Г.Пүрэвбат: Эр, эм хоёр урьд насны үйлээр өр төлөөс, эрлэг, өс хонзон, буянаар хайртай болдог

2015/02/18
Share |
Хүмүүс:
Г.Пүрэвбат: Эр, эм хоёр урьд насны үйлээр өр төлөөс, эрлэг, өс хонзон, буянаар хайртай болдог

Г.Пүрэвбат: Эр эм хоёр өс хонзонгоор учирвал бие биенээ зодож нүдээд таардаггүй.

-Хайр сэтгэлийг бурхны номд юу гэж өгүүлсэн байдаг бол?

-Эгэлийн ёсонд эр, эм хоёр үйлийн үрээр бие биедээ сэтгэл татагдах ёсны үндэс нь хайр сэтгэл. Хорвоод эрийг хүсэхгүй эм, эмийг хүсэхгүй эр гэж байдаггүй. Хоёулангийнх нь сэтгэлд нэг нэгнээ хүсэх бодол угаас байж байдаг. Энэ жам ёсны харилцаан дээр амьдрал, гэр бүл, нийгэм бүрэлдэн хөгжихийн үндэс болдог. Эр, эм хослон амьдардаг нь хорвоогийн жам. Энэ хоёрын хамгийн их хурдаг зүйл бол хүсэх. Нэг ёсондоо нэгдэн нийлэх, өсөн үржих гэсэн хүсэл тэмүүлэл. Тэгээд ч эрийн нүдэн дэх эмэгтэйн дүр, эмэгтэйн нүдэн дэх эрэгтэйн дүрээс илүү сайхан зүйл байхгүй. Дуу, хоолой, үнэр, амт, хүрэлцэхүй нь адил. Эр, эм бие биедээ хайртай болоход олон зүйлийн үйл нөлөөлдөг. Урьд насны өр төлөөс, эрлэг, өс хонзонгоор хайртай болж болно.

Уламжлалт бэрийн зурхай, эр эмийг шинжих ёсыг хайхралгүй зөвхөн хайр сэтгэлдээ дулдуйдаж суувал муу үйлээр учирч болно. Хэрвээ өр төлөөсөөр учирвал байнгын гарлага гарна. Эрлэгээр учирсан бол нэг нэгийнхээ амь насанд хүрнэ. Өс хонзонгоор учирвал бие биенээ зодож нүдээд таардаггүй. Муу үйлээр учирсан эр, эм хоёрт үр хүүхэд олдсон ч муу үйл тээж ирнэ. Хэрвээ буянаар учирвал сэтгэл хоорондоо нийлж, арга билиг зохилдон эрдэм аяндаа гардагтай адил амьдрал нь өөдрөг, үр хүүхэд сайхан өсч хүмүүжин, жаргалд хүрч болох боломж нээгдэнэ. Арга билиг хоёр эвдрэх харш заяанд учирвал гал, усны аюул адил гай зовлон авчирна. Хайр сэтгэлийн дундаас хамгийн гайхамшиг бол асрал, энэрэл нигүүлсэхүй юм. Аливаа нэг амьтныг ялган салгахгүй тэгш дор барих сэтгэл юм. “Би хамаг амьтны тусын тулд бурхан болж, ертөнцийн амьтдыг зовлонгоос салгахын тухайтад бүхнээ зориулна” гэсэн агуу их сэтгэл шиг тийм их хайр байхгүй.

-Зарим гэр бүл хэрэлдэж, зодолдсон хэрнээ салж, нийлээд л байдаг. Тэгэхээр үйлийн үрээр учирчээ гэж ойлгож болох уу?

-Эр, эм хоёр бие биедээ татагдаж хайрласан сэтгэлээр нийлдэг. Сэтгэл хөрвөөс хоёр их язгуур өөр аймаг учраас үргэлжийн хэрүүл тэмцлээр орших магадлалтай. Нөхөртөө хөөгдсөн хэрнээ эргэж очиж зодуулаад явдаг бүсгүйчүүд байдаг. Энэ нь муу үйлээр сэтгэлтэй болчихоод тэр үйл нь барагдаагүй учраас зовж байна. Үүнийгээ хайраар л цагаатгадаг. Хэрвээ бие биенээ буянаар хайрласан сэтгэл нь хэвээр байвал үс нь дун мэт цайсан ч чавганцынхаа өвөрт ороход өгүүлшгүй тэнгэрийн амгаланг амсдаг гэдэг. Тэгэхээр өөрсдийгөө эвлэн зохилдох бие биеийнхээ хооронд нэгдэн нийлж чадах сайхан боломжийг гундааж огт болохгүй.

-Амьдрал дээр ажиглаж байхад эхнэрээ хардаж зовоодог эр олон байдаг. Шинжлэх ухаанд хардахыг өвчин гэдэг. Харин шашны сударт юу гэж өгүүлдэг вэ?

-Манайхан “Хайртай бол хартай” гэж хэлж өөрсдийгөө өмөөрдөг. Хардана гэдэг сэтгэлийн том гэм юм. Өөрийн гэсэн эмэгтэйг миниймхийлэн атгаглаж бариад, түүндээ салхи ч хүргэхгүй байх нь хар сэтгэлээр дэндүү тачаасан хэрэг. Энэ бол муу сэтгэл. Хайрлаж байгаа бол харамлаж хардах бус, харин ч жаргалтай байлгаж, үүнийх нь төлөө баясаж амьдрах хэрэгтэй. Өгөөмөр, өглөгч хайраар өөрийгөө хувиргах хэрэгтэй. Хүн сэтгэлийн амьтан. Өөрийгөө задалсныхаа хэрээр нээж өгдөг. Хайрлаж чадахгүй байж хардаж зовоон, сэтгэлээ муу үйлийн дэнчинд тавина гэдэг эмгэнэл юм. Эцсийн эцэст хайрлаад байгаа дүр төрх өнгөц нэг дүрсэн дээр тогтсон бие шүү дээ. Нүд нь хөөрхөн гээд байх юм, ясан их ухархайд суусан усан цэврүү. Уруул нь сайхан гээд байх юм, бохирын урсгал цувуулса муухай нүх шүү дээ гээд бие цогцсонд тачаах сэтгэлийг нь хувиргахын тулд янз бүрээр задалж ярьдаг.

Хүнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр байдаг

-Харш жилтэй хүмүүсийг таарч тохирохгүй л гэдэг. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ сайхан амьдарч байгаа харагддаг шүү дээ?

-Жил нь харш байхад бусдаараа сайн байж болно. Амьдрал нь тогтож, үр хүүхэдтэй болсон хэрнээ таарч тохирохгүй олон янзын шалтгаан байдаг. Таарч тохирохгүй гэдгээ мэдсэнээс мэдэхгүй байсан нь дээр гэж боддог хүмүүс ч бий. Гэхдээ юунаас болж таарахгүй байгаа шалтгаанаа мэднэ гэдэг гайхамшиг. Мэдэхгүй зовж, зовлонгоо там болгож байхаар таарахгүй байгаа зүйлээ таарахаар нь зохицуулж ухаалгаар амьдрах хэрэгтэй. Үнэн мэдлэгийн өмнө худал хуурмаг зүйл алга болдог. Үүнтэй хамт зовлонгоос гарах зам ч нээгддэг. Хүн бурхан ч болж байгаа юм чинь нэг хүнтэй зохицож, эвээ олоод сайхан амьдрах наад захын асуудал. Монголчууд төрөхөөсөө авахуулаад үхэх хүртлээ зовлонг жаргалд урвуулах номын ёстой барилдуулсан учраас бидний амьдрал тэр аяараа номын амьдрал байдаг.

-Бурхны номд бүсгүй хүний тухай ер нь юу гэж өгүүлсэн байдаг юм бол оо?

-Эртний сударт эмэгтэй хүнийг “Уужим ертөнц муу гаслангийн тал мэт их юм. Үйл олны үүргээр төрөлхтөн магадтай уйддаг. Түүн дор баясгалангийн дуршлыг өгч чадах цэнгэлийн нөхөр бүсгүй бол үйлийн хувилгаантай адил. Үзсэнээс сэтгэлийг баясгах дүрсийн охин тэнгэр. Удам угсаа язгуурыг сайтар үүсгэгч тариалангийн орон юм.

Өвчнөөр зовохын цагт сувилан асрагч өргөгч эх, уйссан сэтгэлийг сэргээн засагч уяхан дуулаач. Гэргийтний үүргийг бүгдийг үйлдэгч шивэгчин, нэгэн насны зорилгыг тэтгэгч насны хань, ямагт урьд хураасан үйлээр холбогдсон эхнэр дор эрдэм байхад түүнийг эрээс доршоож, ялгаварлан үзэх буруу юм” хэмээн мэргэд өгүүлсэн байдаг. Эр нөхрийн биеийн хагас гэргий юм.

Гэргийн биеийн хагас нь эр тул өөрийн биеийг хагаслан хуваавал хүн гар, хөлтэй одсон ч адгуусны сүрэгт багтах бус. Энэ мэт санаад өөрийн ханилсан ханийн дор нууцлан ил далд явалдах амрагийн сэтгэлийг орхиод, энэ богинохон насны эцэст хүрч чадвал үхсэний дараа яс нь ч тахилын орон ямагт болно” хэмээн эр, эм хоёр бие биедээ үнэнч байхыг хэлсэн байдаг.

-Хүний сэтгэлд бурхан, чөтгөр хоёр зэрэгцэж оршдог гэж яриад байдаг юм билээ. Хэр үнэний ортой үг бол?

-Хорвоо өөрөө хоёр талтай. Хүнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр байдаг. Аливаа нэгэн амьтай амьтанд муу хорлолтой зүйл хийвэл чөтгөр нь баярлаж, тэнгэр нь уйлж байдаг. Чөтгөрийг баярлуулж, тэнгэрээ гомдоох үйл үйлдэнэ гэдэг муу үйлийн замаар замнаж байна гэсэн үг. Буяны сайн үйлийг эрхэмлэж байгаа хүн бол тэнгэр юм. Муу үйлийг хөгжөөж буй хүн бол чөтгөр юм гэж ойлгоорой. Хэдэн зуун мянган төрөлд биднийг муу заяанд унаган хорлож чадах хамгийн аймшигтай чөтгөр бидний дотор (дотоод сэтгэлд) байдаг.

Хүний бие далайн хөөс мэт эмзэг, нас нь тэнгэрийн гялбаа мэт хурдан

-Та “Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увидасууд” нэртэй номондоо буруу хурьцал хүний амьдралд хэрхэн гай дагуулдгийг хүмүүст сургамжтай талаас нь өгүүлжээ?

-Эр, эм хоёрын энгэр зөрүүлэх уламжлалт ёс бий. Бид мэдэхгүйгээсээ болоод өөрийгөө хорлож байдаг. Дуртай, хүссэн үедээ гээд эр, эм хоёр буруу хурьцвал өр төлөөс, өс хонзонгийн сүнснүүд хариугаа авах гээд отчихсон байдаг. Хүн амьд явахын баталгаа байхгүй. Угаас үхлийн мянган отоосонд байдаг тул бие нь далайн хөөс мэт эмзэг, нас нь тэнгэрийн гялбаа мэт хурдан. Эр эмийн хурьцлыг эгэлийн ёсоор хийвэл дуслаа алдаж, хүчээ барна.Үүний оронд эрч хүчийг эргэн олж авах увдист урвуулж, дуслыг хэрэглэх номыг ёс бий. Энэ бүхэнд суралцахын тулд Монголын уламжлалт ном бүтээлээс харах хэрэгтэй.

-Шинийн 15, 28, 30-нд энгэр зөрүүлж болохгүйг та номондоо онцгойлон бичсэн байна лээ?

-Энгэр зөрүүлэх харш гариг гэж бий. Бар, туулай жилтэй хүмүүс сугар гаригт энгэр зөрүүлбээс өвдөг, бэлхүүсээр өвддөг өвчтэй болно. Зүрх, эгэм, далаар өвдөх, ходоод, ам гэмтдэг, толгой, хоолой өвддөг өвчтэй болно. Таарахгүй хүнтэйгээ энгэр зөрүүлбээс усан саа тусаж, бөөр нь татаж, бөгтөр болно. Гал саа тусаж, хэл нь татна. Шороон саа тусаж, гар нь тахийна. Модон саа тусаж, нүд нь гэмтэх нигууртай хэмээн сударт өгүүлсэн бий. Хүн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрүүлдэггүй.

Хүний сүлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд хүний сүлд бүх биед явдаг учраас энэ өдрүүдэд энгэр зөрүүлэхийг хатуу цээрлэдэг. Учир нь 15-ны сар тэргэл болдог. Сар дэлхийд ойртож байгаагийн шинж. Сарны түлхэх хүчин дэлхийд нөлөөлж, дэлхий бүслүүрээрээ цүлхийхэд далайн түрэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав руу түлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Хэл, ам нь татвалзан, гар хөл нь мурийж тахийдаг. Шинийн 30-нд буюу битүүн болоход сар дэлхийгээс холддог. Сарны татах хүчин дэлхийн хүчнээс зугтаж, далайд таталт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав агшиж, сарны хир нь шавхагддаг. Хэрвээ энэ өдөр энгэр зөрүүлбэл усан саа тусна.

Хүүхэд 1-3 насандаа бурхан

-Хүүхдийг ерөөл тавьж, залбирч байж олдог гэх юм, үнэн үү?

-Тийм ээ. Эр, эм хоёр хүүхэд анх олохдоо энгэр зөрүүлэх ивээлтэй сайн гаригийг зөв сонгох хэрэгтэй. Энгэр зөрүүлэх ээлтэй гариг, харш өдөр гэж бий. Хүний сүлд шинийн 28, шинийн 15, 30-нд бүх биед түгдэг тул энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг. Учир нь хүний хийсэн үйлтэй харгалдаад янз бүрийн үйлийн сүнс үр хүүхэд нь болох гээд отчихсон байдаг. Энэ ёсыг баримтлахгүй энгэр зөрүүлбэл урьд насны өр төлөөсөө авах авлагатай хүн хүүхэд нь болж төрөөд, эцэг, эх хоёроо үгүйрүүлэн хоосруулаад гудамжинд гаргадаг. Урьд насанд нь амь насны өглөгтэй хүн өс хонзонгоор үр нь болж ирээд, аав, ээжийгээ тамлан зовоож, амийг нь хөнөөдөг. Буянаар ирсэн хүүхэд аав, ээжийгээ асарч тэтгэнэ. Тэгэхээр үр хүүхдийг буянаар олж авахын тухайтад энэ нарийн ёсыг гаргасан юм шүү дээ.

-Эх хүн хэвлий дэх үрээ хэрхэн хайрлаж, хамгаалдаг ёсноос сонирхуулж яриач?

-Жирэмсэн эмэгтэй өмсөх зүүх, явдал суудлаа зөв тохируулдаг нарийн дэгтэй. Бие шалтгаантай болсноос хойш далийж суухгүй, зохисгүй зүйл идэхгүй, нүдээр аливаа муу үйл харахгүй, чихээр янз бүрийн дуу авиа сонсох ёсгүй юм. Хэвлийдээ үр тээж буй эмэгтэй угаас эр эмийн ажлыг хорьдог. Хэвлийд бойжиж буй үр эмзэг тул зуу дахин мэдрэмтгий байдаг. Эх хүн халуун цай уухад хүүхэд буцламгай халуун ширмэнд буй мэт зовдог. Хүйтэн ус уухад мөс рүү орсон мэт даарч зовдог. Үсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айна. Хөл хүндтэй үед эр эмийн ажил хийвэл хадны завсар хавчуулагдсан мэт шахагдаж зовдог.

Ээжээс төрж, хорвоод мэндлэхдээ хүртэл зовж л байдаг. Хүүхэд төрөхдөө амьдаараа хуулуулж буй мэт зовохоос гадна хуулсан махан дээр нь батгана, шумуул хазаж буй мэт часхийн өвддөг. Зөөлөн гараар барихад хүртэл харцага, болжмор шүүрч байгаа мэт, зөөлөн даавуунд боож авахад өргөстэй харганад хийсэн мэт зовно. Хүүхдийг гурван нас хүртэл нь үлгэрлэдэг хүмүүс эцэг, эх нь байдаг. Үлгэр болж өгсөн зүйл нь хүн болох хамгийн анхны суурь болж сэтгэлд нь шингэдэг. Ийм үед нь эцэг, эх хоорондоо хэрэлдээд, загнаж зэмлээд эхэлбэл муу зүйл бүрддэг. Хүүхэд 1-3 насандаа бурхан байдаг гэж монголчууд ярьдаг. Яг энэ үед нь бурхан байгаа чанарыг хэвшүүлэн тогтоож, дэргэд нь муу үнэртэн үнэртүүлэхгүй, чихэнд нь билгэгүй үг хэлэхгүй, нүдэнд нь муу үйл харуулахгүй байх хэрэгтэй.

-Урьд төрөлдөө ямар хүн явснаа мэдэх боломжтой юу?

-Урьд төрөлдөө ямар хүн явсныг хутагт, хувилгаад бодьсадва нар таньдаг. Том хувилгаад захиа бичиж үлдээдэг. Бичсэн захиаг нь Сажава, Гармава, Нямава Гэлүвэ ёсны том лам нар лацдаж битүүмжилдэг. Гурван жилийн дараа цуглаж, онгойлгоод захиаг нь тайлж уншихад “Би тийм газар тийм хүний хүүхэд болоод тийм нэртэй төрнө” гэж бичсэн байдаг. Очоод үзэхэд яг байж байдаг. Энэ нь эрдмээ мартахгүй төрж байна гэсэн үг. Өөрөө хаана төрөх төрлөө дураараа авч чадаж байна шүү дээ. Энэ нь үхэл буюу зуурдад эрхшээлийг олж чадсан гайхамшиг. Бид зөв явж, дараа төрөлдөө эрхшээлийг олох, санаснаараа хаана, ямар хүнд төрөх, үгүй бол төрөл доошлохгүй байх сайн үйлийг энэ насандаа бүтээх хэрэгтэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.