Ерөнхий сайдын үг хүчгүйдэж наадам үргэлжилсээр

2015/08/11
Share |
Хүмүүс:
Ерөнхий сайдын үг хүчгүйдэж наадам үргэлжилсээр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын өмнөхөн аймаг, агентлагуудын дарга нартай цахим хурал хийх үеэрээ “Наймдугаар сарын 1-нээс хойш наадам хийхгүй шүү” хэмээн анхааруулсан. Ерөнхий сайдын үг үнэндээ л хүчгүй бололтой. Наймдугаар сар гараад 500 гаруй сая төгрөгөөр Хүрээ даншиг наадам хийж нийтээрээ баярлаж цэнгэсэн. Лам нар бөх барилдаж, хамаг олны бузар булайг ариусгах ном хурав. Чингисийн талбайд 600 лам ном хурж чухамхүү л Монгол Улсын сэргэлтийг дуудлаа хэмээцгээж байсан. Хэрэв үнэхээр тэдний хэлснээр улстөрд нүүрлэсэн ховдог шунаг сэтгэлтнүүд ариусаж гэмээнэ хямралд сөхөрч дампуурлаа зарлах нь холгүй нөхцөлд бэдэрч буй манай улс мандан бадрах цаг ирж байгаа бололтой.

Манжийн дарлалын үед тасарч түүний дараа улстөрийн нөхцөл байдлын улмаас тасалдсан гэх Хүрээний даншгийг дөрвөн жилд нэг удаа тэмдэглэнэ хэмээж байсан. Харин лам нар болон иргэдийн хүсэлтээр жил бүр тэмдэглэх санал гаргаж байгаа гэх. Жил бүр шашны баярыг тэмдэглэхэд 500 гаруй сая төгрөг төсөвлөөд байвал хүндхэн байгаа эдийн засаг маань хэрхэх билээ. Уг нь түүний оронд эмнэлэг, сургууль байгуулж хүрэлцээгүй байгаа цэцэрлэгт хувь нэмрээ оруулвал жинхэнэ буян болохсон. Хоёр өдөр наргиад дуусах мөнгөөр нийгэмд хэрэгтэй олон сайн үйл хийж болмоор л санагдах юм.

Даншиг гэдэг нь бат оршиг гэсэн утгатай үг юм гэсэн. Ардчилсан нийгмийн анхны даншигаар хүчит бөх, хурдан морь, сур харваа, дэмбээ, жороо морины уралдаан, цам харайх зэрэг олон сонирхолтой зүйл өрнөсөн. Жороо морины уралдаанд айргийн тавд шалгарсан Баярмаа гэх бүсгүй М.Зоригт сайдын буянаар “од” болов. Хүүхэнд нугасгүй гэгддэг М.Зоригт дараа жилийн жороо морины уралдаанд сайхан бүсгүйчүүд оролцвол 50 сая төгрөг өгнө гэдгээ ил тод амлаад байгаа. Сайхан бүсгүйд 50 сая төгрөг өгөх бэл энүүхэнд байхад ядарсан олон “өлсөж” байна.

Хэнтийчүүд баяр наадмын түүчээг үргэлжлүүлэн засаг даргын тамгын газрын санаачлагаар улсын арслан Э.Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам” зохион байгуулахаар болж. Уг наадам энэ сарын 12-13-ны өдрүүдэд Чингис хотноо болох бөгөөд их нас, хязаалан, соёолон насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, халх сур, шагайн харваа болж үдшийн шоу, ёслолын буудлагаар үргэлжлэх аж.   

Ер нь баяр наадмыг хэт хавтгайруулж өөгшүүлэх нь хэр зөв бэ. Баярлаж цэнгэх нь хүмүүний амьдралыг амттай болгодог зүйлсийн нэг мөнөөс мөн. Гэхдээ цаг агаарын хүчин зүйл, гадаад дотоодын нөхцөл байдал, улстөрийн тогтворгүй орчноос Монгол орон хүндхэн байна. Баяр наадмаа цомхон тэмдэглэж улс орноо хөгжүүлэхэд анхаарах цаг болсон биз дээ, улстөрчид өө.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.