Хүмүүс: |
Засгийн газрын шийдвэрийн дагуу Шадар сайд М.Энхболд Хэнтий, Сангийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Дорнод аймагт ажиллаж, үүссэн нөхцөл байдалтай танилцан, Засгийн газраас хохирогчдын ар гэрт тусламж болгон өгсөн эд материал, мөнгөн тусламжийг гардуулж, санал хүсэлтийг нь сонссон юм.
Үүнтэй холбогдуулан хохирлыг арилгах арга хэмжээний талаар Улсын онцгой комиссоос хуралдаанд оруулсан Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюултай үзэгдэл, цасан болон шороон шуурганы улмаас 254 хүн төөрч сураггүй болсноос 202 хүнийг эсэн мэнд олж, 52 хүн эндсэний 14 нь хүүхэд байна.
Нийтдээ 610.7 мянган мал шуурганд уруудсанаас 242.5 мянга нь хорогдож, 368.0 мянган малыг эрж хайх ажил үргэлжилж байгаа аж. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад эрчим хүчний шугамын 62 тулгуур, холбооны 668 шон, 221 айлын гэр салхинд унаж, 110 барилгын дээвэр хуурчээ.
Тиймээс барилгын засвар, холбоо, эрчим хүчний шугамын сэргээн босголт, үхсэн малын сэг зэмийг цуглуулж булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, зарим шаардлагатай техник хэрэгсэл, өвс тэжээл олгох зэрэгт зориулан 666.7 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын ХМА