Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Итгэлийн төгөл”-тэй боллоо

2015/06/20
Share |
Хүмүүс:
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Итгэлийн төгөл”-тэй боллоо

Нийслэлчүүд бидэнд чөлөөт цагаа өнгөрүүлж, гэр бүлээрээ амарч зугаалах газар олддоггүй байлаа. Харин өдгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүмүүсийн очих дуртай газрын нэг болжээ. Тус хүрээлэн нь иргэдийн ая тухтай байдлыг хангаж, Улаанбаатар хотын тоосжилтыг бууруулах, цэвэр усны эх ундаргыг хамгаалан эрүүл эко орчин бүрдүүлэх зорилгоор “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 15000 мод бүхий төгөл байгуулах ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга хатагтай Б.Саранчимэг санаачилж “Итгэлийн төгөл” ТББ-ынхан хамтарч ажиллаж байгаа аж. Төгөл байгуулах ажлын нээлт өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр 12.00 цагт “Таны тарьсан мод бүхэн ургаж, цэцэг бүхэн дэлгэрэх болтугай” уриан дор боллоо. Мод тарих ажлын шав тавих ёслолын арга хэмжээ нь Чөлөөлөх дайны 70 жилийн ой, БЗД-ийн 50 жил, тус дүүргийн 16 дугаар хорооны 30 жилийн ойн баяр тус тус тохиож буйг тохиолдуулан “Улаанхуаран итгэлийн төгөл”-д цэцэглэдэг монос тарилаа. Эл өдөр ахмад дайчид, тус хороонд олон ажил ажиллаж, амьдарч буй иргэд болон СОС хотхон, Батлан хамгаалах их сургууль, ахмадын зөвлөл, СӨХ, 44, 53 дугаар сургуулийн хамт олон гээд нийт 600 орчим иргэд тус хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжин дор мод тарьсан юм.    

Итгэлийн төгөл байгуулах ажиллагааны нээлтэнд БЗД-ийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуун, БЗД-ийн 16 дугаар хорооны ИХ-ын дарга, хурандаа Л.Сэдэдпүрэв нар оролцож үг хэлсэн юм. Мөн БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн Дамдин уртын дуу дуулж, Үржин шадивлан хийдийн лам нар ном хурав.

Дашрамд сонирхуулахад тус цэцэрлэгт хүрээлэнгийн 975 га талбайд мод тарихаар төлөвлөж байгаа аж.

Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмж, иргэдийнхээ амарч зугаалах газрыг нэгээр нэмэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид иргэдтэй хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байдгаа илэрхийлж байсан юм. Тиймээс тарьсан модоо арчилж, хайрлан хамгаалж, ил задгай хог хаяхгүй байх нь иргэн бүрийн үүрэг билээ.    

 

ОНӨТҮГ-ын дарга Б.Саранчимэг: Мод тарих нь нялх хүүхэд асрахтай адил хөдөлмөр шаарддаг

Модыг зөвхөн хавар, намрын улиралд тарьдаг байсан цаг өнгөрчээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн зуны мод тарих технологийг нэвтрүүлсэн юм байна. Ингээд тус хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Итгэлийн төгөл” төслийнхөө талаар танилцуулна уу?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Нэг гэр бүл- Нэг төгөл” хөтөлбөрийн хүрээнд олон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Итгэлийн төгөл” төсөл юм. Уг төслийн хүрээнд таригдах моднуудыг дээрээс нь харахад “Итгэлийн төгөл” хэмээх үгийг бүтээх юм.

Тэр дундаа монос тарьж байгаагаараа илүү онцлогтой. Мод тарих нь нялх хүүхэд асрахтай адил хөдөлмөр шаарддаг ажил. Тиймээс бид зөвхөн мод тариад орхихгүй, харин “Итгэлийн төгөл”-д тарьсан модоо байнга усалж тордож ургуулж байгаа. Цэцэрлэгт хүрээлэн маань саяхныг болтол хог шарилжиндаа баригдсан газар байсан бол өдгөө ногоон байгууламжтай болж иргэдийн амарч зугаалдаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг сайхан газар болсонд бид баяртай байгаа. Цаашид олон ажил хийхээр төлөвлөн байна.

 

-Цаашид хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтаа манай уншигчдад сонирхуулна уу? 

-Бид цэцэрлэгт хүрээлэнгээ иргэдийн ирэх дуртай сайхан газар болгохын тулд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Бид хүрээлэнгийн талбайн 90 хувийг ногоон байгууламж бүхий цогцолбор болгохоор зорьж ажиллаж байна. Үүний тулд эхний ээлжинд 200 га талбайд 110 гаруй мод, сөөг тарьсан. Манай хүрээлэнгийн ажилчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд эдгээр модод 95 хувь ургалаа. Тарьсан модоо нэг өдөр л арчилахгүй охиход халуун наранд үхэх эрсдэлтэй байдаг. Тиймээс иргэд маань бидний бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, тарьсан модоо арчилж дэм болдогт бид маш их талархдаг.

Манай хүрээлэнд гаднаас 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид уг хөрөнгө оруулалтыг мөнгө хэлбэрээр аваагүй. Тус хөрөнгө оруулалтын нэг хэсгээр тун удахгүй хүүхдийн тоглоомын иж бүрэн талбайтай болох гэж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнд амарч буй иргэдэд зориулан хөгжим эгшиглэх чанга яригч суурилуулсан. Та бүхнийг манай хүрээлэнд орж ирэхэд сайхан хөгжим сонсогдож байгаа биз. Хөгжим өөрөө хүний сэтгэлийг баясгадаг зүйл шүү дээ. Мөн манай хүрээлэн сүлд дуутай болсон. Харанга, Хурд хамтлагууд 10 жилийн дараа хамтарч сайхан уран бүтээл туурвиж өгсөн.

-Иргэддээ зориулан олон ажил хийж байгаад баярлалаа. Яг энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар бүтээн байгуулалтууд өрнөх вэ?

-Энэ жил 600 гаруй сая төгрөгийн өртөгтэй, цагдаагийн хэсгийн талбайн тохижилтын ажлыг хийнэ. Мөн зам угаадаг машинтай болно.

-Бүтээн байгуулалтаас гадна иргэдэд ямар арга хэмжээгээр үйлчилж байгаа вэ?

-Манай хүрээлэнд албан газрууд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Түүний зэрэгцээ амралтын өдрүүдэд өглөө 9.30 цагаас 45 минутын хугацаанд мэргэжлийн иогийн багш иргэдэд үнэ төлбөргүй хичээл зааж байна. Мөн орой 19.00-20.30 цагийн хооронд заавал сурах 10 бүжгийн сургалт явагддаг.

-Зуны дэлгэр өдрүүдэд иргэд Үндэсний хүрээлэнд ирж амарч байна. Харин өвлийн улиралд ямар үйлчигээ авах боломжтой вэ?

-Хүйтэн сэрүүний улиралд иргэд маань эрүүл мэндийнхээ төлөө гүйж алхах, дугуй унаж болно. Мөн цанаар гулгах боломжийг бүрдүүлсэн.

-Та бүхний ажилд амжилт хүсье.


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.