Террористууд их сургуульд 147 хүний амийг хөнөөлөө

2015/04/03
Share |
Хүмүүс:
Террористууд их сургуульд 147 хүний амийг хөнөөлөө

Африкт террорист үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг бүлэглэлүүдийн нэг болох "Аль Шабааб" ээлжит халдлагаа үйлджээ. Энэ удаа тэд Кени улсад халдлага үйлдэж 147 хүний аминд хүрсэн аймшигтай үйлдэл хийжээ.

Африкийн Кени улсын Гарисса коллежэд энэ халдлага гарсан бөгөөд зэвсэглэсэн дөрвөн исламын хэт даврагч коллеж рүү дайран орж харсан зүгтээ буудаж олон оюутан сурагчдыг алж, улмаар цагдаа цэргийнхэн ирж буудалцахад оюутнуудыг олноор нь барьцаалсан байна.

Орон нутгийн эх сурвалжууд мэдээлснээс үзвэл цэргийнхэн маш хариуцлагагүй ажилласан бөгөөд барьцааны олон хүмүүстэй байхад нь Гарисса коллежийг чөлөөлөхөөр исламистуудтай буудалцаж эхэлжээ. Ингэснээр амиа алдсан 147 оюутны нэлээд нь цагдаа цэргийнхэн болон исламистуудын хоорондын буудалцааны үеэр амиа алдсан гэнэ.

Кени улсын дотоод хэргийн сайд Жозеф Нкаиссери энэ тухай "Ард түмэнд маань аймшигтай хүнд өдрүүд ирлээ, энэ аймшигт халдлагын төлөө цээрлэлийг хатуу өгөхөө амлаж байна" гэжээ.

Сомалид үндсэн байрлалтай "Аль Шабааб"-ын эсрэг Африкийн улсууд цэргийн ажиллагаа явуулснаар исламын хэт даврагсдын хяналтад байсан газар нутгуудаас нэлээдийг чөлөөлж чадсан юм. Гэвч үүнийх нь хариуд ийнхүү Кени улсад аймшигтай халдлага үйлдээд байна.

Халдлага үйлдэгчдийн толгойлогч болох Усинямазе гэгчийг Кени даяар эрэн сурвалжилж мэдээлэл өгсөн хүнд 20 сая кенийн мөнгөн тэмдэгтийг өгөхөөр зарлаад байна.

"Аль Шабааб" буюу арабаар “Залуу үе” гэсэн утгатай нэршил бүхий энэ бүлэг 2000-аад оны эхээр Бин Ладены санхүүжүүлэн босгосон аль-Иттихад аль-Ислами бүлгийн хөрсөн дээр босч ирсэн юм. Тэдний туйлын зорилго нь Сомалид Исламын Эмират улс байгуулах. Харин 2006 онд Исламын шүүхийн холбоо гэгч бүлэгтэй хамтран ажиллах болж, ойр орчмын орнууддаа аюулын харанга дэлдэж эхэлжээ. Зүүн Африкийн орнуудыг гол байгаа болгосон энэ бүлгийн тэргүүн Ахмед Годани 2012 онд өөрсдийгөө “Аль Кайдатай хамт журамт цэргүүд шиг алхах болно” гэж мэдэгдэж байсан юм. Үүнийхээ өмнө Аль-Шабааб 2010 оны Дэлхийн Хөл Бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байхад Угандад дараалсан хоёр дэлбэрэлт зохион байгуулж, 70 гаруй хүний амийг хороож байв.Гэтэл энэ нь зөвхөн эхлэл байсан юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Аль-Шабаабын цэргүүд Кенийн нийслэл Наиробид байрлах их дэлгүүрт халдан, 67 хүний амь насыг бүрэлгэсэн. Хэдийгээр АНУ тус бүлгийг шууд онилдоггүй ч энэ бүх үйлдлийнх нь дараа анхааралдаа авах ёстой гэдгээ ойлгосон юм. Улмаар Америкийн нисгэгчгүй онгоцууд Сомалид агаарын цохилт өгсөний үр дүнд Аль-Шабаабын удирдагч Ахмед Годанийг хөнөөсөн тухай Пентагон мэдэгдсэн юм. Мөн үүний дараа Аль Шабаабыг газрын хөрснөөс арчиж хаяхаар Сомалийн засгийн газрын гуйлтаар Кени зэрэг хэд хэдэн Африкийн орнуудын цэргүүд тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрч байлдсан ч төдийлөн амжилт олохгүй хэвээр байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.