“Outlaw” хамтлагийн ахлагч СТА Э.Ариун-эрдэнэ: Эх орон дуудсан цагт явахад бэлэн

2014/12/10
Share |
Хүмүүс:
 “Outlaw” хамтлагийн ахлагч СТА Э.Ариун-эрдэнэ: Эх орон дуудсан цагт явахад бэлэн

Хип хоп сонирхогч залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-эрдэнийг бид энэ удаагийн "Чухал яриа" буландаа урьж ярицсан юм.

 

Энэ жил “Outlaw” хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцсанаа та бүхэнд хүргэе.

 

Э.Ариун-эрдэний хувьд хамгийн сүүлд нээлтээ хийгээд удаагүй байгаа "Зүрх зогсохгүй" хэмээх уран сайхны кинонд "Нэхийт" гэх залуугийн дүрийг бүтээгээд байгаа билээ.  

 

 

 

“Outlaw” хамтлагаар сонин сайхан юу байна вэ. Хамгийн сүүлд хийсэн уран бүтээлээс яриагаа эхэлье?  

 

Уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Манай хамтлаг Double цомог гаргах гээд ажиллаж байна. Хамгийн сүүлд “ Guys” хамтлагийн Төгсөө ахын маань ая “Нандин” гээд дууг гаргасан. Энэ дуу маань бас “Зүрх зогсохгүй” киноны sound track болж гарсан.

 

 

“Outlaw” хамтлаг хип хоп хамтлаг боловч дууныхаа дахилтуудыг өөрсдөө үнэхээр сайн дуулдаг. Танай хамтлагт мэргэжлийн дуучин бий юу?

 

Яг урлагийн сургууль төгссөн зүйл байхгүй. Цэвэр мэдрэмжээрээ дуулдаг. Хип хоп дуулахад  урлагийн сургууль төгсөх шаардлага байхгүй. Манай дахилт дуулдаг залуу маань Эрдэнэтийн Горнек соёлын ордонд багаасаа Орос школьтой төгөлдөр хуурийн ангид  сурч байсан. Ер нь багын авъяастай хүүхдүүд.

 

 

-Эрдэнтийн хамтлаг гэдгээр нь хүмүүс та нарыг сайн мэддэг. “Outlaw” хамтлагийхан одоо Эрдэнэтэд байна уу хотод байдаг уу?

 

Бүгдээрээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Мэдээж зах зээл ойрхон газраа уран бүтээлээ хийж үзэгч сонсогчиддоо хүргэж байна.

 

 

-Хамтлагийн нэрний утга санаа?

 

Хуулиас гадуур гэсэн утгатай. Үзэл бодол, үгээ эрх чөлөөтэй хэлнэ гэсэн утгатай юм даа.

 

 

-Хамтлаг анх байгуулагдаж байсан тухайгаа дурсвал?

 

“Outlaw” хамтлагийн бүрэлдэхүүнд давхцалгүйгээр ороод гарч байсан 7 хүн байдаг.  Одоо бол Ариука, Жагаа, Чинзо, Сайхнаа гэсэн дөрөв гишүүн уран бүтээлээ хийж байна. Анх 2004 онд Эрдэнэт хотод Ариука, Сайхнаа гээд хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Долоон гишүүний маань хоёр нь Европт байгаа, нэг нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна.  Энэ жил манай хамтлагийн 10 жилийн ой болж байгаа. Түрүүн хэлсэн хоёр цомгоо ойдоо зориулаад гаргах гээд ажиллаж байна. Хоёр цомгийн маань нэг нь бэлэн болсон хоёр дахь цомог нь 70 хувьтай явж байна.

 

Цомгоо хаана бичүүлсэн бэ?

 

СУИС-ийн ард талд байралдаг “Ferfect” хамтлагийн Баяраа ахын “Намуун” студи, “Сүнс” хамтлагийн Лхагва ахын “Маx Music” рекордес, Цэрэнгийн “Royal”  студи, “ Guys” хамтлагийн Төгсөө ахын студи, Төрөө ахын “New Star”гэх мэт студиудад бүх дуугаа оруулаад дуусаж байгаа.

 

Цомогт хэдэн дуу орсон бэ?

 

Эхний “Thank you Outlaw”цомог 16 дуутай. Дуунууд нь одоохондоо ихэдсэн байгаа учраас сонгоод шилэгдмэл гэсэн дуунуудаа оруулан. Гэхдээ “Эхлэл” цомгоос хойших дуунууд орно. Хоёр дахь цомог 11 дуутай.

 

 

-10 жилийн ойдоо зориулаад “Outlaw” хамтлаг тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

 

Уг нь бодож байсан. Энэ зун киноны ажил гээд хойшилчихлоо. Эхний ээлжинд хоёр цомгийн дуунуудыг клипжүүлээд ар араасаа гарна. Он гараад томоохон хэмжээний концерт төлөвлөгдөж байгаа.

 

 

Кинонд тоглосон гээд ярьлаа. Кинонд ямар дүр бүтээсэн бэ?

 

“Зүрх зогсохгүй” кино маань “Скин” интертайментийн бүтээл. “Скин”интетайментай бид өмнө ”Шаргал гуниг” дууны клипэн дээр хамтарч ажиллаж байсан. Маш авъяаслаг чадварлаг залуус байдаг. Тэр үеэс ер нь ойртож ажиллаж эхэлсэн.

 

Өнгөрсөн зун таван сард Скин интертайментийн Анар уулзъя гээд “Ариука нэг ийм кино байна” гэж санал тавьсан. Өмнө нь би ерөөсөө кинонд тоглоно гэж бодож байгаагүй болохоор их сонин байсан. Хамгийн гол нь кино маань эр цэргийн тухай байсан нь маш их таалагдсан. Би өөрөө 10 жил төгсөөд их сургууль гээд цэргийн алба хааж чадаагүй. Тэгээд л яваад үзье гэж бодсон.

 

Кинонд  дөрвөн үл бүтэх этгээд байгаа. Минийх Нэхийт гээд залуугийн дүр. Нэхийт гэдэг нь амьдрал дээр Монгол улсын Баатар хүн байсан юм байна лээ. Энэ хүний нэрээр бас намайг нэрлэж тоглуулсан.

 

 

-Хэрвээ одоо цэргийн алба хаа гэвэл явах уу?

 

-Одоо нас энэ тэр нь яадаг юм бол. Тэрнээс биш эх орон дуудвал явна гэж кинонд тоглож байх үед бодогдсон. Монгол улсынхаа хил дээр очоод  Оросын хилийн цэргүүдтэй уулзаж байхад маш их омогшдог юм билээ. Бид нар яг үнэндээ Монгол нутгийнхаа элгэн дээр нь хар багаасаа тоглож өссөн эх орноо дуудах цагт нь очиж чадаагүй дээ кинонд явж байх үедээ өөрөөсөө жаахан ичиж эвгүй санагдсан. Хил дээр байгаа 19-20 настай залуусаар маш их бахархаж байсан. Бид хэд Цэргийнхээ бэлтгэл хийж цэргийн нормд дадлагажихийн тулд тэнд алба хааж байсан цэргүүдтэй өглөө болгон босч гүйх, харайх бүх бэлтгэлүүдийг сар гаруй хамт хийсэн. Оройн жагсаал дээр эх орныхоо тухай дууг дуулаад алхаад явж байхад эр хүний жаргал тэнд л байгаа юм шиг санагдаж байсан.

 

 

Э.Ариун-эрдэний хувьд ямар сургууль төгссөн бэ?

 

УБИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007 онд төгссөн. Тэрнээсээ хойш хамтлагийнхаа бүхий л ажлыг гардаж хийж байна даа.

 

Киноны дүрд сонгогдсон гэхээр. Хамтлагаасаа хамгийн жүжиглэх авъяастай нь байсан юм болов уу?

 

Тэрнийг бол би сайн мэдэхгүй байна. Өмнө нь бол жүжиглэх талын "А"  ч байхгүй ш дээ. Гэхдээ уран бүтээлч хүн болохоор арай өөр байх. Дуу дуулахад дуундаа орж, дотортой дуулдаг гээд зүйлүүд байна. Тэрнээс биш хамтлагийнхаа клипэнд л орж байсан. Камертай харьцахын хувьд бол айдас байхгүй.

 

Анар бас чадна гэж бодож итгэл хүлээлгэсэн учраас надтай уулзсан юм боловуу. Тиймээс ч итгэлийг алдахгүй юмсан гэж өөрийгөө их дайчилж ажилласан. Би өөрөө ч кино үзэхдээ их шүүмжилж, шүүмжлэгчийн үүднээс үздэг. Тийм учраас өөрийгөө тэгүүлэхгүй нь тулд өөрийнхөө хэмжээнд их хичээсэн.

 

Кинонд тоглоход хөгжилтэй, хэцүү гээд олон зүйлүүд байсан байх?

 

Бид нар Сэлэнгээс цаашаа 200 км-т нэгдүгээр заставт ямарч утас холбоо байхгүй газар сар гаруй байсан. Энэ нь тухайн байран дээрээ стресс тайлагдаж амралт болж өгсөн. Заставаас 100 км машин явдаггүй зөвхөн морьтой явдаг газар явахад холгоод... Учир нь хийлийн цэргүүд морьдоо их хайрладаг, давхидаггүй юм билээ. Уг нь давхивал бид нар хурдан хүрэхээр байдаг. Зарим алхаа муутай морьд нь нуруу бөөр тасрах гээд энэ мэт зүйлүүд хамгийн хэцүү байсан. Бас тооцоолоогүй алдаанууд маш их гарч байсан. Хээр бид гурав хонох байсан боловч батерей цэнэглэгч маань шатаад,  хүнсээ хоногтоо тааруулаад аваад явчихсан байсан болохоор хүй нэгдлийн үе рүү очсон. /инээв/

 

Эрэгтэй хүүхдүүд ялангуяа цэрэг, цагдаа болон гэж их боддог чиний хувьд ямар хүн болно гэж боддог байсан бэ?

 

Цэрэг, цагдаа болно гэж бодож байгаагүй. Мундаг л хүн болно гэж боддог байсан. Мундаг гэхээр бараг ойлгогдож байгаа байх. /инээв/

 

 

Ярилцсанд баярлалаа

Ц.ЗАЯА

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.