УЛААНБААТАР ХОТОД АЖИЛ ЭХЛЭХ ЦАГИЙГ ӨӨРЧИЛСӨН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАНА

2015/03/12
Share |
Хүмүүс:
УЛААНБААТАР ХОТОД АЖИЛ ЭХЛЭХ ЦАГИЙГ ӨӨРЧИЛСӨН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАНА

Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг судалгаа, тооцоо хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний дүнд нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргасан. Цагийн өөрчлөлтийг 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөж эхэлсэн. Харин Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх  цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын удирдамж гаргалаа. Удирдамжаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ажиллана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Нийслэлийн Боловсролын газар нийслэлийн төвийн 6 дүүрэгтэй хамтран дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд дагаж мөрдөж байгаа байдлыг шалган, зөрчиж буй байгууллагуудын судалгааг гаргаж боловсролын байгууллагын багш ажилчид, эцэг эхчүүдэс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авна.
Харин Нийслэлийн Замын цагдаагийн газар ажил эхлэх, тарах үеийн замын хөдөлгөөний нягтралын одоогийн байдлыг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцно.
Мөн Нийслэлийн Тээврийн газар ажил эхлэх, тарах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал, гарсан өөрчлөлтийг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцох юм.
Байгууллагууд өөрт хамаарах ажлын чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын дүн мэдээг нэгтгэн, хяналт шалгалт дууссанаас хойш 3 хоногийн дотор Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэгт мэдээлнэ. Мөн цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.