган далдганаж, шарыг харж шарваж, улааныг харж урваж явдаг хүмүүст яснаасаа дургүй. Хэзээ ч ажил хийж сураагүй, сэтгэлд нь юу ч таалагддаггүй, бүгдийг хараар буддаг,хамт олны шийдвэрийг дандаа үгүйсгэж, хүлээн зөвшөөрдөггүй, эх оронч, тэмцэгч дүр эсгэдэг мэр сэр хүмүүст миний ажлын арга барил таалагддаггүй байх. Ийм хүмүүс аль ч намд байж л байдаг. Цөөхөн хэдий ч хор нөлөө нь багаддаггүй. Н.Энхбаяр дарга өөрийн нүдээр харж хэн нь хэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг ойлгож байгаа байх. Манай намд төлөв түвшин, тууштай, зарчимч хүмүүс олон бий.



-Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёроос зайгаа бариад эхэллээ. Намаасаа холдуулах арга хэмжээ авч байна гэх мэдээллүүд яваад байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Монгол төрийн тэргүүн байсан хүнийг авлига хээл хахуулийн хэрэгт холбож, харгис дээрэнгүй аргаар баривчилсан. Энэ бүхэн дэндүү эрээ цээргүй, ардчилсан улс оронд байж боломгүй балмад үйлдэл байсан болохоор эсэргүүцэж бид хэд Энхбаяр даргын гэрт очсон л доо. Эмнэлэг ч бай, шорон ч бай, шүүх хурал ч бай хаана ч байсан түүнтэй хамт байсан цөөхөн хүмүүсийн нэг нь гэж боддог. Монгол төрийн тэргүүн байсан хүнд хэтэрхий хатуу ширүүн, шударга бус хандаж байсныг тэр үед эсэргүүцэж, Ч.Улаан, О.Чулуунбат хоёрыгоо уриалж, хүн ёсны хувиар л жудаг гаргацгаасан л хэрэг. Түүнээс биш алс хойчийн ашиг хонжоо хайж, албан тушаал горилж очоогүй. Н.Энхбаярын эзгүйд Тэрбишдагва дарга болох гээд байна гэдэг хардлага сэрдлэг өнгөрсөн хугацаанд мөнхөд намайг дагасан. Хүний ар хударгаар хуншгүй зан гаргах хүмүүжил, ёс суртахуунгүй хүн гэж өөрийгөө боддоггүй. Улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө угшил, үзэл баримтлал нэгтэй МАН болон бусад намтай хамтарч ажиллах нь МАХН-ын хувьд нээлттэй. Нэгэнт л АН-тай хамтарч засаг байгуулсан бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрх ашгийг намын болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж ажиллахыг нэн тэргүүнд чухалчилдаг. Ч.Улаан сайд бид хоёрыг намаас холдуулах , буруушаах ямар ч үндэслэл байхгүй.


Н.Энхбаяр Ч.Улаан сайдаар ажлыг нь өгүүлсэн. Одоо Д.Тэрбишдагваас Шадар сайдынх нь албан тушаалыг нь авна гэдэг яриа ч байна л даа?

-Эрх мэдэл албан тушаал бол үхэн хатан зууралдаж, улайран тэмцээд байх зүйл биш шүү дээ. Жирийн нэг цехийн мастер, дагалдан технологичиос үйлдвэрийн дарга хүртлээ ажиллаж явлаа. Цаашлаад олон улсын байгууллага, Германы төрийн байгууллага, бизнес, дипломат, хөдөө аж ахуйн салбар гээд ажилласан газар бүртээ амжилт гаргаж, хийж бүтээсэн, үзүүлж харуулах зүйл олонтой. Өнгөрсөн хугацаанд хариуцсан ямарч ажлыг унагааж байсан удаагүй. Төрийн ажлыг гацааж, явцуу намчирхсан үзлээр хүмүүсийг хавчин гадуурхаж ирсэн түүх байхгүй. Албан тушаалыг авч ч байсан, өгч ч байсан. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шүү дээ. Тийм учраас Шадар сайдын албан тушаалаас буух хангалттай шалтгаан байвал ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй. Хэрэв муу ажилласан гэж үзэж байгаа бол яг юун дээр алдав гээд үндэслэл байх шаардлагатай. Намын дэд даргын үүргийг муу гүйцэтгэсэн, энэ асуудлыг ингэж хариуцлагагүй шийдсэн гээд гаргаад ирэх хэрэгтэй. Ийм юм байгаа бол одоо ч ажлаа өгөхөд бэлэн байна. Яахав, намын байрны мөнгийг босгож чадсангүй, намын гишүүдийг ажилд оруулаагүй гэх байдлаар намайг шүүмжлэх явдал байгаа. Ийм шалтгаанаар огцор гэж хэлдэг хүмүүс ч бий. Төрийн албаны шаардлага хангахгүй, ажил хийдэггүй хүнийг албан тушаалд томилохгүй. Албан тушаалаараа далайлгаж авлига авч мөнгө босгож чадахгүй ээ. Намын байрны мөнгийг босгож, гишүүдийг бүгдийг нь ажлын байртай болгож чадах хүн гараад ирвэл намын дэд дарга, Монгол Улсын Шадар сайдын суудлыг өгье гэдгээ хэлдэг. Тийм хүн гараад ирвэл ажлаа өгөхөд бэлэн байна.



-Гэхдээ намын даргын чинь зүгээс ямар нэгэн байдлаар ажлаа өг гэж шахаагүй юм байна гэж ойлголоо...

-Мэдээж хэвлэлээр л ийм зүйлүүд бичигдээд байгаа. Н.Энхбаяр дарга надтай санал солилцсон. УИХ-ын дарга, Ерөнхий сайдад байр сууриа ч илэрхийлсэн юм билээ. Гэхдээ одоогоор ажлаа өг гэсэн албан ёсны бичиг, санал ирээгүй л байна.  Үнэндээ Н.Энхбаярыг шоронд хоригдож, өлсгөлөн зарлаж байх тэр хүнд хэцүү цагт хажууд нь байгаагүй, ган хийж ганц үг дуугараагүй хүмүүс өнөөдөр хачиг шиг наалдаж, элдвээр аашилж байгааг тэртэй тэргүй олон түмэн харж байна.Тэр хүмүүсийн явуулгаар элдэв захиалгат мэдээлэл хэвлэлээр яваад байгааг ч үгүйсгэхгүй. Үүнд эмзэглэх юм алга. 2012 оны сонгуулиар 76 суудлын төлөө 570 гаруй хүн өрсөлдснөөс Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээж, авсан саналын тоогоороо улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдсэн. Гурван удаагийн сонгуулиар хамгийн олон санал өгч, дэмжсэн Сонгинохайрханчууддаа баярлаж явдаг.

 


Одоогийн УИХ-д намын жагсаалтаар орж ирчихээд түүнийгээ өөрийн чадлаар, ард түмний итгэлээр сонгогдсонтой адил үзэж, том дуугарч яваа нөхдүүд байна л даа. Тойргоос үнэмлэхүй олон санал авч УИХ-д сонгогдсон, МАХН-ын нэр хүндийг ард түмний дунд өргөж тэр нөхдүүдийг намын жагсаалтаар төрд орж ирэх нөхцлийг хангаж өгсөн хүн л гэж өөрийгөө бодож яваа. Нөгөөтэйгүүр О.Чулуунбат, Ч.Улаан бид гурав МАХН-ын батлахаа сэргээж, тэр үед парламентад гурван гишүүнтэй болсон зэрэг нь сонгуулиар амжилт гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л гэж бодож байгаа шүү.

 


Шуудхан хэлэхэд намын доторх жижиг фракц бүлэглэлүүд Монголын улс төрийг идэж байна. Одоо АН-ынхныг хар л даа. Намын дарга нь фракцуудаа зангидаж дийлэхгүй байх шиг байна. Гишүүд нь эхлээд фракцийн даргынхаа амыг харж дараа нь намын даргынхаа үгийг сонсч байна. Энэ нь хямрал руу түлхээд байна шүү дээ. МАХН энэ зам руу халтирч болохгүй. Нэг хүнээр овоглодог, компанийн эзэмшлийн гэж хэлэхээр ч юмуу эсвэл тойрон хүрээлэгчдийн нам бас хол явахгүй. Монгол Улс гэдэг ганцхан фракц л байх учиртай. Үүний төлөө санаа бодол, зорилго чиглэлээ нэгтгэж зүтгэвэл бидний эх орон хөгжинө.Миний хувьд ганцхан фракцын төлөө ажилладаг. Үнэндээ улс төрд орсноос хойш Тэрбишдагва гэдэг хүн өөрийн байгуулсан хувийн компаниа зөнд нь орхиж, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдгийг олон түмэн ч мэднэ. Өнчин өрөөсөн намайг гадаадад сургаж боловсролтой болгосон төрийн хайр хишгийг ард түмнийхээ төлөө ажиллаж ачийг нь хариулахыг хичээдэг.



-Тэгвэл Н.Энхбаяр болон түүнийг дагалдаж яваа хүмүүстэй зөрчилдөөд эхэлжээ?

-Би сая хэллээ. Надад ганцхан фракц бий. Тэр нь Монгол Улс. Энэ эрх ашгаасаа хэзээ ч ухрахгүй. Хэн нэгэн дарангуйлагч, нам эвсэл, аль нэг даргаас айж, өөрийн итгэл үнэмшлээсээ урвахгүй. Хүний хамгийн арчаагүй зан чанар бол өөрөө өөрөөсөө урвах юм шүү дээ. Өөрөөсөө урвасан хүн бусдаас ч урвах нь тодорхой.



-Та Н.Энхбаяр даргыг хэлээд байна уу?

-Үгүй дээ. Яагаад заавал Н.Энхбаяр дарга бид хоёрыг зөрчилдсөн, үл ойлголцсон мэт харагдуулах гээд байгаа юм. Бодитоор хар л даа. Улс төрд ийм бэртэгчингүүд дүүрэн байна шүү дээ. Үүнийг л хэлж байна. Гэхдээ бүгдийг нь хамруулаагүй шүү. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кенниди нэгэнтээ “Эх орон минь надад юу өгсөн юм гэж асуухын оронд би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асууж бай ” гэж хэлсэн байдаг. Монголын улстөрчид үүнтэй адил “Би Монгол Улсын төлөө юу хийж чадах вэ” гэдгээ өглөө бүр боддог байвал мөн ч сайхансан. Ийм л байр сууринаас асуудалд ханддаг байвал фракцлах, бүлэглэлд хуваагдах шаардлага байхгүй. Энэ зун манай хоёр хөршийн тэргүүн айлчиллаа. Монголын эдийн засаг, цаашлаад улс орны хөгжилд тустай олон гэрээ, хэлэлцээрийг хийж “Танай улсыг дэмжье, хамтаръя” гэж хэлээд явлаа. Гэтэл тэд явав уу, үгүй юу ард нь бид дотроо хөлөө жийлцээд, сандал ширээ булаацалдаад, ажлаа хийсэн юмгүй бужигнаад эхэллээ шүү дээ. Ингэхээр бид гадныхан төдийгүй иргэдийнхээ итгэлийг яаж олох юм бэ. Одоо хоёр хөршийнхөн маань биднийг шоолж байгаа. Шоолохоос гадна “Монголчууд бүтэхгүй юм байна, итгэл даахгүй нөхдүүд байна, хэлсэн ярьсандаа хүрдэггүй” гэдэг дүгнэлт хийж толгой сэгсэрч суугаа байлгүй. Тиймээс л фракцлахын гайг дахин дахин сануулаад байгаа хэрэг.

 


-Тэгэхээр Ч.Улаан гишүүн та хоёрыг АН-д орж магадгүй гэдэг яриа гарсан байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зорилготой тарааж байгаа худлаа мэдээлэл гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Хэсэгхэн хүн баяжаад, дийлэнх нь ядуу биш , нийтээрээ сайхан амьдралтай болгохыг баримтладаг зүүний үзэл баримтлалтай хүн. Үүнээсээ хэзээ ч ухрахгүй.



-Ер нь одоо Н.Энхбаяр дарга та хоёрын харилцаа ямар байгаа вэ?

- Том дарга нарыг долоочих шахаад гүйгээд байдаггүйг минь хүмүүс мэдэх байх. Н.Энхбаяр даргыг өндөр дээд албан тушаалд байхад нь үүдэнд дугаарлаад суугсадын дотор байгаагүй гэдгээ бардам хэлнэ. Оногдсон ажлаа хариуцлагатай хийхийн төлөө л зүтгэж явлаа. Тиймээс би хэнд ч өргүй. Хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг зантай. Мэдээж Н.Энхбаяр даргын хэлсэн болгон, хийсэн бүхэн зөв гэж боддоггүй. Хүн учраас алдах, эндэх, буруу ташаа ойлгох юм байх. Хамгийн гол нь дээд түвшний удирдлагыг даган далдганаж, буруу ташаа мэдээллээр тархийг нь угаадаг бүхэл бүтэн бүлэг хүмүүс байдаг гэдгийг ухаарч ойлгож тэднээс зай бариуштай байгаа юм. Гэхдээ энэ олон жил улс төрд зүтгэсэн түүний хувьд арвин туршлага мэдлэг, бусдад үлгэр болохоор сайхан чанар их бий. Хэлсэн ярьсанд нь авах гээхийн ухаанаар ханддаг. Ажил хийж яваа хүмүүст мэдээж санал зөрөлдөх зүйл гаралгүй яахав. Тэр бүр өөрийнхөө итгэл үнэмшлээс урваж, бусдыг дагадаг алиа салбадай байхыг хүсэхгүй байна.



-Угшил нэг МАН-тайгаа дайсагналцах ёсгүй гэдэг таны үзэл бодол Н.Энхбаяр даргын дургүйцлийг төрүүлдэг байж болох юм?

-Мэдээж бид АН-тай гэрээ байгуулсан учраас замын дундаас буцаж, тавьтиргүй загнах учиргүй. Нэг үзэл баримтлалын дор нэг зорилго өвөртлөн явсан журмын нөхөдтэйгээ одоо ч сайн харилцаатай. Тийм болохоор зарим хүмүүс хардаж сэрддэг тал бий.

-Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтөөс илүү Засгийн газрын тэргүүн огцорчихож ч мэдэх нөхцөл байдал үүчихээд байх шиг байна. АН-ынхан өөрсдөө ч гарын үсэг цуглуулаад байгаа бололтой. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
- Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн турш боломжийн хэмжээнд ажиллаж байна. Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийх төсөл оруулж ирснээр долоон сайдаа явууллаа. Үнэндээ тэр санал хураалтын үеэр долоон сайдаа явуулахгүй гэж би кноп дарсан. Манай Ч.Улаан сайдаас эхлээд бүгд л муугүй ажилласан. Гэтэл одоо Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөөд эхэллээ. Нэг танхимд ажиллаж байж, Засгийн газрын тэргүүнээ огцруулна гэж санал лав өгөхгүй. Н.Алтанхуягийг огцрууллаа гэхэд намын даргаар хэнийг сонгох, хэн Ерөнхий сайд болох гээд хор найруулалт улам л гаарч мэднэ. Дараагийн засаг нь гарлаа ч түлхэн унагах гээд эцэс төгсгөлгүй улстөржилт үргэлжилнэ шүү дээ. Энэ бүхний цаана эдийн засгийн байдал улам хүндэрч ард иргэд л хохирсоор үлдэнэ.

 


Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Эх сурвалж:Өдрийн сонин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.