Хүмүүс: |
Дэлхийн чансааг тэргүүлж буй, жин бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэг "Masters" тэмцээн Марокко улсад болж байгаа билээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 57кг-д "В" хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртсэнээр "World masters" тэмцээнийхошой аварга боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 48кг-д зодоглосон дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг алтан медалийн төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт, Аргентины Парето Паулатай барилдаж 1:16 секундэд цэвэр ялснаар алтан соёмбот далбаагаа өргүүлсэн юм. М.Уранцэцэг, Д.Сумъяа нар ийнхүү аваргын алтан медаль хүртсэнээрээ шагналын 6000 ам. доллар хүртэн, олимпийн эрхийн 700 оноо халаасалж байгаа юм.
Түүнчлэн өчигдөр дэвжээнд гарсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө торгуулийн барилдаанд Д.Амартүвшинг цэвэр ялсан Гүржийн Папинашвилитэй барилдаж, хүрэл медаль хүртээд байна.