Нэгэн азтай саврын түүх

2015/02/04
Share |
Хүмүүс:
Нэгэн азтай саврын түүх

Улаанбаатар хот 2014 оны 12 сарын 24-ний оройн 20 цаг. Facebook олон нийтийн сүлжээний “Азтай Савар-Амьтанд хайртай залуус” группын хуудсаар урд 2 хөл нь улаан нялга болтлоо бэртсэн нохойн тухай зураггүй мэдээлэл цацагдлаа. “Дэнжийн мянгын Хүчит шонхор захын ойролцоо гудамжинд цусандаа хутгалдсан нохой хөдлөхгүй хэвтээд байна, аль өглөө л байсан тэр газраа хэвтсээр л байна, түүнд туслаач” гэсэн 10 жилийн хүүгийн гуйсан, хүчин мөхөсдсөн, хөөрхий нохойг өрөвдсөн өнгө аястай мэдээлэл байв.

Өвлийн хүйтэн шөнө тэр хөөрхийлөлтэй амьтан хөл дээрээ гишгэж чадахгүй гудамжинд хичнээн хоног, цаг хөшиж хэвтсэнийг мэдэж байгаа хүн ч алга. Тэр мөчид, өдрийн цагаар түм түжигнэж бум бужигнаж, машин түгжрэлдэн чихэлдэж байдаг тэр захын орчинд өнөөх нохой машинд дайруулахад хөлдүү арзгар өвлийн дугуй хөлийнх нь арьс үсийг тэр чигт нь хуулаад авч одож байгаа зураг, гасалсаар арьсгүй хөлөө чирэн замаас арайхийн холдоод хэвтэж байгаа хөөрхий нохойн дүр, нохойг дайрчихаад хээвнэг амандаа хараал хэлээд давхиж одох хүн төрхтэй араатан шиг жолоочийн царай нүдэнд төсөөлөгдлөө.

Дараа нь нохой эргэн тойрноосоо аврал хайсан харцаар харсан ч цаг өнгөрөх тусам ямар ч аврал ирэхгүй, харин ч хажуугаар өнгөрөх хүүхэд багачууд, эрүүл тэнхээтэй нохой хүртэл дээрэлхэхийг мэдэрч улам ихсэх айдас, хөлийнхөө өвчинд шаналах, цус алдсаар байгаа, ядаж байхад хөлдүү газар удаан хөдөлгөөнгүй хэвтсэнээс болоод өвлийн хүйтэнд бие нь хөшиж хөлдөх гээд л энэ хорвоогийн бүх л зовлон тэр дуусдаггүй мөчүүдэд зөвхөн тэр л өчүүхэн нохой дээр буучихсан байгаа дүр зураг үзэгдлээ. Ямартаа ч энэ амьтанд туслая. Очиж авлаа гэхэд хаана хонуулах уу (манай гэрийн азтай савар 2 муур тэр жижигхэн ядарсан нохойг ядах юмгүй шоглоод тасдаад хаячих эрсдэлтэй), яаж эмчлэх үү, хэр хүнд гэмтэлтэй байгаа бол, шархыг нь харж чадах болов уу, харанхуй шөнө гэр хорооллын гудамжинд ганцаараа олоод очих зориг хүрэх болов уу, оллоо гэхэд өргөөд даах болов уу гээд л янз бүрийн зүйл бодогдоод байсан ч туршлагатай нэгэн гарч ирээд түрүүлээд аварчихаасай гэж битүүхэндээ горьдоод хараад л байлаа. Facebook-ийн сэтгэгдэл дээр олон хүн “өрөвдөж байна, авраач авраач” гэсэн сэтгэгдэл бичих боловч шөнийн 10 цаг болоход очиж авахаар, аврахаар хүн гарч ирээгүй л байв. Ямартаа ч “энэ шөнөдөө цус алдаад юм уу осгоод үхчихвэл” гэсэн бодол толгойд орж ирээд мэдээлэл өгсөн хүүтэй хувийн чатаар нь холбогдож байршлыг нь заалгасан боловч сайн ойлгосонгүй. Хүү “та яг одоо хурдан ирээрэй тэгэхгүй бол харанхуй шөнө ээж аав намайг гаргах нь битгий хэл утсаа ч авч чадахгүй шүү” гэж байна. Тэгэхэд нь “одоо гарлаа дөхөж очоод залгая чи утсаа л ямар ч байсан аваарай” гэж гуйлаа. Яг тэр үед азтай саврын нэг админ “тийшээ цуг явах хүн байна уу” гэж бичлээ. Би ч “яг одоо гарлаа” гэж хариу бичээд гараад гүйлээ. Замаараа цуг явах хүнээ авах гээд дөхөөд залгатал утас нь унтраалттай. Хэд хэд залгатал байдаггүй шүү. Тэр хооронд хүү утсаа хаагаад олдохоо больчих гээд байдаг. Цаг шөнийн 11 өнгөрч байдаг. Машинаа дэнжийн мянга руу эргүүлээд давхиж байтал цуг явах хүн маань “утасны цэнэг дуусчихаж, уучлаарай яг хаана байна” гээд залгав. Хичнээн баярлаваа. Бид 2 ч дэнжийн мянгын тэр хавьд бага зэрэг төөрснийг эс тооцвол хүүтэй утсаар холбогдоод нохойг дор нь оллоо. Намайг машинаас нохойг ороочих муусайн юм хайж байх хооронд Азтай Саврын админ маань харанхуй гудамж руу ганцаараа харайгаад л орлоо. Машины ард дээл доторлоно гээд найзынхаа тавиулсан нэг шинэ даавуутай тор гарт дайралдангуут эргэлзэх юмгүй аваад л араас нь гүйлээ. Гэтэл аврагч маань ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй жижгэвтрүү биетэй ямар ч хөдөлгөөнгүй нохойг шууд л энгэртээ тэвэрчихсэн өмнөөс гараад ирэв. Цус энэ тэр нь ч харанхуйд сайн харагдсангүй. Гэхдээ маш зориуртай, бас айсан өрөвдмөөр цустай хутгалдсан царай, нүүрээ ч эгцэлж чадахгүй гөлгөнөх аймшигт харцыг олж харлаа.

Бид 2 ч хамжиж байгаад машины арын суудалд аль болох эвтэйхэн байрлуулаад кабины гэрэл асаагаад хартал, нүд хальтармаар аймшигтай төрх, урд 2 хөлийн арьс үс нь тэр чигтээ байхгүй, нохойн биеийн үс нь хаа сайгүй цус болсон байдлыг хальт хараад л урагшаа харчихлаа. Айгаад олигтой юм ч ярьж чадсангүй. Гэтэл админ маань “шөнөдөө осгуулахгүйн тулд хөнжлөөр бүх биеийг нь ороож хонуулах хэрэгтэй, манайхаас очиж хөнжил авна, Нарангарав гишүүний (азтай саврын бас нэг аврагч) байрны гадаах түр оромжинд өглөө болтол байлгаад эмнэлэг хүргэнэ” гээд л бүгдийг дор нь зохицуулчихав. Нохой айсандаа болоод нүүрээ бараг тэр чигт ч суудал руу наагаад огтхон ч эгцэлж харахгүй байлаа. Ойлгомжтой. Зарим нэг хүн төрхтэй араатнаас л болоод тийм болсон байх.

Ингээд Цагаанааг хүргэчихээд гэрийнхээ гадаа ирээд өөрийгөө хартал куртикний энгэр тэр чигтээ цус, бас машины арын суудал нил цус болчихож. Нохойг тэврээгүй байж л дайны талбараас ирсэн юм шиг гэж бодоод өөрийгөө шоолж ганцаараа инээсэн боловч тэр жижигхэн амьтан маш их цус алдаж байгааг мэдээд их өрөвдөв. Ингээд Цагаанаа маргааш нь өглөө эрт СОС мал эмнэлэгт хүргэгдэж ямартаа ч Азтай Савар группын ачаар, бас СОС мал эмнэлгийн эмч нарын ачаар амь нас нь аюулаас холдлоо.

Хэзээдээ ч хэн нь Цагаанаа гээд нэр өгчихсөн юм бүү мэд. Азтай Саврын админ, Нарангарав, эсхүл эмч л өгсөн байх. Гэхдээ л нэр нь зохисон гэж янзтай. 2 хоногийн дараа эмнэлэгт эргэхээр очиход биеийн байдалд нь тийм сайнгүй, хамар нь битүү, хоол огт идэхгүй, хүнээс нүүрээ нууж доошоо харсан хэвээрээ, тун удахгүй нэг хуруугаа тайруулна гэсэн оноштой байж байлаа.

Тэрнийг эрхлүүлэх гэж оролдож байх мөчид зүрх рүү нэг юм гогдоод авсан юм шиг мэдрэмж төрөхийг анзаарсан боловч өөрийгөө хуурч анзаараагүй дүр эсгээд л өнгөрлөө. Ингээд “хөлийн боолтийг гэрээрээ боож болох үед нь бүрмөсөн эзэн олдтол нь гэртээ аваачиж асарч тэнхрүүлнэ” гэж хэлээд гарлаа. Ямартаа ч 2 хөл нь хугараагүй, бас арьсгүй болсон хөлнүүд нь боолтонд орчихсон болохоор тайван амьсгаа авч болохоор байв. Манай “Азтай Савар”-ын идэвхитэй гишүүд ч энэ хооронд зүгээр суусангүй, нийт групийнхэнд зурагтай мэдээлэл явуулах, эмчилгээний хандив цуглуулах, Цагаанааг эргэх, надад зөвөлгөө өгөх гээд маш их тусаллаа. Гэхдээ мэдээлэл харсан 100 хүн тутмын 1 нь хандив өгнө гэж хэлдэг, хэлсэн 10 хүн тутмаас ойролцоогоор 1 нь л өгдөг гэдгийг харж, хандив цуглуулах ажил ямар хэцүү байдгийг ойлгож авлаа. COC-ийн эмч нар ч эмчилгээ болон эмнэлэгт байх хугацааны хоол хоногийн төлбөрт тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэх, Цагаанаагийн хүнд итгэх итгэлийг сэргээх гээд л үнэлж баршгүй их тусалсан. Ингээд 7 хоногийн дараа очиход Цагаанаа маань усанд орчихсон, хоолонд орчихсон, хамрын битүү нь хамаагүй дээрдээд төрөл арилжсан мэт хөөрхөн амьтан болчихож. Гэхдээ л хөл нь эдгэх яагаа ч үгүй байдаг. Хөлийн арьсгүй хэсгийг өдөр бүр цэвэрлэж боох ажлыг заавал эмнэлэгт хийлгэхээр харагдлаа. Ингээд анх олдсон өдрөөсөө хойш 12 хоногт эмнэлэгт тэнхрээд гэрт ирлээ.

Гэсэн хэдий ч өдөр бүр эмнэлэгт очиж боолтоо хийлгэсээр арьсны төлжилт нь 70%-тай болоход гэрээр боогоод байх боломжтой боллоо. Энэ нэг сарын хугацаанд хүнд итгэх итгэл нь сэргээд, тэр ч байтугай бүүр эрхийн мангар хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн амьтан болсон доо. Цагаанаагийн амь насыг аварсан, мөнгөн хандив өгсөн “Азтай Савар-Амьтанд хайртай залуус” ТББ-ын идэвхитэй гишүүд, СОС мал эмнэлэгийн Гэрэлтуяа эмч, Батчимэг эмч, UB Vet мал эмнэлэгийн Болороо эмч, “Азтай Савар” Facebook группын Цагаанаад зориулж мөнгөн хандив өгсөн бүх гишүүд, мөн Дуламсүрэн эгчдээ чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА гэж хэлье. Одоо Цагаанаа ямар ч хүний өөдөөс итгэл төгс хардаг, эрхэлдэг, хайрладаг болсон.

Цаашид бидний сэтгэл зүтгэлээр олон олон Цагаанаа-нууд аврагдана гэдэгт итгэлтэй байна. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хүн бүр чадах чинээгээрээ “Азтай Савар” группдээ мөнгөн хандив өгөөрэй. Бас таны гэрт хэрэглэгдэхгүй хэвтэх нохой муурын дэвсгэр, хоол, гээд бүхий л хэрэгсэлээ бидэнд хандивлаарай. Таны мөнгөн болон материаллаг хандив нэгэн халуун амь аврахад зориулагдана. Та нэг ч гэсэн нохойг аврахад цаг зав сэтгэлээ гарган гар бие оролцоорой.

НИЙТ АЗТАЙ САВАРЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА.

Дансны дугаар : Хаан банк 5005853278

“Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.