Хүмүүс: |
Оюутны ширээнээс төрсөн оддын нэг бол МУГЖ С.Жавхлан. Тэрээр аав, ээжээ үгүйлэн санасан олон сайхан дуу дуулж монгол түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан. Харин хожмоо гал тахиж, орчин үеийн амьдралыг үгүйсгэн, эхнэрээ араг түшүүлж төрүүлэхэд нь олон нийт “Жавхлан нэг л биш ээ, арай сумтай болчихоогүй байгаа” хэмээн халаглаж байсан. Монголоо өмгөөлөх түүний үг уг нь үнэний ортой ч тунг нь хэтрүүлчихдэг муу талтай. Оюутан залууст Монголоороо омогших сэдлийг төрүүлэхээр энд тэнд лекц уншиж, хөдөө орон нутагт гал тахиж явсан дуучин С.Жавхлан сүүлийн үед нам жим амьдрах болсон. Харин тэрээр бусдад сэтгэлийн дэм хайрладаг болсон бололтой. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шоронгоос суллагдсаных нь дараа эргэж очиж байсан бол энэ удаа аавын хаалга татаад жил гаруйн нүүр үзэж буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эргэж, гунисан үедээ сонсоорой хэмээн дууны CD бэлэглэжээ.