БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр”

2014/12/09
Share |
Хүмүүс:
БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр”

БНСУ-ын Сөүл хотын "Кореа" их сургуулийн "Анам" эмнэлэгийн зүрх судасны төвд ажиллаж буй Ц.Саруул гэх бүсгүйн захидал та бүхэнд нэгийг бодогдуулна биз ээ. Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР

Солонгост ирээд тав дахь хавартайгаа золгож байна. Анх ирэнгүүтээ эмнэлэгт суралцагч эмч хийж эхлэхдээ Монгол, Солонгос хоёрын эмнэлгийн газар тэнгэр шиг зөрүүтэй байдлыг хараад багтарч байснаа нуухгүй. Би бас зүрхний шигдээс болсон аавыгаа Монголд орхиод л ирж байсан, Монгол руу утасдах бүртээ аавынхаа цусны даралт тасралтгүй унаж, байнга дуслаар даралтыг нь барьж байгаа талаар сонсохдоо дотор минь хэрхэн харанхуйлдаг байсныг, аавтай минь адил оноштой Солонгос хүмүүс зүрхний шигдээс болонгуутаа эмнэлэгтээ ирээд яаралтай хагалгаа, мэс ажилбарт ороод гуравхан хоногийн дараа өрөөндөө гэр бүлийнхэнтэйгээ инээлдээд яриад сууж байгаа тэр жаргалтай дүр зургийг хараад дотор минь хэлэхийн эцэсгүй хар шуурга дэгддэг байснаа одоо санахаас ч айна. Аз болж аав минь одоо амьд сэрүүн болохоор тэр үеийн сэтгэлийн хөндүүрээ хэсэг мартжээ.

Гэвч тэр хөндүүрийг маань сэдрээх үйл явдал үргэлжилсээр байгаад харамсаж бичлээ.

Солонгост ирэх Монгол өвчтөнүүд 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдсээр өнөөдөр зарим эмнэлэг бараг л монгол эмнэлэг шиг болжээ. Тэдгээр эмнэлгийн нэг нь миний ажилладаг эмнэлэг. Би энд Солонгос эмнэлэг, Монгол эмнэлгийг харьцуулахыг хүссэнгүй. Харин хүнд амьдралыг туулж байгаа Монголчуудаа өмөөрч, өмгөөлмөөр байна.

Эрүүл Мэндийн яамнаас бэлгэвч үнэгүй тарааж эхэлж гэсэн мэдээг өнөөдөр аваад, хагалгааны ширээн дээр минь хэвтэж байгаа 35-хан настай, идэр залууг хараад сэтгэл минь шимширлээ.

Эрүүл Мэндийн яамнаас бэлгэвч үнэгүй тарааж эхэлж гэсэн мэдээг өнөөдөр аваад, хагалгааны ширээн дээр минь хэвтэж байгаа 35-хан настай, идэр залууг хараад сэтгэл минь шимширлээ. Энэ залуу гурван хүүхэдтэй, эхнэр нь бидний шинжилгээний хариуг хүлээгээд, хагалгааны өрөөний үүдэнд бүлтийтлээ сууж байгаа. Эхнэрт нь танай нөхөр зүрх солиулахаас өөр эмчилгээгүй болжээ гэдгийг яаж хэлэх вэ? Энэ залуугийн өвчнийн шалтгаан өөрийнх нь лав буруу биш, гэр бүлээ авч явах л гэж зүтгэсэн болохоос архи ууж элдэв болоод хүнд өвчин туссангүй. Монголын эмнэлэг, эмч нарын буруу биш, 2004 онд анх өвчин нь оношлогдсоноос хойш Монголын маань эмч нар манай орны нөхцөлд хийгдэж байгаа бүх л боломжит эмчилгээгээ хийж. Өвчний карт дээр нь тэмдэглээстэй байна. Хэрвээ манай эмч нарт энэхүү өвчнийг оношлодог тоног төхөөрөмж нь байгаад, эмчилдэг эм нь байсан бол энэ хүн зүрх солиулах хэмжээнд хүртэл хүндрэхгүй байсан нь тодорхой. Эмнэлгийн бус хүмүүс бодно л доо, тэгээд тэр хэрэгтэй төхөөрөмжөө аваад, эмийг нь оруулаад өвчтөндөө уулгах л хэрэгтэй, яагаад болохгүй байгаан гэх байх, их хадуурвал нөгөө хэдэн эмч нараа авлигач болохоороо авлига хараад олигтой эмчилгээ хийсэнгүй гэнэ.

Мөнгөний хувьд, эмнэлгийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, эмийн худалдан авалтанд эмч оролцдоггүй юм. Эрүүл мэндийн яамны бэлгэвч үйлдвэрлээд тараагаад байдаг, дарга сайд нар оролцдог юм.

Ганцхан энэ залуу ч биш, энд ажилласан таван жил юу эсийг үзэж, үүнээс харамсмаар тохиолдолтой хичнээн таарав даа. Солонгос улс баян болохоороо ч тэгдэг юм уу, бүх эмч нараа урт богино хугацаагаар өндөр хөгжилтэй бусад орны эмнэлэг рүү сургахаар явуулдаг. Гадаад гэж намайг ч ялгалгүй явуулдагт нь талархаад баршгүй.

Солонгос, Америк, Европ, Хятад, Тайландын бүх эмнэлгүүдэд нийтлэг ганцхан, үнэхээр авууштай зүйл бий. Тэр нь хүнлэг байдал. Эдгээр оронд эмнэлэг нь хэдийгээр бизнесийн байгууллага боловч хүнлэг. Тэрхүү хүнлэг байдал нь хэрхэн илэрдэг вэ? Тухайн өвчтөнд тохирох хамгийн зөв эмчилгээг шууд хийдэг. Манай орны хувьд энэ байдал хэрэгжиж чаддаггүй. Хонх нь дугарахаар дамар нь таг, дамар нь дугарахаар лам нь таг гэдэг үг манай эмнэлгүүдэд хэрэгждэг. Эмчилгээг нь хийж чаддаг эмч нь байхаар тоног төхөөрөмж нь байхгүй, тоног төхөөрөмж нь байхаар эм нь байхгүй, эм нь байхаар өөр юу нь ч юм дутдаг үзэгдэл эмнэлэг дээр өдөр бүр тохиолддог. Харин энд өвчтэй хүнд хэрэгцээтэй бүх зүйлс эм тарианаас эхлүүлээд хэвтрийн өвчтөний памперс, халдаг гудас гээд дутуу зүйлгүй.

Солонгос, Америк, Европ, Хятад, Тайландын бүх эмнэлгүүдэд нийтлэг ганцхан, үнэхээр авууштай зүйл бий. Тэр нь хүнлэг байдал.

Үнэгүй бэлгэвч тарааж явахын оронд хэвтрийн өвчтөний хөтөвчөөр бүх эмнэлгээ хангамаар юм.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин хэцүү. Бидний хэнийг ч ялгахгүй. Тэр тусмаа өдрөөс өдөрт өтөлж буй хайртай дотны эцэг, эх, эмээ, өвөө нараа харахаар харамсах сэтгэл төрнө. Бидний эмээ, өвөө бүгд л социализмын үед эх орныхоо, үр хүүхдийнхээ төлөө ажилласан. Тэдний үед өнөөгийн биднийх шиг мөнгө хуримтлуулна, сая саяар нь хадгална гэсэн ойлголт байсангүй. Тиймдээ ч хөрөнгө зоорьтой нь цөөн биз. Харин өнөөдөр тэд өвдвөл эмнэлэгт очоод хэрэгтэй үйлчилгээгээ авч чадах уу? Монголд эмчлэгддэггүй тийм өвчтэй бол яанаа? Амьдралын боломжтой нэг нь гадаад руу эмчилгээнд аваад л явах байх, боломжгүй нэг нь яах вэ? Ямар ч эмчилгээгүйгээр хайртай дотны хүн чинь гар дээр чинь үхэж байгааг харах шиг сэтгэлийн там байхгүй. Тэгвэл бүх насаа Монгол орны төлөө зориулсан тэр буянт хүмүүс маань өнөөдөр юуны төлөө зүтгэсэн хэрэг вэ? Өнөөдрийн Монголын нийгэм ямар аймшигтай хатуу нийгэм вэ? Зах зээлийн нийгэм угаасаа хатуу гэж цэцэрхэх цэцэрхэгчдэд хэлэхэд “Үгүй ээ, тийм ч хатуу биш, дор хаяад өвдсөн бол эмчлүүлж болдог юм” гэж хэлнэ.

Өнгөрсөн зун хөдөө аймгуудаар үзлэг хийж явахдаа 37 настай эмэгтэйтэй танилцав. Бас л маш хүнд зүрхний өвчтэй, эмнэлэгт хэвтээд л гараад, гэртээ 3-4 хоноод л бие нь муудаад буцаж эмнэлэгтээ хэвтэж байгаа хүн байлаа. Тохирох уух эм нь Монголд олддоггүй болохоор эмчлэгч эмч нь манайд олддог хэдэн эмээ л бичсэн байлаа. Тэгсэн ч бие нь сайжирсангүй, тэр эмэгтэй бурхны орныг зорисонг сүүлд аймгийнх нь эмчээс сонссон. Боломжтой амьдралтай хүн байсан бол өвдөж эхлэхдээ л гадаад руу эмчилгээнд явах байсан байх даа?

Үнэгүй бэлгэвч тарааж явахын оронд хэвтрийн өвчтөний хөтөвчөөр бүх эмнэлгээ хангамаар юм.

Бас нэг тохиолдол Багануурын 70 настай хөгшинтэй уулзлаа. Өвөө баруун тийш хараад хэвтэхээрээ л ухаан алдчихдаг юм байна. Монголд эмчилж чадахгүй ээ. Тоног төхөөрөмж нь байхгүй. Харин Монголын хилийн дээс давсан л бол хаана ч дор хаяад Өвөр Монголд ч эмчлэнэ дээ. Харин өвөө өөрөө “Үхэхийн хооронд хэдэн хүүхдээ зовоож, мөнгө төгрөгийг үрээд юу хийхэв дээ” гэх юм. Уул нь хэнч амьдрахыг л хүсдэг. Ийм зүйлс бид бүгдийн амьдралд бишгүй л тохиолдож байгаа. Одоо яая гэхэв дээ, аймар юм гээд л өнгөрдөг.

Гэвч хэдий болтол ийм байдлаар үргэлжлэх вэ?

Солонгост эмчилгээнд ирж байгаа дийлэнхи нь Монголд эмчлэгдэхээргүй өвчтэй тул ирж байгаа. Эмнэлгийн төлбөрийн өндрийг нь гайхаж, шагшраад л. Өөрийн орны иргэддээ бол тийм өндөр үнэтэй биш ээ. Учир нь даатгалаас төлбөрийг нь төлдөг юм. Монгол өвчтөн даатгалгүй тул маш олон асуудал урган гардаг. Ямар ч улс орны эмчилгээ, оношлогооны удирдамжинд зааснаар эмчилгээ, мэс засал, оношлогоо бүр сонголттой байдаг. Өөрөөр хэлбэл А аргаар эмчлээд үр дүнгүй бол Б аргаар эмчил гэсэн удирдамж бий. Хүн бүрийн эмчилгээнд А арга тохирохгүй тэгвэл аль ч орны даатгалтай иргэд эргэлзэх зүйлгүйгээр Б эсвэл В аргын эмчилгээг сонгодог. Харин Монголчуудын хувьд энэ хэцүү. А аргаар өчнөөн мөнгө төгрөг төлөөд эмчилгээ хийлгэтэл үр дүн өгсөнгүй, одоо Б арга нь бас л баахан мөнгө гарна. Яах вэ? Хэрвээ Монголчууд маань эх орондоо эмчилгээгээ хийлгүүлж чаддаг бол ийм хүнд асуудлаас олон хүн тойрч гарах байсан.

Дараагийн том харуусал нь Монгол хүн хичнээн залуу байсан ч элэгний аль нэг вирусийн халдвар тээгч байх юм. Элэгний вирусийн халдваргүй дөчөөс дээш насны хүн ховор гэдгийг мэднэ ээ. Гэвч яагаад 40-өөс доош насныханд элэгний вирусийн тархалт өндөр байна. Энэ бол ирээдүйн том аюулын харанга. Одоо л үүний эсрэг тууштай арга хэмжээ авахгүй бол хожим нь бид эх орондоо хичнээн Элэг Солих төв байгуулаад ч хүчин мөхөстөж мэднэ.

Дэлхийн бусад улс орнууд биднээс илүү ухаантайдаа нэн тэргүүнд эрүүл мэндийн салбараа хөгжүүлжээ. Ард иргэд нь эрүүл байж улс орон хөгжинө гэдгийг их сайн ойлгож. Харин Монголчууд бид яагаад энэ энгийн зүйлийг ойлгохгүй байна аа?

Өнөөдөр Монголчууд бид яагаад эх орондоо эмнэлгийн бүх үйлчилгээгээ авч болдоггүй юм бэ? Яагаад гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалт гээд өвчний жагсаалтыг гаргаад тавьчихсан байгаа вэ? Хэрэглэдэг тоног төхөөрөмж нь үнэтэй юу? Эмч нь байхгүй юу?

Гэтэл энэ бүхнээс илүү их мөнгөөр бэлгэвч тарааж байна.

Бүх нэршлээр нь оруулаад тавьчихвал Эрүүл Мэндийн яам өөрийн ямар ч чадавхигүйг нийтэд зарлах учраас багцлаад 27 өвчин болгосон юм.

Яг үнэндээ Гадаадад эмчлүүлэх 27 өвчний жагсаалт гэх боловч тэрхүү жагсаалтыг нарийн задлаад үзвэл өчнөөн олон өвчин бий. Бүх нэршлээр нь оруулаад тавьчихвал Эрүүл Мэндийн яам өөрийн ямар ч чадавхигүйг нийтэд зарлах учраас багцлаад 27 өвчин болгосон юм. Зүрхний хэм алдагдлын WPW syndrome л гэхэд дангаараа 3 эмгэгийг төлөөлнө. Мөн энэхүү өвчнийг оруулсан хэрнээ энэ өвчнөөс хүнд зүрхний хэм алдагдлуудыг огт оруулаагүй нь албаар мэдэн будилснаас зайлахгүй. Хүмүүс энэхүү жагсаалтыг хараад Монголчууд их цөөн өвчнийг л эмчилдэггүй юм байна. Иймэрхүү байхад болно доо гэсэн хоосон тайтгарал үүсгэх л гэж 27 болгож багцалсан байх.

Өнөөдөр бидэнд газар буухуйц үр дүнтэй эрүүл мэндийн бодлого үгүйлэгдэж байна. Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс салгах цаг нэгэнт болсон, эрүүл мэндийн яамыг салбараа мэддэг эмч нарт нь даатгая.

Ц.Саруул

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.