УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: Ноолуур, махны тогтоолын төсөл бол зүгээр л сонгуулийн өмнөх үйл ажиллагаа

2008/06/02
Share |
Хүмүүс: Лу Гантөмөр | 
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: Ноолуур, махны тогтоолын төсөл бол зүгээр л сонгуулийн өмнөх үйл ажиллагаа

Өчигдөр эдийн засгийн байнгын хороо мах ноолуурын үнийг тогтворжуулах үүднээс ноолуурын үнийг 30 мянган төгрөгөөс доош орсон тохиолдолд төрөөс зөрүүг нь гаргаж өгөх асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан нам болон МАХН-аас гаргасан дээрх тогтоолын төслийг ихэнх гишүүд дэмжиж өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үүнийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн “энэ нь бас л нэг будлиан үүсгэх асуудал болно. Өмнө нь мах сүү, ноолуур болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гучин тэрбум төгрөг төсөвлөснөөс нэгтэрбум нь зарцуулагдаж 29 нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Махны үнийг бууруулахаар 2,9 тэрбум төгрөг төсөвлөсөн ч үр дүн нь гараагүй. Хэрвээ энэ мөнгийг үнэхээр л зарцуулсан юм бол өнөөдөр махны үнэ ингэтлээ өсөхгүй байх бүрэн боломжтой байсан. Тиймээс одоо яригдаж байгаа асуудал ч бас яг энэ замаар явах нь ойлгомжтой” хэмээн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан “Ноолуурын үнэ зах зээлийн жамаараа үнэ нь өсч буурч байна. Гэтэл эрх барьж байгаа хоёр намынхан хэн нэгэнд таалагдахын тулд ийм төсөл санаачилж байгааг ойлгохгүй байна. Алдагдалтай байгаа төсөв болгон дээр ингэж мөнгө тараагаад байх юм уу, тийм их багтааж шингээж чадахаа больсон мөнгөтэй болсон гом үү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж зээл олгож чадахгүй байж жамаараа яваа зах зээлд төр оролцоод байх нь буруу хэмээн шүүмжилж Батж.Батбаяр гишүүнийг ард түмэнд хайртай болох гэж дүр эсгэлээ хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Ямартай ч энэ тогтоолын төсөл эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдэж УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх болсон. Байнгын хороогоор хэлэлцэгдсэн уг тогтоолын төсөл дээр эсрэг санал өгчихөөд үг дуугүй гараад явсан Лу.Гантөмөр гишүүнээс байр суурийг нь тодрууллаа.
-Өнөөдөр эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мах ноолуурын үнийг тогтворжуулах асуудал дээр Тэрбишдагва гишүүн та хоёр эсрэг байр суурьтай байлаа. Олонхиороо дэмжиж байгаа энэ тогтоолын төслийг чухам яагаад эсэргүүцэж байгаа талаар тайлбар өгөхгүй юу?
-Ямар ч байсан ноолуурын үнийн бууралтанд Засгийн газар бас буруутай. Яагаад гэвэл он гараад экспортын татвар нэмэгдэнэ гэдэг яриаг гаргасан. Гэхдээ энэ ор үндэсгүй гэдэг мэдэгдлийг сангийн яамнаас хийхгүй явсаар байгаад ноолуурыг өндөр үнээр худалдаж авч чадаагүй гэдэг дүгнэлтийг хийж байгаа юм. Хоёрдугаарт төсвөөс мөнгө гаргаад ноолуурын үнийг барина гэдэг бол зарчмын хувьд маш буруу. Яагаад гэвэл аливаа нэг худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор зах зээлийн жам бус аргаар барина гэдэг бол зүгээр л сонгуулийн өмнөх үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Түүнээс энэ бол урт хугацааны бодлого биш. Харин яавал ноолуурыг чанартай үйлдвэрлэдэг болохов, дотооддоо яавал өндөр үнээр гаргадаг болох вэ гэдэг асуудлыг байнга анхаарч тэр чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг оруулж өгөх ёстой. Одоо жишээлбэл энэ тогтоолыг баталснаар С.Баярын Засгийн газар ноолуурын үнийг гучин мянгад барина гэдэгт би итгэхгүй байна. Энэ хүмүүст өнөөдөр энэ тогтоолын төслийг журам гаргаад яаж хэрэгжүүлэх тухай журам нь алга байна. Журман дээр ажиллах бэлэн санал алга байна. Журам гарлаа гэхэд хөрөнгийн эх үүсвэрийг нь хаанаас гаргах вэ гэдэг асуудал байна. Эх үүсвэрийг нь шийднэ гэж үзэх юм бол дараагийн парламент төсвийн тодотголын үеэр үүнийг ярих нь л дээ. Тэгэхээр их олон зөрчилтэй тогтоол батлагдлаа. Тэгэхээр энэ бол ёстой нөгөө нэг “Явах хүнээр ачаа бүү татуул” гэж монголчуудын онож хэлсэн үгийг л санагдуулж байна. Ер нь нэг хоёр хоногтоо энэ парламент нэг их олон асуудлыг ярихгүй байгаасай гэж би бодож байна. Яагаад гэвэл бид нараас одоо бол урт хугацааны бодлогууд гарч чадахгүй юм шиг байна.
-Энэ тогтоолын төслийг 48 гишүүн санаачилсан гэж байгаа. Та өөрийнхөө саналыг байнгын хороон дээр яагаад хэлээгүй юм бэ?
-Ер нь 48 гишүүн санаачилчихсан хуулийн эсрэг юм ярина гэдэг утгагүй л дээ. Олонхиороо санаачлаад түрээд явж байгаа. Энэ бол хөдөө орон нутгаас сонгогдсон 56 гишүүн байдаг шүү дээ. Түүнээс Дархан, Эрдэнэтийн тойргийг хасаад бусад нь бүгд оролцсон байх аа. Ер нь цаашдаа түүхий эдийн үнийг тогтвортой барья л гэж бодож байгаа бол дотоодынхоо үйлдвэрлүү томоохон хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Энэ удаагийн ноолуурын арга хэмжээнд арван тэрбум төгрөг зарцуулахаар байна, махны арга хэмжээнд мөн тийм хэмжээний мөнгө зарцуулна гэхчилэн энэ мэтээр ард түмний хармаанаас цуглуулсан мөнгийг ямар ч үр ашиггүй зүйлд зарах нь буруу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр энэ мөнгө яг малчдын гар дээр очих мөнгө болж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Өмнө нь гурилан дээр зохицуулалт хийж байна гээд юу боллоо ченжүүд завшаад өнгөрсөн, шатахуун дээр мөн ялгаагүй. Ер нь бол тодорхой хэн нэгэн хүнд хамаатуулсан салбарын асуудлыг дотроос нь сугалж авч ийм шийдвэр гаргаж байгаа нь асар буруу л гэж хэлмээр байна. Дараа дараагийн Их хурлын бодлого ингэж гарахгүй байх гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ÐŸÐ¾Ð¿Ð¾Ð»Ð½Ð¸Ñ ‚ÑŒ вебмани сбербанРº Ооо киберплР°Ñ‚ не пришли деньги Курс в беларусР±Ð°Ð½ÐºÐµ на сегодня купить стаф в Каменск-
IP:185.89.100.37  2018-08-16 08:17:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.