СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 500 гаруй сурагч хууртагджээ

2014/12/25
Share |
Хүмүүс:
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 500 гаруй сурагч хууртагджээ

“I LOFT” бааранд өсвөр насны хүүхдүүд буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан "Single party", "Kiss me party" зэргийг зохион байгуулж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг зөрчиж, тэднийг буруу зүйлд уруу татсан тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, хэд хоногийн өмнө тус бааранд болсон "Kiss me party"-ны үеэр авсан танихгүй хэн нэгэнтэй эрээ цээргүйгээр үнсэлцэж буй хүүхдүүдийн зургууд сошиал ертөнцөөр тарав. Зарим нь бүр охидын дотуур хувцас хүртэл барьчихсан харагдана.
Энэ партины фэйсбүүкээр тараасан зарыг та бүхэнд хүргэхэд “Уг парти нь өсвөр насны охид, хөвгүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх өөрийгөө нээх зорилготой зохион байгуулагдаж байгаа. Бид нэг хүнд 5 таван стикер өгөх болно Та таалагдсан охин/хөвгүүн дээрээ наагаад үнсэж болно. Манай шоу өсвөр насны охид хөвгүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх, өөрийгөө нээх зорилгоор явагддаг. Партины үеэр гурван өнгийн бугуйн такс гаргах бөгөөд тус бүрдээ утгатай. Ногоон - ганц бие буюу хосоо хайж байна гэсэн утгатай. Улаан-яасан ч байж магадгүй буюу яаж ч магадгүй гэсэн утгатай. Цэнхэр - намайг бүү оролд буюу хостой гэсэн утгатай. Ногоон, улаан бугуйвч зүүсэн бол таалагдсан охин/хүү дээрээ стикерээ наагаад танилцаж болно” гэсэн байх юм.

-500-ГААД ХҮҮХЭД ХУУРТАГДЖЭЭ-

Энэ партитай холбоотой хэл ам тасраагүй байтал өнгөрсөн амралтын өдөр насанд хүрээгүй, ЕБС-ийн 500-гаад сурагч хулхидуулсан хэрэг гарав. Юу болсон бэ гэвэл “Модны хоёр” орчимд цугласан тэдгээр хүүхдүүд хэн зохион байгуулах гэж байгаа нь тодорхой бус партины такс 10000 төгрөгөөр худалдан авцгаасан байна. Гэвч тэр өдрөө болзсон газраа болзсон цагтаа очиход нь ямар нэгэн парти болохгүй нь тодорхой болж, хулхидуулснаа мэдсэн байна. Ингээд зарим сурагч “School police”-д мэдэгдэж, дуудлага өгснөөр үүсээд байгаа энэхүү хууль бус, байж боломгүй байдал цагдаагийн болон хүүхдийн байгууллагыг “түргэн” авахад хүргэжээ. Дуудлагын дагуу газар дээр нь очиж ажилласан эх сурвалжийн хэлж буйгаар тэнд 12 настай хүүхдүүд ч олон байсан аж.
Тухайн өдөр +15 төрлийн партины гурван ч зар фэйсбүүкт тавигдсан бөгөөд үүнийг зохион байгуулагчид нь өөрсдөө насанд хүрээгүй сурагчид байжээ. Гэтэл насанд хүрээгүй эдгээр хүүхэдтэй хамтран парти зохиох гэрээ байгуулсан гэх “Турбо”, “Люкс”, “Ай Лофт”, “Maсс” зэрэг бааруудыг Сүхбаатар болон Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Парти зохиогч тэдгээр хүүхэд таксаа тодорхой, тогтсон газраар худалдаалаагүй бөгөөд сошиал суваг, фэйсбүүкээр дамжуулан “тэнд, энд ирж ав” хэмээн утасны дугаараа тавих маягаар партинаас өмнө таксаа борлуулжээ. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар, тэнд цугласан 500-гаад хүүхэд таксны мөнгөө одоо хүртэл буцаан олж аваагүй байгаа гэсэн. Түүнчлэн тэднээс гадна 10 мянган төгрөгөөр такс худалдан авч, хохирсон хэчнээн хүүхэд байсныг хэлж мэдэхгүй байна хэмээсэн бөгөөд энэ нь сошиал суваг ашиглан залилан үйлдсэн кибер гэмт хэрэг гэдгийг хэлсэн юм.

-О.СЭЛЭНГЭ: ХАРИУЛЦАХ ЭЗЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДГҮЙ ХЭРЭГ ГАРЧ БАЙНА-

Бид энэ асуудлаар Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгийн байр суурийн сонирхоход “Бага насны хүүхдүүдийг оройн 22:00 цаг хүртэл баар цэнгээний газраар үйлчлүүлэхийг холбогдох газрууд зөвшөөрч байгаа юу гэдэг асуудал сонин байна. Хүүхдүүд энэ партинаасаа гарч, шөнө орой гадуур явж байгаад гэмт хэргийн халдлагад өртвөл хэн хариуцлага хүлээх вэ. Өөрөөр хэлбэл, цахим ертөнцөөр хүүхдүүдийг уруу татаж, хариуцах эзэн, хуулийн этгээдгүй хэрэг гарч байна. Баар цэнгээний газрууд ч зарим хүмүүстэй үгсэн хуйвалдаж ийм зүйл хийж байна. Өдөрт 3-4 газар энэ төрлийн хүүхдийн партиг зэрэг зохион байгуулж байгаа нь үнэхээр санаа зовоож байгаа. Улмаар уг шоу дээр хүүхдүүд хоорондоо үнсэлцэхээс эхлээд нийгэмд маш буруу зүйлүүд сурталчилж байгаад санаа зовж байна. Бид энэ арга хэмжээг зохион байгуулуулахгүйн тулд цагдаагийн байгууллагатай хамтарч олон зүйл хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

+16 НАСНЫХАНД ЗОРИУЛСАН ЭЭЛЖИТ ПАРТИ БОЛОХ ГЭЖ БАЙНА-

Энэ мэтчилэн сургамж авахаар хэрэг энд тэнд өрнөж байгаа ч фэйсбүүк хуудсаар хүүхдүүдийн дунд парти зохион байгуулах тухай зарууд тасралтгүй явсаар л байна. Тухайлбал, маргааш л гэхэд +16 насныханд зориулсан “Single Dance Party” X_Treme гэх бааранд зохион байгуулагдах тухай зар байх юм. Тус зарын агуулгыг сийрүүлбэл “Энэ бол Монголд хаана ч, хэзээ ч зохион байгуулж байгаагүй жинхэнэ парти болох болно. Саагах гэдэг зүгээр гараа өргөөд, доороо дэвхцээд байхыг хэлдэггүй юм аа.
“Single Dance Party”-нд +16 аас дээш насны үе тэнгийхэн, мөн интернэтийн цаанаас биш нүүр нүүрээ харалцан, ер бусын ЗУЛ САРЫН ҮДЭШ-ийг хөгжилтэй өнгөрүүлцгээе. Single Dance Party-ний үдэшт зориулсан нууцалж буй онц сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Такс: 10”000T” хэмээн бичээд холбогдох хоёр утасны дугаар тавьсан байх юм. Улмаар таксаа мөн л утасны дугаараар залгаж байгаа газраасаа ирж авахыг сануулсан байсан учраас бид дээрх мэт залилангийн хэрэг болчихгүй байгаадаа гэсэндээ цагдаагийн болон хүүхдийн байгууллагууд мөн энэ партид анхаарлаа хандуулаасай гэсэндээ сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.