Туслах нисгэгч онгоцыг сүйрүүлжээ

2015/03/30
Share |
Хүмүүс:
Туслах нисгэгч онгоцыг сүйрүүлжээ

Францын өмнөд нутагт, Альпийн ууланд сүйрсэн Германы "Germanwings" авиа компанийн А320 Airbus онгоцны сүйрлийн шалтгаан юунаас үүдэлтэй болох нь бараг тогтоогджээ.

Өчигдөр манай сайт уншигч та бүхэндээ сүйрсэн онгоцны хар хайрцагны бичлэгийг шинжилж байгаа шинжээчдийн багийн эхний дүгнэлтийг хүргэсэн билээ.

Шинжээчдийн мэдээлэлд ямартай ч хар хайрцагны бичлэгт үлдсэнээр бол онгоцны нэг нисгэгч нь кабиндаа үлдэж, нэг нь кабиндаа орж чадалгүй хаалга түгжээтэй байсан тухай дурдсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн онгоцны сүйрлийн шалтгаан олон нийтэд тодорхой боллоо. Сүйрэл болохын өмнөхөн онгоцны жолооны ард хоёрдугаар нисгэгч байсан бөгөөд тэрээр онгоцыг зориуд сүйрүүлсэн байна гэж Марселийн прокурор хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд байна.

Францын Марсель хотын прокурор хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ "Онгоцны хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц хэмээгч нь онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн болох шинжээчдийн баг хар хайрцагт бичигдэж үлдсэн сүйрэл болох үеийн дуу бичлэгийг үндэслэн тогтоосон бөгөөд сүүлийн 30 минутад онгоцны нэгдүгээр нисгэгч бүхээгээс гарсан бөгөөд эргээд орох гэхэд нь хаалгыг дотроосоо түгжсэн байж.

Энэ үед нисгэгчийн бүхээгт ямар ч сандарч тэвдсэн зүйл сонсогдохгүй, хоёрдугаар нисгэгч хэвийн амьсгалан, онгоц Альпийн уулсыг мөргөх хүртэл ямар ч үг дуугараагүй байна. Огцом доошлох тусам нисгэгчийн бүхээгний гадна талаас хаалга цохих чимээ болон хүмүүсийн орилолдох чимээ ихсэж ирсэн" хэмээжээ.

Энэ мэдээллийг Германы нисэхийн компани Луфтханза ч баталсан бөгөөд 27 настай Андреас Любицийг ганцаар нисгэгчийн бүхээгт үлдэх үедээ онгоцыг 100 хувь бие даан жолоодох чадвартайг "Germanwings"-ийн зүгээс тэмдэглэжээ. Тиймээс энэ сүйрэл яах аргагүй Лубицийн санаатайгаар үйлдсэн хэрэг болж байна.

Хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц агаарт нийтдээ 630 цаг ниссэн бол нэгдүгээр нисгэгч нь 6000 цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч байжээ.

Сүүлийн хагас цаг эхлэхийн өмнөхөн хоёр нисгэгч хоорондоо жирийн л яриа өрнүүлж байсан бөгөөд улмаар нэгдүгээр нисгэгч бүхээгээсээ ямар нэг энгийн шалтгаанаар гармагц хаалга цоожлох нь бичлэгт үлджээ. Марселийн нислэгийг удирдах төвийн диспетчерүүд энэ үеэс эхлэн онгоцтой холбоо барихаар олон удаа оролдсон боловч тэдэнд хэн ч хариу өгөөгүй аж.

Улмаар Андреас Лубиц бүх холбоог тасалсан байна. Энэ тухай Германы Зам тээврийн сайд Александр Добриндт "Хөлгийн даргыг нисгэгчийн бүхээг рүү оруулахгүй гэж идэвхтэй саад хийсэн нь илт байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагаас хойш иргэний агаарын онгоцууд нисгэгчийн бүхээгний гадна талаас ямар ч хүн онгойлгох боломжгүй хуягласан хаалгатай болсон тул мэдээж хэрэг дотроосоо цоожилсон хаалгыг онгойлгох ямар ч арга байгаагүй нь тодорхой” гэж мэдэгджээ.

Мөн "Germanwings"-ийн олон нийтэд мэдээлж байгаагаас үзвэл хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц депрессээр шаналж байсныг илтгэх баримт хангалттай бөгөөд тэрээр 2009 онд сэтгэцийн хэт хөөрөл, депрессийн улмаас сургалтаас чөлөөлөгдөж байсан гэж түүний найзууд ярьсан аж. Харамсалтай нь тэрээр ажил албандаа эргэж орсон бөгөөд энэ нислэгийн өмнө түүний сэтгэл санаа ямар байгааг албаныхан огтхон ч гадарлаагүй аж.

Германы цагдаа нар Франкфуртын ойролцоох Монтабор дахь түүний гэрт мөрдөх ажил явуулж эхэлсэн байна. 2013 оноос хоёрдугаар нисгэгчийн эрхтэйгээр нисэж эхэлсэн тэрээр хөлгийн ахмад болох чин хүсэл мөрөөдөлтэй нэгэн байсан гэнэ.

Магадгүй энэ хүсэл мөрөөдөл нь биелэхгүй удсанд түүний сэтгэл санаа хэвийн бус болж эхэлсэн ч байж мэднэ, аль эсхүл бүр ч өөр зүйлээс болсон байж мэдэх хэмээн Лубицийг сайн мэдэх ойр тойрныхон цагдаа болон хэвлэлийнхэнд ярьж эхэлсэн байна. Германы зарим сонинд бичигдэж эхэлснээр бол Андреас Лубиц хэсэг хугацаагаар нисгэгч хийх эрхээ хасуулсан үедээ маш их сэтгэл санаагаар унасан, энэ нь заримдаа удирдлагынх нь зүгээс түүнийг үйлчлэгч хийлгэдэг байснаар улам хурцдуулсан хэмээжээ.

Ямартай ч Франц, Германы шинжээчид шуурхай ажиллаж онгоцны сүйрлийн учрыг тайлж олон нийтэд мэдээллээ. Дахин сануулахад Airbus 320 онгоц 144 зорчигчтой багийн зургаан гишүүнтэйгээр Испанийн Барселона хотоос Германы Дюссельдорфийг чиглэн хөөрөөд Францын нутагт Альпийн ууланд 2000 метрийн өндөрт сүйрсэн билээ.

Н.Төгс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.