“Хос Дэнс” ТББ-ын залуус Г.Батхүүг сайдын суудалд тохирохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд хэмээн үзжээ

2015/08/24
Share |
Хүмүүс:
“Хос Дэнс” ТББ-ын залуус Г.Батхүүг сайдын суудалд тохирохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд хэмээн үзжээ

Зургаан сайдын асуудал хурцаар яригдаж байгаа энэ цаг үед зарим эрхмүүдийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж эхэллээ. Үний нэг нь “Хос дэнс” ТББ-ын залуус бөгөөд тэд Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Батхүүг сонгох нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Тэд Г.Батхүүг хоёр үндэслэлээр хууль зөрчиж байна хэмээн үзэж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон  АТГ-д албан бичиг хүргүүлсэн байна.

 

Тодруулбал, Г.Батхүүг Зам тээврийн сайд болгох ёсгүй нэгдүгээр шалтгаан

 

Г.Батхүү нь  “Шунхлай групп”-ын 50 хувийн хувьцааг дангаар эзэмшдэг. Харин уг групп нь “Эм Си Эс групп”-тэй хамтран Ухаа худагийн ордод нүүрсний олборлолт явуулдаг “Энержи ресурс” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг аж.

 

Тиймээс Г.Батхүү нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4.1-д заасны дагуу ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болж байгаа юм.

Мөн хуулийн 3.1-д зааснаар “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рейл” ХХК нь хувийн ашиг сонирхлын хувьд нэмэгдмэл болж таарч байна.

 

Тавантолгойн ордыг ашиглахын тулд Тавантолгойгоо Гашуунсухайт хоёрыг холбосон төмөр зам барих төслийн сонгосон шалгаруулалтанд “Шунхлай групп”-ын хөрөнгө оруулалттай “Энержи ресурс” компани оролцож байгаа аж. Тиймээс Г.Батхүү хэрэв сайд болвол өөрийн компанид давуу байдал үүсгэнэ. Энэ нь дээрх хуулийн 3.1.4-т заасан заалттай харшилж байна.

 

Г.Батхүүг Зам тээврийн сайд болгох ёсгүй хоёрдугаар шалтгаан

 

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ухаа худаг дахь нүүрсний уурхайд “Энержи ресурс” компани олборлолт явуулж байгаа билээ. Уг ажилд “Эм Си Эс” групп дэд бүтэц, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг чиглэлээ хариуцан ажилладаг аж. Харин “Шунхлай групп” газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдаа, ложистик, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

Тиймээс өөрийн хөрөнгө оруулалттай компанийг салбарын сайд нь хянаж шалган, хариуцлага хүлээлгэх боломгүй. Үүнийг дээр дурьдсан хуулийн 12.1-т “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонихолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно”  хэмээн тодорхой зааж өгсөн байдаг юм. Тиймээс дээрх үндэслэлээс л харахад Г.Батхүү сайдын суудалд тохирохгүй нь ойлгомжтой байгаа юм. Тиймээс “Хос дэнс” ТББ-ын залуус дээрх үндэслэлүүдийг харгалзан Г.Батхүү нь Зам тээврийн сайдын албан тушаалд томилогдох боломжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд хэмээн үзэж байгаа аж. Тиймээс хуулиа мөрдөж олон нийтэд нээлттэй мэдээлэхийн төрийн өндөрлөгүүдээс хүсчээ.     


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.