Хүмүүс: Л Гүндалай | |
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа бэлгэвч сурталчилан гудамжаар алхаж, парламентын хурлын танхимд үг хэлэх эрх чөлөө “нэхэж”, Хөвсгөл далайд төөрсөн гээд олон сенсацийн эзэн болсон Л.Гүндалай улстөрд эргэн иржээ. Ирэхдээ тэрээр дахин нэг шинэ нам байгуулан ирсэн байна. Өмнө нь Ард түмний нам байгуулаад дорвитой амжилтанд хүрээгүй ч энэ удаа намынхаа нэрийг бага зэрэг өөрчлөн “Ард түмнээ хайрлая” болгожээ. Түүний нам одоогоор 2000 орчим гишүүдтэй болж, улсын дээд шүүхээс бүртгэлийн гэрчилгээгээ авсан байна. Тэрээр нам байгуулсан тухайгаа сэтгүүлчдэд мэдээлэхдээ эрх баригч хоёр нам эвсэж асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа учир шинэ нам байгуулсан хэмээн тайлбарлаж байлаа. Мөн Л.Гүндалай будаг нь ханхалсан шинэхэн намаасаа нэр дэшиж 2016 оны парламентын сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаа аж. Гэхдээ төрөлх Хөвсгөлөөсөө бус Орхон аймгаас нэр дэвших болсноо ч дуулгаад амжлаа. Мөн тэрээр АН-ын зарим гишүүд түүний намд элсэх хүсэлтээ илэрхийлсэн хэмээсэн юм. Ямартай ч Л.Гүндалайгийн байгуулсан нам гэрчилгээгээ гардаж, харин тамгаа авчихвал иргэдийг элсүүлэх их үйлсдээ хамцуй шамлан орох гэнэ.