Хүмүүс: |
НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу 2015 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар нэг нэгээрээ шүүхэд хандахад зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул ШӨХТГ нь иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө” ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа талаар ШӨХТГ-аас мэдээлсэн. Улмаар НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.06.26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015.09.24-ний өдөр хянан хэлэлцэж, журмыг илт хууль бусад тооцсон байна. Тэгэхээр дугуйгаа түгжүүлж мөнгө төлсөн иргэд мөнгөө буцаан авах, хохирлоо барагдлуулах боломжтой аж.