Наадамлаж ханаагүй монголчууд

2015/08/04
Share |
Хүмүүс:
Наадамлаж ханаагүй монголчууд

Монголчууд зуны  гурван сар бус зургаан сар наадамлаж цэнгэдэг хүмүүс. Улсын их баяр наадмын дараагаар аймаг сумдын тэгш ойн баяр залгасан. Түүнтэй зэрэгцээд дүүрэг бүр бэсрэг наадам хийв. Хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар буурлаа, Монгол Улс дампуурлаа зарлахад тун ойрхон байна гэж олноороо шуугих юм. Гэсэн ч дэнж хотойтол наадамлаж олон сая, тэрбум төгрөгийг зарлагадсаар. Манайхан угаасаа наргиж цэнгэх болохоор мөнгө хайрладаггүй дутагдалтай.

Түрүү бөхийн бай шагнал энэ жил Ланд 200-аар үнэлэгдэх болж. Бие биенээсээ өрсөн “бүдүүн машин” бэлэглэж буй тэрбумтнууд магад дараа жил онгоцоор уралдаж ч мэдэх.

Улсын их баяр наадамд энэ жил гурван тэрбум орчим төгрөг зарцуулсан. Төр түмнээ хүндэтгэж наадамлах нь зүйн хэрэг. Харин одоо нийслэлийн их даншиг наадмыг 500 сая төгрөөг тэмдэглэх юм гэнэ.  “Даншиг наадам -Хүрээ цам-2015” нэртэй зохион байгуулагдах наадам энэ сарын 8-ны өдөр болно. Уг даншигт лам хуврагууд өргөнөөр оролцож Чингисийн талайд ард олны амьдралыг дээшлүүлэх ном хурах аж. Мөн наадамлаж залхсан хүмүүсийг өргөнөөр татан оролцуулахын тулд нийтийн тээврээр үнэ төлбөргүй хангах юм гэсэн. Чиглэл нь Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн мянга, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 цэгээс өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ. Мөн Хүй долоон худаг руу найман тээврийн хэрэгсэл МУБИС-аас 30 минутын хугацаатай явахаар болсон. Сүүлийн автобус 22:30 цагт  хотын төв рүү орж ирнэ.

Хөрөнгөтэй нэгэн нь бэл бэнчингээ гайхуулж, хөлжиж амжаагүй нэгнээ хөлдөө чирсэн наадам дуусах болоогүй бололтой. Наадмын дараа намар гэхчээр намрын дүнсгэр өдрүүд хаяанд ирлээ. Залгуулаад өвлийн хахир өдрүүд үргэлжилнэ. Бид ингэхэд хөхөө өвлийн хүйтэнд бэлдэж амжсан бил үү. Хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, идэж уух зүйлс улам л хомсдож байна. Дээр нь улстөрийн байдал тогтворгүй, бялууны хэрчим нь таалагдаагүй улстөрчид хоорондоо дайдсаар.

Иргэд нь элгээрээ мөлхөх тэр цагт наадамлаж ханаагүй дарга нар асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөж байгаа юм бол доо.    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.