Гурван жилийн хугацаанд эмэгтэй гишүүдийн хийсэн ганц гавьяа

2015/07/03
Share |
Хүмүүс:
Гурван жилийн хугацаанд эмэгтэй гишүүдийн хийсэн ганц гавьяа

2012 оны УИХ-ын сонгуульд монголчууд бүсгүйчүүддээ итгэл хүлээлгэж 11 хатагтай парламентад заларсан. Хатууг зөөллөдөг уяхан бүсгүйчүүд мяндсан ухаанаараа төр түшилцэнэ хэмээн найдаж байсан ч тэдний үйл хэрэг олон нийтийн санаанд төдийлөн хүрсэнгүй. Тоо цөөдөөд хүч хүрэхгүй байна хэмээн өөрсдийгөө өмгөөлдөг тэднийг хошин шогийн хоёр эмэгтэй жүжигчдээс илүү гарч чадахгүй байгаад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд үзүүлээгүй амжилтаа эмэгтэй гишүүд гүйцэтгэж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг эрчүүд зонхилсон парламентаар батлуулж дөнгөлөө. Магадгүй эмэгтэй гишүүд парламентад байгаагүй бол уг хууль сураг ч үгүй байж болох. Тиймээс 11 гишүүндээ алга ташиж баяр хүргэмээр.

Уг хууль хэлэлцэгдэж эхлэхэд хүүхдээ хараад гэртээ суудаг ээж нар цалинтай болох нь хэмээн горьдож байсан нь харин талаар өнгөрөв бололтой. Угаасаа халамж хэлбэрээр мөнгө тараах нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, архидалтыг дэмжин нийгэмд олон сөрөг хандлага бий болгодгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрсэн. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ухвар мөчид бодолтой зарим хүмүүс хүүхдийн мөнгөний сургаар асрамжийн газар өгсөн хүүхдээ авч, асран хамгаалах нэрээр эрхийг нь зөрчиж, гуйлга гуйлгадаг тохиолдол бишгүйдээ бий. Тиймээс энэ мэт нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд Хүүхэд харах үйлчилгээний хэлбэрийг арай өөр байдлаар зохион байгуулжээ. Энэ тухай тус хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд тайлагнасан юм. Тэрээр “Энэхүү хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулах юм. 2-6 насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг Хүүхэд харах үйлчилгээ гэж нэрлэнэ” хэмээн тайлбарлав.  Мөн асрах эрх бүхий хүн нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байх ёстой аж. Түүний дээр хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх зайлшгүй шаардлагатай юм. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүн таваас илүүгүй хүүхэд харах, нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байхаар заажээ. Цэцэрлэгийн хүрэлцээ тун хангалтгүй байгаа өнөө үед үгүйлэгдээд байсан хууль мөнөөс мөн ч гэлээ зөвшөөрлийг олгохдоо өндөр шаардлага тавихгүй бол эргээд сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэх аргагүй юм. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.