Туркэд бугшсан Монгол элчингийн бизнес сүлжээ иргэдэд дарамт болж байна

2015/07/08
Share |
Хүмүүс:
Туркэд бугшсан Монгол элчингийн бизнес сүлжээ иргэдэд дарамт болж байна

Саяхан Туркийн Истанбул хотод хувийн карго, мөнгө шилжүүлэг зэрэг үйлчилгээ эрхэлдэг Ганзориг гэгч этгээд өөрийн нутаг нэгт иргэдээ залилсан хэрэг гарсан. Энэ хэргийн улмаас Гадаад хэргийн яаманд хаяглан иргэд их хэмжээний эд, мөнгөөр хохирсон тухай өргөдөл гомдол олноор гарах болсон.
Хэдийгээр энэ нь иргэд хоорондын хэрэг маргаан боловч тухайн улсад иргэддээ үйлчлэх үүрэгтэй дипломат төлөөлөгчийн газрын хайхрамжгүй байдал, хүнд сурталтай ч салшгүй холбоотой. Ийм ч учраас иргэдийн гомдлын бай нь Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар руу чиглээд байгаа гэнэ. Эдгээрээс Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэнд хаягласан нэгэн өргөдөлд ихээхэн ноцтой зүйлийг дэлгэсэн байна. Гадаад хэргийн яамныхан ч Истанбулын ерөнхий консул Э.Мөнх-Очир болон түүний багийнхны хэрээс хэтэрсэн байдлыг толгой сэгсрэн шогширч, өөр хоорондоо ярилцаж  байгаа сурагтай.
Уг өргөдөлд дурдсанаар Истанбул хот дахь Ерөнхий консул хэмээх хариуцлагатай суудалд УИХ-ын экс гишүүн Э.Мөнх-Очир томилогдсоноос хойш төрийн үйлчилгээ авах ёстой иргэдийн хувьд их санасан газар ес хоног хоосон гэгчийн үлгэр болох болжээ. Истанбул хот дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь Истанбул хотод “Орхон карго” хэмээх хувийн компанийн ажлаа улсын нэрээр амжуулдаг аж. Тэрээр ажил дээрээ иргэдийг хүлээн авч асуудал шийдэхийн оронд Туркийн бизнесменүүдтэй уулзан Истанбул дахь “Орхон карго” болон бизнесийн бусад ажлаа хөөцөлддөг. Энэ тухай шүүмжлэл хүлээн авах дургүй нэгэн гэдгээ утсаар холбогдсон иргэдийг гудамжны хараалаар доромжилдог төдийгүй туркийн цагдаад барьж өгөхөөр заналхийлдэг гэнэ. Тэрээр өмнө нь хүн амины хэргээр шоронд 10 жил суусан багын анд Барсаа хэмээгчийг консулын жолоочоор авсан байдаг. Тэр нөхөр нь дипломат дугаартай машинаар “Орхон карго” компанийн ажлыг хөөцөлдөөд консулын газар дээрээ огтоос байдаггүй. Мөн Истанбул хотод оршин суудаг Алтансүх хэмээгчийг консулын газрын орчуулагчийн орон тоон дээр авч төрөөс цалинг нь төлүүлдэг боловч тэрээр мөн л “Орхон карго” компанийн менежерийн ажлыг хийдэг сурагтай. Алтансүх хэмээгч нь консулын ажилтан гэдгээрээ түрий барин иргэдийг дайрч доромжилдог нэгэн бөгөөд каргоны үйлчилгээ эрхэлдэг бусад иргэдийг консулын газрын нэрээр далайлган монополь эрх эдэлдэгийг Истанбулын Монголчууд бүгд мэднэ.
Мөн консулын газар ажилладаг, өмнө нь ГХЯ-нд ажиллаж байхдаа яамны ажилтан залууг зодож хэвлэлийн баатар болж байсан Золоо хэмээх залуу ч иргэдэд ааг омгоо багтааж ядан суудаг аж. Төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд “маргааш бол чи”, “дараа ирж үз, яв” гэх зэрэг хүнд суртал байнга гаргадаг бөгөөд иргэд ч төрийн үйлчилгээ авах эрхээ илэрхийлэхэд “та нар шиг хараар оршин суугчдад төр үйлчлэх албагүй, дуртай бол дараа ир” хэмээн хөөж туусан жишээ цөөнгүй. Түүний болон консулын газрын утсанд холбогдсон иргэдэд “завгүй байна”, “төрийн ажилтай завгүй байна”, “дуртайдаа туркэд хараар оршин сууж байж юун эрхээ яриад байдаг юм” гэх зэрэг хараал тохуурхлынх үгээр хариу барьдаг болсоор удаж байгаа аж. Золоо гэх энэ залуу байнга гадаад руу аялал зугаалга, хувийн арилжаа наймааны ажлаар явдаг болсон цагаас ажил дээрээ ч үзэгдэхгүй болжээ.
Иймд ГХЯ болон холбогдох байгууллагууд төрийн тусгай хангамж, өндөр цалинг эдлэн төрийн байгууллагыг хувийн компанийн оффис болгон хувиргасан Ерөнхий консул Э.Мөнх-Очир тэргүүтэй түүний багийнханд арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй бол Монгол төрийн нэр хүнд иргэд цаашлаад Туркийн төрийн өмнө шившигтэй байдалд орж мэдэхээр болоод байгааг анхаарах цаг нэгэнт болжээ.
Дашрамд өгүүлэхэд Истанбул хотод ажиллаж амьдарч буй монгол иргэд нэгдэн Ерөнхий консул Э.Мөнх-Очирын булхайг удахгүй Монголын сонин хэвлэлээр дэлгэхээр  болжээ.  
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.