ХАРУУСЛЫН ДУУН

2015/03/23
Share |
Хүмүүс:
ХАРУУСЛЫН ДУУН

Ус нь чулуугаа үгүйлж эрэг рүүгээ давалгаалдаг
Урссан нулимснаас үлдсэн юм шиг Харнуурын
Үлгэрийн юм шиг манант өглөө
Зүүдний юм шиг сүүмэлзэн ахуйд
Уйтайхан зан үйлийг минь
Дуультайхан болтол
Үүрээд л гарсан
Үнэн авьяас...
Үйлтэйхэн орчлонг
Туучаад ирсэн
Туйлж л явсан
Туулсаар л байх
Амбий ах минь...
Нар нь тэнгэртээ тогтож
Навч нь шүүдрээ гөвөлгүй
Таныг минь харсан
Та минь чадсан...
Одох л ёстой газраасаа ирэх л юм шиг тоглосон
Ойнд минь үлдсэн таныгаа одоо л би үгүйллээ
Оросоогийн хүү чинь уйлах нь ээ...

***

Халуун намраар орсон хайлган цас...
Халгин, дэврэн бүтээж буй киноны маань
Хамгийн өр өвдөм
Зүрх зүсэм хэсэг...
“Хайран залуу нас... Даан ч сайхан амьдрал...” гээд л
Хар хорын сэтгэл
Хайр ухаарлын үгэндээ
Харлан барайж зогсоо
Хан тэнгэр мэт агуу авъяас
Амбий ах минь...
Эртдэж орсон цасны нойтон амьсгаанд жиндэж
Элж л яваа цагийн хөх салхинд жихүүрхэвч
Бүтээе л гэсэн дүрдээ бүрэн уусч ороод
Будран лавсах цасан дунд нар нь болж торолзсон
Амбий ах минь...

***

Үйлийн үнэн, үгийн хатууг
Сэрж л яваа дүрийг
Санаж л явтал ургуулаад
“Нүдний өмнүүр битгий жирэлзээд бай...” гэж
Нүүж л явсан
Нууж л уйлсан
Бодь эр хүн
Тод хар сур
Амбий ах минь...
Тачигнасан жаварт зүлгүүлсэн тэнгэрийн
Тэмдэгрэх үүрийн
ЦОЛМОН нь
Та минь байж дээ, хорвоо...

***

Асарлан цэлийх тэнгэрийн дор
“Ах нь үхэх эрхгүй боллоо...” гэж
Амжиж хэлээд
Алдараа мөнхлөөд
Алагхан хорвоогийн
Ахархан тавилангаас
Алдуурч л одсон
Хайран чиг авъяас
Хайлган чиг ах минь ээ...
Амбийд АМЬ БИЙ...
Амь амьдаа мөнх АМЬ БИЙ...
Түүнийгээ та минь
Монголын ард түмэндээ
“Содура” киногоороо
Тунхаглалаа...
Туждаа л хамт байх ах минь...
Бурханд ойр хүн л
Бусдын дунд мөнх амьдардагийг
Тэнэгхэн дүү нь
Хожимхон ухаарсан ч
Зүрх асаж л явах цагтаа
Мөнх санаж л байхаа
Амласу...
Мөнх орштугай.

“СОДУРА” киноны зохиолч, найруулагч
Оросоогийн ЭРДЭНЭ

2015 оны 3 дугаар сар 21



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.