Сэтгүүлчийг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл

2015/07/10
Share |
Хүмүүс:
Сэтгүүлчийг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл

Ноёд группийн ерөнхийлөгч Буяндоржийн өгсөн мэдээллийг нийтэлсэнийхөө төлөө сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо. Сэтгүүлч нь олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй үйлчилгээний ажилтан. Иргэдэд хүргэх мэдээллээ сэтгүүлчид зохиогоод биччихдэггүй, харин эх сулвалжаас авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийдэг. Мэдээж нэг мэдээ бэлтгэхийн тулд түүнийгээ хэд хэдэн эх сурвалжаас тодруулан баталгаажуулах ёстой байдаг. Хэн нэгнийг илт гүтгэн гутаан доромжилсон худал мэдээлэл бэлтгэх нь сэтгүүлчийн ёс зүйтэй хамаатай чухал асуудал болно.

Үнэхээр сэтгүүлч С.Баттулгыг хэн нэгнийг үзэгнийхээ үзүүрийг хөдөлгөх төдийдөө гутаан доромжилсон хэмээн үзэж байгаа бол хуульд заасныхаа дагуу хэрэг үүсгэн тусгайлан шалгах ёстой. Гэтэл Буяндорж нарын хэрэгтэй хамсатган хам хэрэг болгон эх сурвалжийнх нь хамтаар цагдан хорьж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсоныг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар мэдээлсэн.

С.Баттулгыг хорих болсон үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-1-д зааснаар “Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” хэмээн үзсэнтэй холбоотой гэх юм. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг, бүр болоогүй дахин энэ үйлдлээ давтана гэдгийг хэн баталж нотолсон бэ.

Түүний өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Сэтгүүлч С.Баттулга тухайн материалыг сайтдаа нийтэлсэн нь хүн гүтгэсэн асуудал биш. Гэтэл тухайн иргэн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж байгаа. Энэ асуудалд гүтгэх гэмт хэргийн субъектив санаа зорилго байхгүй. С.Баттулгын хувьд өөрөө тэр хүнийг гутаах, гүтгэх ямар ч сонирхол, шалтгаан байгаагүй. Зөвхөн ажлаа хийснийх нь төлөө цагдаад өгсөн. Гэтэл цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд гаргалгаа хийж ялгамжтай хандахын оронд хоёулаа хамжигч юм байна гэдэг байдлаар хандсан. Тиймээс хууль бус шийдвэр гаргасан” гэв. Мөн тэрээр “Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчдөд мэтгэлцэх эрх олгоогүй хэрнээ нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсан нь мөн л хууль зөрчсөн үйлдэл боллоо” гэж үзэж байгаа аж.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-1 дэх заалт нь дөрөвдөгч засаглал болсон сэтгүүлч байтугай энгийн иргэдийг хэлмэгдүүлж болшгүй зүйл. Тиймээс сэтгүүлч бүр нийгэмд мэдээлэл хүргэх үүргээ биелүүлэхийн тулд тэмцэх хэрэгтэй” хэмээн уриалсан юм.
Сэтгүүлч мэргэжилтэй ерөнхийлөгчтэй Ардчилсан гэх тодотголтой энэ нийгэмд мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн сэтгүүлч хууль бусаар цагдан хоригдож байгаа нь хэр зөв шийдэл вэ. Парламентын танхимд сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хэд хэдэн эрхэм заларч суугаа. Гэтэл тэд эл үйлдэлд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь ч сонирхолтой юм.

Үүгээрээ би сэтгүүлч хүн хэн нэгнийг гутаан доромжлох эрхтэй гэж хэлэх гэсэнгүй. Харин эх сурвалжаа нууцлах, цаашлаад аюулгүй амьдарч, ажиллах эрх энэ нийгэмд үгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийг хүслээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.