Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын шинэ бүтэц

2014/12/04
Share |
Хүмүүс:
 Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын шинэ бүтэц

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, хуулийн шинэ төслүүдийг өргөн барьлаа.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа танилцууллаа. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд доор сайдууд ажиллахаар төсөлд тусгасан байна.

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

  2. Гадаад хэргийн сайд;

  3. Сангийн сайд;

  4. Хууль зүйн сайд;

  5. Аж үйлдвэрийн сайд;

  6. Батлан хамгаалахын сайд;

  7. Барилга, хот байгуулалтын сайд;

  8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

  9. Зам, тээврийн сайд;

  10. Уул уурхайн сайд;

  11. Хөдөлмөрийн сайд;

  12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

  13. Хүнс, хөдөө аж ахуйн сайд;

  14. Эрчим хүчний сайд;

  15. Эрүүл мэнд, спортын сайд;

  16. Монгол Улсын сайд.

Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын удирдамж, чиглэл, зохицуулалтаар байнга хангаж ажиллах бөгөөд ингэснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна.

Засгийн газар нь 15 яамтай ажиллана. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн яам байна. Аж үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам,Эрүүл мэнд, спортын яам нь чиглэлийн яамд байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Улсын Их Хурлаас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өнгөрсөн хугацаанд 2013 онд 3 удаа, 2014 онд 1 удаа өөрчлөлт оруулж байсан бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөхтэй уялдуулан, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8.1-д заасан шаардлагад нийцүүлэн уг тогтоолыг шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр тогтоолын бүтэц, уялдаа хангагдах ажээ.

Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 18 ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг тус тус татан буулгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй уялдуулан сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын агентлагуудыг тодорхойлсон байна. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 3 жил манай улсад тасралтгүй буурч байгаа хүнд үед хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах, өөрчлөн байгуулах зэрэг асуудлыг Ерөнхий сайдын шууд удирдлагад хариуцуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзэн, холбогдох өөрчлөлтийг хуулийн төслүүдэд тусгажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.