Хүмүүс: |
Монгол Улс нэг хүнд оногдох газар нутаг, таван хошуу мал, байгалийн баялгаас бусдаар дэлхийд анти амжилт үзүүлж буй топ 10 орны жагсаалтад багтдаг. Түүнчлэн Улаанбаатар хот ч иймэрхүү хамгийн сөрөг 10 хотын нэгээр нэрлэгддэг. Тэгвэл Монгол Улс энэ онд бас нэгэн бахархмааргүй амжилтын эзэн болсныг “Human Capital Index”-ын 2015 оны тайланд дурджээ. “Human Capital Index” энэ оны жагсаалтаа гаргахдаа Дэлхийн эдийн засгийн форум болон ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгийн мэдээллээс авчээ. “Human Capital Index 2015”-ынхан дээд боловсролтой ч ажилгүй иргэдийнхээ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй 10 орныг жагсаахад Монгол Улс 7 дугаар байрт бичигджээ. Ингэхдээ дипломын гол болсон иргэдийн тоогоор бус хүн амд нь харьцуулсан хувиар жагсаажээ. Хэрвээ дээд боловсролтой ч ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоогоор жагсаалвал Монгол Улс 100-хан мянган ийм иргэдээрээ тэргүүн байрт шалгарах буй заа. Харин хүн амд харьцуулахад Монгол Улсад байгаа 102,100 дээд боловсролтой ажилгүй иргэд нийт хүн амын 3,7 хувийг эзэлж байгаа нь яалтгүй ч их тоо. Нөгөөтэйгүүр ажилгүй 102,100 дээд боловсролтой иргэд нь нийт дээд боловсролтой иргэдийн 22,2 хувь болж байгаа нь бас өндөр тоо. Өөрөөр хэлбэл, манайд дээд боловсролтой 4 хүний 1 нь ажилгүй байна гэсэн үг. Мөн ажил хөдөлмөр эрхэлж буй нөгөө 3 хүний хэд нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгааг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр манайд боловсролын байгууллагууд үнэ өртөгөө биш сургалтынхаа системийг сайжруулахад илүү анхаарах ёстойг сануулна. “Human Capital Index 2015”-ынхан энэ оны судалгаандаа дэлхийн 124 орныг хамруулснаа мэдэгдсэн агаад Энэтхэг, Хятадыг энэ судалгаандаа хамруулж чадаагүйгээ дуулгасан юм.