Иргэдийн төөрөгдөл буюу ухаалаг картны үнэн төрх

2015/08/24
Share |
Хүмүүс:
Иргэдийн төөрөгдөл буюу ухаалаг картны үнэн төрх

20-оод хоногийн өмнөөс иргэд автобусаар зорчихдоо ухаалаг карт ашиглах болсон. Үйлчилгээнд нэвтэрсэн цагаасаа эхлэн байнга л хэл ам дагуулж байгаа уг системийн талаар Улаанбаатар смарт карт компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболороос тодруулсан юм. Түүний мэдээлснээр Улаанбаатарт давхардсан тоогоор нийтийн тээврээр зорчдог 700 мянга гаруй иргэд байдаг бөгөөд одоогоор 240 мянган хүн смарт картаа авчээ. Мөн хичээл эхлэхтэй зэрэгцэн 113 мянган оюутан холбоогоороо дамжуулан карт авахаар энэ тоо энэ хэрээр өсөх аж.

 

Ухаалаг нийслэлийн соёлтой иргэдийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийг Улаанбаатар смарт карт компани Солонгосын Сөүл хоттой хамтран хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс Нийслэлийн болон улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй юм байна.

 

Ухаалаг карт ашиглах талаар иргэдийн дунд олон төөрөгдөл байдаг. Үүний нэг нь дээрх хөрөнгө оруулалтын асуудал байсан. Мөн картаа цэнэглэх бүрт 50, 100, 200 төгрөгийн шимтгэл авдаг байсныг өнөөдрөөс буюу наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цуцалсан байна. Ухаалаг картаар үйлчлүүлж байгаа иргэд одоогоор ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал эдлэхгүй байгаа. Харин нийт иргэд картаа худалдан авч, үйлчлүүлж хэвшсэний дараа судалгаа хийснээр хөнгөлөлт нэвтрүүлэх боломжтой аж. Ингэснээр гэр бүлийн болон албан байгууллагаараа урамшуулалд хамрагдах боломжтой болох юм. Мөн дараагийн автобусанд дамжин суухад төлөх мөнгө хямдрах бүр цаашлаад үнэгүй зорчих зэрэг хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Тиймээс ухаалаг системээр хөнгөлөлттэй үнээр соёлтой үйлчлүүлэхийн тулд иргэн бүр ухаалаг картаа худалдан авах хэрэгтэйг уламжилж байлаа.

 

Одоогоор нийслэл хотын хэмжээнд карт цэнэглэх 370 цэг ажиллаж байгаа бөгөөд цэг бүрт 1000 000 хүртлэх төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

 

Мөн сурагчид карт цэнэглэх цэгүүдэд сурагчийн цахим үнэмлэхээ авч очин 200 төгрөгөөр зорчих тохиргоо хийлгэх юм. Харин оюутнуудын тухайд үнэгүй зорчих эрхтэй ч өдөржин автобусаар явахгүй. Харин өдөрт 2-4 удаа зорчих тохиргоог суулгасан байна.

 

Одоогоор ухаалаг картанд тухайн хүний мэдээллийг бүртгээгүй байгаа ч цаашид картаараа АТМ-д уншуулах зэрэг боломжуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Хамгийн гол нь иргэд ухаалаг картаа худалдан авч нийтийн тээврээр үйлчлүүлдэг болсон цагт судалгаа тооцоо бодитоор гарах юм. Ингэснээр эдлэх хөнгөлөлт, урамшууллаа авах боломж бүрдэнэ гэж байлаа.

 

Дашрамд сонирхуулахад U money буюу Улаанбаатарын картын одоогийн ашиглаж байгаа систем нь хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж бөгөөд Сөүл хот ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэх гэж байгаа аж. Уг картын хэвлэлтийн зардал, пост, автобусны камер зэрэг нийт зардал нь 13.2 сая ам.доллар болжээ. Иргэн нэг удаа ухаалаг карт худалдан авсан байхад үрэгдүүлж гээгдүүлээгүй л бол насан туршдаа буюу хугацаагүйгээр ашиглах боломжтой юм байна. Эхний ээлжний картыг Солонгост хэвлүүлсэн бөгөөд цашид эх орондоо хэвлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа тухай Улаанбаатар смарт карт компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор уламжиллаа.     

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.