“Жагоб” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж 1 хүн кранд даруулан амиа алдлаа

2015/03/31
Share |
Хүмүүс:
“Жагоб” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж 1 хүн кранд даруулан амиа алдлаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд осол гарч нэг хүний амь нас эрсэдсэн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, тус компанийн “КАМАЗ” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хүрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаж хүн дарагдаж нас барсан юм. Осолэнэ сарын 26-ны өдрийн 14.00 цагт гарсан байдаг. Ослын газар цагдаагийнхан болон онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн Б хэдийнэ амьсгал хураасан байсан аж. Талийгаачийг Л.Батсайхан гэдэг бөгөөд энэ жил 48 нас хүрсэн байна. Түүнийг амиа алдах үед нь төрсөн ах Л.Болдбаатар хамт байжээ. Дүүгээ кранд даруулж амиа алдахыг хоёр нүдээрээ харсан тэрбээр манай сайтад ярилцлага өглөө. Тэрбээр “Үнэхээр итгэж өгөхгүй юм. Дүү бид хоёр хувиараа олон жил тээвэр эрхэлж байна. Тухайн үед “Жагоб” компанийн ачааг буулгах гээд зогсож байсан. Гэтэл нүд ирмэхийн зуурт л автокран дээрээс унаад ирсэн. Краны сум их хүчтэй унасан болохоор би цохигдоод газар унасан. Босоод хартал дүүг маань дарчихсан байсан. Амийг нь аврах ямар ч боломж байгаагүй. Газар дээрээ нас барсан” хэмээн уйлан ярилаа.

-Үнэхээр харамсалтай хэрэг болжээ. Танд гүн эмгэнэл илэрхийлье. Ялангуяа та дүүгээ амиа алдахыг нүдээрээ харсан учраас сэтгэл санаа чинь хүнд байгааг ойлгож байна?

-Тиймээ. Дүүгээ нүдэн дээрээ алдчихлаа. Сэтгэл санаа минь маш хүнд байна. Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Дүү бид хоёр “Жагоб” гэх компанийн ачааг буулгаж байсан юм. Хоёр машин ачааныхаа нэгийг нь ч буулгаагүй байхад ийм харамсалтай хэрэг боллоо. Биднийг ачаагаа ачаад “Жагоб” компанийн гадаа ирэхэд хөлсний бололтой нэг кран зогсож байсан. Харваас даац багатай, жижиг кран. Дүү маань өнөөх жижиг краныг харчихаад “Бидний ачааг наад кран чинь даахгүй шүү. Өөр том кран авч ирсэн нь дээр байх” компанийн удирдлагууд болон краны жолооч залууд анхааруулж хэлсэн ч тоогоогүй. Дүүгийн маань үгийг хэн нь ч авч хэлэлцээгүй.

-Яг л дүүгийн тань хэлсэнээр болжээ. Дүү чинь тэр краныг тасарч магадгүй гээд хол зогсох боломж байгаагүй юу?

-Бид хоёр машиныхаа хажууд зогсож байсан. Гэтэл өнөөх краны жолооч шууд л тросс татаад өргөсөн. Өргөхдөө ачааныхаа тэнцвэрийг олоогүйн дээр даац хэтрүүлсэн. Үүнээс болж нүд ирмэхийн зуурт л краны хүрд нь ханз үсрээд сум нь дээрээс унаад ирсэн. Сум нь унахдаа машины аравчинд хүчтэй цохиж, би нуруундаа цохигдоод газар унасан. Босоод хартал дүү маань краны доор хэвтэж байсан. Үнэхээр аймшигтай.

-Эмнэлгийн тусламж авах ямар ч боломж байгаагүй юу. Газар дээрээ амьсгал хураажээ?

-Тийм ээ. Дүү маань цаашаа үсрэх гэж байсан ч хөл нь тээгэлдсэн байх гэж бодож байна. Краны сум мөрөн дээр нь унахдаа нэг гарыг нь тасалчихсан. Цээжин хэсгийг нь хоёр хуваагаад хаячихсан байсан. Аврах ямар ч боломж байгаагүй. Газар дээрээ нас барсан.

-Кран ойролцоогоор хэдэн метрийн өндрөөс унасан юм бэ?

-Одоо бодоход 10 метр орчим өндрөөс унасан байх. Яаж ч бодсон тэр жижиг кран есөн тонн ачааг даахгүй.

-Осол гарсны дараа “Жагоб” ХХК болон краны жолооч залуутай уулзсан л биз дээ. Тэд юу гэж ярьж байх юм бэ?

-Үгүй ээ, нэг ч холбогдоогүй. Жагоб” компанийнхантай огт уулзаагүй. Краны жолооч гэж 30 нас ч хүрээгүй жаахан хүүхэд харагдсан. Дээр нь ямар ч мэргэжлийн бус гэдэг нь илт. Олон жил том кран барьсан туршлагатай жолооч “Болохгүй шүү. Даахгүй” гэж хэлсээр байхад үг аваагүй.

-Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Гэхдээ цагдаа нар осол гарах үед байсан хүмүүсээс байцаалт аваагүй гэж сонссон. Үнэн үү?

-Цагдаа нар хэнийг шалгаж, хэнээс мэдүүлэг авч байгааг нь мэдэхгүй байна. Яаж ч бодсон миний дүүгийн үхэлд краны жолооч буруутай. Яах вэ, хэн хэн нь мөнгө олохын тулд л яваа. Гэхдээ тэр тэр жолооч краныхаа даацыг мэдсээр байж ачаа өргөсөн. Дээр нь цагдаа нар осол гарсан үед яг хажууд нь байсан надаас нэг ч мэдүүлэг, байцаалт аваагүй. Тэгсэн атлаа хэрэг гарах үед хажууд нь байгаагүй, гэртээ байсан хүнээс байцаалт, мэдүүлэг авсан байгаа юм. Үнэндээ дүүгийн маань хэрэгт холбогдуулж хэнийг шалгаж, хэнээс байцаалт авч байгааг мэдэхгүй явна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.