УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил өр, төлбөрөөс зугтаж явна

2015/01/15
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил өр, төлбөрөөс зугтаж явна

УИХ-ын гишүүн, төрийн түшээд спортын холбоодын Ерөнхийлөгч болж, нэр хүндээ өсгөдөг жишиг манайд тогтоод удаж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг гээд нэрлээд байвал олон “Ерөнхийлөгч” улс төрчид бий. Зарим нь үнэхээр тамирчдаа дэмжиж, олон улсын тэмцээнд оролцоход нь тусалж байгаа бол зарим нь зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд ийм сэтэр зүүж явдаг. Үүний нэг жишээ бол УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил. Тэрбээр 2012 онд Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах үедээ бусдад их хэмжээний өр тавьсан ч өнөөг хүртэл энэ өр, төлбөрийг барагдуулахгүй зугтсаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгчээ. Түүнээс хойш энэ байгууллагыг “Хас”-ын Ч.Ганхуяг удирдаж байгаад саяхан ажлаа өгсөн. Өнгөрсөн 3-р сарын 14-нд болсон тус холбооны ээлжит бус чуулганаар Тамирыг тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон ч хурлын шийдвэр хүчин төгөлдөр биш байсан гэж шүүх эрхийг нь цуцалжээ. Нэг үгээр хэлбэл өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо Ерөнхийлөгчгүй болж, хоёр жилийн өмнөх төлбөр буух эзэн, буцах хаяггүй болсон байна. Хохирсон байгууллагууд тэмцээн зохион байгуулж энэ өрийг бий болгосон Ц.Мөнх-Оргилоос нэхэмжилдэг ч “Надад хамаагүй. Тэр холбоо, ЭМЯ-наас нэх” гэж өөрөөсөө зайлуулж, хариуцлагаас зугтаж явна. УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг энэ төлбөрийг төлөх ёстой гэж үзэх хэд хэдэн үндэслэл байна. 


Нэгд, Ц.Мөнх-Оргил тэргүүтэй тус холбооны удирдлагууд тэмцээнийг зохион байгуулахдаа
хохирсон байгууллагуудтай гэрээ байгуулсан.

Хоёрт, одоо хүртэл Улсын бүртгэлд Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч нь Ц.Мөнх-Оргил гэж байгаа. Ийм байтал шүүхийн шийдвэрийг сайн дурыг биелүүлэхгүй байгаа тул уг асуудал шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хэмжээнд хүрсэн байна.
Уг нь нэгэнт тус Холбооны нэр дээр шүүхийн шийдвэр гарчихсан болохоор ШШГА-аас ямар нэг байдлаар хариуцагчийг олж тогтоон, мөнгийг гаргуулах ёстой байдаг. Үнэндээ энэ асуудалд Ц.Мөнх-Оргилын дараа ажлыг нь хүлээж авсан Ч.Ганхуяг ч буруугүй, Ерөнхийлөгчөөр томилогдоод байсан Тамир ч хамаагүй.
Өрийг бий болгосон Ц.Мөнх-Оргил л өрийг барагдуулах ёстой хэрэв уг асуудлыг нэн даруй шийдэхгүй бол Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүртэл хандана гэж нэхэмжлэгч тал үзэж байна.


Мөн дээрх тэмцээнийг зохион байгуулахад ЭМЯ болон олон улсын байгууллагаас тодорхой хэмжээний санхүүжилт өгсөн байдаг аж. ЭМЯ-ны өгсөн мөнгийг хэрхэн зарцуулсан талаар тайлан байдаг ч олон улсын байгууллагаас хэдэн төгрөг өгсөн, хэрхэн зарцуулсан талаар Ц.Мөнх-Оргил ямар ч мэдээлэл өгдөггүй байна. Ингэж шүүхийн шийдвэрээс зугтаан, тарьсан балгаа арилгахгүй яваа нь ариун явдал уу? Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд ашиглаж, өрөнд унагаачихаад “надад хамаагүй” гээд суух нь ариун явдал уу?


Оны өмнөхөн Японы сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй, асуудал үүсгэснээс FIBA-гаас хоёр жилээр эрхийг нь хассан. Ингэснээр Японд ямар нэгэн сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн зохион байгуулахгүйгээс гадна тамирчид нь ч олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон юм.


Үүн шиг Монголын сагсан бөмбөгийн холбоо өрийн асуудлаа цэгцэлж, дарга удирдлагынхаа учрыг олж, бусдад учруулсан хохирлоо нэн даруй барагдуулахгүй бол манай тамирчид, спорт сонирхогч Монголчууд ч бас давхар хохирох нөхцөл байдал үүсээд байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо дээрх асуудлуудаас болж аль хэзээний сануулга авсан сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.