Хүмүүс: Алтантүрүү | |
Хэн нь ч ойлгогдохгүй нэг залуу нэг л өдөр пүүгээ үүрээд гудамжинд гарч хүнийг “Танайд хоноё” гэж хоргоож байсан цаг саяхан. Жирийн ард түмний амьдрал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн нь энэ тул хүмүүс ч их сонирхож хүлээж авсан. Гэсэн хэдий ч хонодог айл нь л өөр болохоос асуулт, хариулт зохиомж нь хэвийн үргэлжлэн уйтгартай нэвтрүүлэг тийм ч хол яваагүй. Энэ үеэр Алтантүрүү өвчин зовлондоо туйлдсан ч сэтгэлийн асар их тэнхээгээр үхэх өдрөө зоригтой хүлээж байсан Тунгалаг бүсгүйтэй “таарсан” билээ. Уг нь бол бүсгүй “MN 25 дугаар суваг” телевизийн захирал Алтайгаас тусламж хүссэн. Түүнд туслах гэж “Танайд хоноё” нэвтрүүлэгт оруулсан хэрэг. Гэтэл мань Алтантүрүү бүсгүйтэй гудамжинд таарсан болж жүжиглээд гэрт нь очсоныг үзэгчид санаж байгаа байх. Алтантүрүүгийн очсон айл бүртээ тавьж байдаг улиг болсон асуулт энэ дугаарт хэрэг ч болсонгүй. Бүсгүйн байгаа байдал, хэлж ярьж буй нь үнэхээр хэний ч сэтгэлийг эмзэглүүлмээр байсан. Үхэлтэй тэмцэлдэж байсан бүсгүй Алтантүрүүгийн улиг болсон нэвтрүүлгийн нэр хүндийг зовлон, нулимсаараа ийн суга өсгөсөн билээ. Нэг ядмагхан сэтгүүлчид алдар хүнд, амьдралын баталгаа өгсөн ядарсан монгол бүсгүй өөртөө харин амьдрал авч чадаагүй. Түүний хоёр хүүд тусалъя дэмжье гэсэн хүмүүс олон байсан. Мэдээж Алтантүрүү ганцаараа сэтгүүлч биш учраас бусад хэвлэл мэдээллийн байгууллагад үзэгч уншигчид олноор хандсан. Гэтэл өөрийг нь нэр алдарт хүргэсэн ганц юмаа алдах нь гэж эмээсэн үү, мань хүн хэнд ч холбоо барих утас шөрмөсийг нь өгөлгүй хав дарсан. Тэгээд л юм л бол “Би “Тэнгэрийн бүсгүй”-г сонсож чаддаггүй. Тунгалагийг бодоод хэцүү байдаг” , “Ахын дүү нар алга болчихлоо. Яаж та нарыгаа олох вэ?” Холбоо барь л даа” гэхчилэн өөрийг нь үзэгчид тоохоо болихоор энэ сэдвээ барьж авдаг. Одоо Алтантүрүү хонох айл хайж зүдрэхээ больсон. Хэнэг ч үгүй орой болгон шахуу “Өнөөдөр нэг айлыг зорьж очно. Тэр намайг урьсан, юу ч гэсэн очьё. Хонуулах үгүй нь мэдэхгүй. Ямар ч байсан хонуулах биз” гэж логик дэс дараагүй бурж байгаад нэр дэвшигчдийнхээр харайлгаж явна.
Зовлонт бүсгүйн амьдралаар шоудаж энэ зэрэгтэй үнэлэгдэж амьдралын баталгаатай болсноо тэр хүн одоо ер нь санадаггүй бололтой. Хүүхдүүдийнх нь талаар бүх мэдээллийг нууцлаж байгаагаа хэвлэлийнхэнд учирлаж, янз бүрийн сэтрүүлчид өдөр шөнөгүй очиж хоргоогоод байгаа болохоор айгаад тэд ил гарахгүй байгаа” гэж тайлбарласан. Хэрэв тийм дээрээ тулвал үхэх гэж байсан хүнээр шоу хийж, гэнэт олон хүний хөлд даруулж гүн стресст оруулсан Алтантүрүү л тэднийг ийм байдалд оруулсан гэж хүмүүс ярьж байна. Туслах гэсэн хүмүүсийг ойртуулахгүй нэр төрийг ганцаараа өмчирхсөн Алтантүрүү олны эгдүүцлийг барж байна. Тунгалаг бүсгүйн амьдралаар кино хийхээр “Хувьсал”-ын Цоггэрэл, найруулагч Батбаяр нар төлөвлөөд байгаа сурагтай. Батбаяр нь “Чингис” киног бүтээхэд оролцож байсан туршлагатай найруулагч аж. Мань Алтантүрүү бас тархиндаа сааталтай хүн шиг мэдэн будилах үгүйг харах л үлдлээ. Чихрээ харамласан нялх хүүхэд шиг аашилж, сонгуулиар зээлээр авсан байрныхаа мөнгийг хийхээр нойр хоолгүй зүтгэж яваа Алтантүрүү кино урлагт арай хутгалдахгүй биз ээ. Алтантүрүү л “Танайд хоноё” болон өөрийгөө том од гэж хөөрцөглөөд байгаа хэрэг. Уг чанартаа бол “Манайд хоноё” болсон захиалгат нэвтрүүлэг, рекламны нэвтрүүлэг дундуур реклам давхар цацдаг энэ нэвтрүүлгийг захиалсан хүмүүсээс нь өөр хүн нэг нүдээрээ ч харахаа больсон гэхэд хилсдэхгүй. Мөнгө өгсөнийх нь төлөө “хуцдаг” хоточ нохойн үүргээ нэр төртэй биелүүлж буй Алтантүрүү хөөрхий бүсгүйн учир мэдэхгүй нялх хүүхдүүдийг одоо зөнд нь орхих болсон биз ээ.
Эх сурвалж: Монголын нэг өдөр