Хүмүүс: |
Монгол эмч нарын гайхалтай авъяас чадвар,хүнлэг сэтгэлийн тухай мэдээлэлээр өглөөг эхлүүлж байна. Энэ сарын 7-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд /БОЭТ/ холын дуудлага ирсэн аж. БОЭТ нь нийслэл хотоос 1500 гаруй километр алслагдсан баруун бүсийн иргэдэд эрүүл мэндийн оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Дуудлага өгсөн газар аймгийн төвөөсөө 230 километрийн зайтай байсан учир эмч нар шөнийн 00.00-00.00 цагийн үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн зүг нэн даруй хүлгийн жолоо залсан байна. Үүрийн 06.05 цагт нутгийн малчин айлын хотонд очиход 28-29 долоо хоногтой төрөх дөхсөн эмэгтэйн эхэс нь ховхорч, цус их хэмжээгээр алдсаны улмаас эх болон ургийн амь нас хором бүрээр хэмжигдэж байжээ. Тиймээс отрын дөрвөн ханатай гэрт гар утаснуудыхаа гэрлийг тусган, кесарово хагалгаа хийж, өглөөний 07.15 цагт 900 гр жинтэй хүү мэндэлсэн байна.