Б.Лхагвасүрэн төрд захидал илгээжээ

2015/09/30
Share |
Хүмүүс:
Б.Лхагвасүрэн төрд захидал илгээжээ

Ард түмэн та нарын хэн нь хэн болохын танилт, мэдээллээр хангалттай байдгийг анзаардаггүй бололтой юм...
Эргэлзэл төрүүлсэн хэвлэл мэдээлэл ч та нарын тухай буруу зөв ойлголт хэдийнэ өгч амжсан байдаг... Ийм болохоор гэрэл сүүдэр чинь, ард түмний мэддэг зүйл гэж ойлгож болно. – Бид эзэнтэй юм уу, ер нь? ... гэж ард түмэн асууж байна шүү дээ!  
Эзэн нь хэн нь мэдэгдэхгүй солигдоод байхаар ийн асууж байгаа... Аливаа буруу зөв бүхэн хариуцах эзнээ нэхдэг. Уг нь бурууг хүлээх эзэнгүй болтол элийрүүлэх бодлого чинь “сэлгээ” биш баймаар юм.
 
Монголын төлөө нэгдэх, эвтэй зүтгэх сэтгэл зүрхгүй, өөрийн бодсоноосоо бусдыг үл зөвшөөрдөг, нам, намын “буулган” дор хөллөгдсөн, түүчээнүүд болцгоочихоод, ардын дуунд гардаг шиг... Монголыг минь... Ийш нь тийш нь чангааж явна... Төрийн “газар хөдлөлт”-ийн үед олон хүн сандлаасаа хагацаж, уй гуниг болж, олон хүн сандал олж баяр хөөр болно. Зуурын сайд дарга нар туйлж гарна. Өчигдөр шоронгоос гарсан авлигын хэрэгтэй хүн өнөөдөр сайд юм уу, гадаадад онц бүрэн эрхэт элчин сайд, дарга болоход гайхах зүйл үгүй!
 
Энэ үйлдлүүд төрийн дээд өндөрлөгөөс эхлээд сум баг хүртэл “газар хөдлөлтийн” чичиргээ нь мэдрэгдэж, сандлын “солио” гаарна...
Их юмны загвар, багад бүүр хүчтэй үйлчилнэ гээч! Телевизээр цулцайсан сайд гараад ирэхээр –Энэ одоо юу вэ? Тэгж тэгж явсан, шоронд байх амьтан, эсвэл: Энэ нөхөр гэмээ сайн нууж чадаж байнаа... Төнхүүлвэл их юм гарна даа!... гэж ярьдаг үзэгчидтэй олон тааралдах юм... Олны үг ортой... цуурай ихтэй л байдаг даа!
Шинэ сэлгээний эзэд бужигнуулж эхэлнэ... Урдахь зөв, буруу аль ч эхлэлийг үгүйсгэж “өөрийнхөөрөө” эхэлнэ. Урд ажиллаж байсан бүх хүнээ солино. Дараачийн сэлгээний хүмүүстээ нулимуулах байж, урдах хүмүүсээ нулимна... Энэ “орчил” чинь Монголын ард түмнийг хигэж дууслаа!... Хүн залгичихсан юм шиг цатгалан та нар хохирохгүй л дээ! Юмны төгсгөл, үр дүнг бодох тэнхэлгүй болтлоо хэтэрхий цухалдсан, олон давхаргын хүмүүс, -Энэ бүхэн цус үзэж байж засарна гэж ярих болж... Мэдэрч байна уу, та нар!
 
Их хилэгнэсэн ард түмний тэмцлийг цусаар л унтрааж байсан түүхийн гашуун тохиолууд байдаг ч ямагт ард түмэн ялж байсан... Цус үзэхийн тухайтад ярих нь битгий хэл, одоо хойч үед ч хүсэх ярих зүйл биш! Энэ ухваргүй цухалдлаас өнөөдөр битгий хэл түүх, маргааш хоёр эмээж байгаа...
 
Цус урсгаж, урсгуулж хэзээ ч болохгүй! Дэлхийд гайхагдсан монгол цус, асгах нь битгий хэл дусааж болохгүй ариун агаад хүчирхэг цус юм шүү! Төр – түмэн хоёр ийм тохиолдлоос болгоомжлон сэргийлэх учиртай...
Чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй байгаагаа мэдэрч чадах ухааны шавхруу та нарт байгаа бол ард түмнээсээ уучлалт гуйж, Их Монголын ард түмний өмнө сэнтийнээсээ шилжирч өх цаг чинь болжээ... Феодализм, социализмын ялзарч байсныг зүхдэг шигээ... олж чадсан, хэрэгжүүлж чадаагүй Ардчилал шинэчлэл, намууд чинь ялзарч гүйцсэн байна. “Тэнэглэлийн эсгэлэн” үнэр үнэртэж байна. Ийм байгаагийнхаа бурууг та нар хүлээдэггүй байж... Ийм болгосныхоо бурууг өнгөрсөн он цагуудад тохолгүйгээр та нар хүлээх ёстой.
 
НЭГЭН ЗҮЙЛ
“Алдарсан мөрөөдөл, амлалт
ард түмнийг мохоодог...”
Жон Фицджералд Кеннеди
(1917-1963 Америкийн 35 дахь ерөнхийлөгч)
 
Хаана хаанаа мунгинасаар байгаад ирэх сонгуультай бид учирна...
Сонгогч түмэн минь сонгуулийн “шинэ үсгийн дугуйлан”-д олон жил суулаа. Үгүйдээ ташаа буруу сонголтоосоо залхсан байлгүй... Сонгууль, сонгуулийн хуулийг хүлээж донтсон хүмүүсийн тоо, “сонгогчдоосоо” давж, байж ядан өөртөө магтуу өргөж аль хэдийнэ эхэллээ...
Намууд хүнээ дэвшүүлдэг нь олон улсын жишиг. Бие даагчид гэдэг ч байх зүйл...
Квот гэдгийг харин хүлээж авч болох зүйл биш ээ! Хэн нь ч юм бэ энэ улс төрийн “мэхийг” аль улсын сонгуулийн хуулиас “өргөж” авчрав? Тэр хүн лав олзондоо сайшаагдаж өнөөдөр дарга юм уу сайд болчихсон байгаа даа! Мөнхөд “дархлагдсан улс төрч” гэж хаана байдаг юм бол оо? “Торгуулийн батальон” гэгдэх нэр дэвшигчид урд нь унаад, “амьд” үлдсэн дараачийн хүн нь сонгогдож байдаг юу гээч нь энэ вэ? Нэгэнт “дархан цаазтай Богд уул” мэт улс төрч тодруулсан юм чинь! Хэрвээ квотоор сонгогдсон нэгэн элдэв шалтгаанаар өөд болвол тэрний оронд хүн тавих ёсгүй, улс төрийн түүхэн туршид зайг нь онгорхой үлдээх ёстой болноо доо!
 
Шинэ сонгуулийн хуульд ийм боломж оруулваас сонгогчид сонгуульд санал өхөөс татгалзах нь зүйд нийцнэ... Монгол Улс хаант засагтай улс биш байх аа!
Ард түмний санал аваагүй хүн намын томилолтоор УИХ-д дэвшинэ... гэж юу байсан юм бэ? Намууд УИХ-д хүнээ дэвшүүлэх эрхтэй болохоос Их хуралд хүнээ томилох эрхгүй! Сонгууль нь томилолт байсан гэж социализмын үеийн сонгуулийг хараадаг биз дээ! Түүнтэй одоогийн энэ зүйл чинь “агаар нэгэн” байна шүү дээ! Тэр үеийн нам, хүнээ таньдаг нүдтэй байсан шүү дээ!
Үгүйсгэхэд учир буй!
 
Дараачийн нэг зүйл нь, УИХ-д сонгогдсон бүх хүнийг намаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй санагддаг... Их хурлын “намын бүлэг” гэдгийг, үзэл бодол, санаа сэдэл, өөрсдийн нь харж байгаа өнцгүүдийн бүлэг байгуулах нь зүйтэй санагддаг... Энэ нь дийлэнх болсон нам, илүү эрх эдэлдэг, ерөнхий сайд нь тухайн намын дарга байна. Намын дарга нар ерөнхийлөгчид дэвшдэг. Олонхи нь засгийн газраа байгуулна. Энэ тэр гэсэн хуульчлагдсан болон дадал болсон олон зүйлтэй миний бодол харшилж дургүйг чинь хүргэж болно.
 
Намынхаа гишүүнчлэлд үнэнч, хурлын гадуур болох үйл явдал, ажиллагаа, ёс төрөөс ангид байлгах гэсэн үг бус аа! Тус тусын намынхаа үзэл бодол, чиг баримжааг, санал бодлыг хэлэх, хэлцүүлэх эрхээс татгалзуулна гэсэн үг биш ээ! Харин ч намаар хаяглагдаагүй эрх хэмжээгээ эдэлсээр байх болно... Олонхиор давамгайлах гэдэг хэтэрхий тогтсон заншил атлаа туйлын зөв гэдгийн гаргалгаанд олонхи ч тэр цөөнх ч тэр алдах тохиол улс төрд зөндөөн! Олонхи гэдгийг хөдлөшгүй эдэлдэг хүч бол ард түмэн л байдаг. Олонхиос сонгогдсон олонхи гэж байдгийг би л лав мэдэхгүй.
 
УИХ-ын гишүүд давхар дээлээ тайлна гэсэн яриа их газар авсан. Уг нь давхар дээл гэдэг давхар албан тушаал нь хувь хүний чадамж, оюуны хүртээмжинд ачаалал их болох нь мэдээж!
УИХ-ын гишүүн сайд байх илүүц зүйл гэдэг нь зөв. Албан тушаалын давхцалаас гадна эрх хэмжээний давхцал гэдэг айдастай зүйл л дээ! Монголчууд нэг тэмээнд хоёр тооно ачдаггүй л улс даа! Эрх хэмжээ нэг цэгт цуглахаар ард түмнээ хэтийдүүлдэг гэж төрт ёсонд үздэг юм билээ.
 
УИХ-ын гишүүд маань давхар дээлээ одоохондоо сугалдрагалачихаад эсвэл бэлхэнцэглэчихээд л байгаа л даа! УИХ-ын гишүүдэд, ардаа компани, үйлдвэр сургууль, дэлгүүр, үгүйдээ түрээсийн байшингуудгүй хүн байгаа юм уу?
Тэгэхээр би гурван давхар дээлтэй юм байна даа гэж боддог... Энэнээс хойш гурван давхар дээлнийхээ хоёр дээлийг нь тайлъя! гэж ярьж байвал яасийм бэ? Монгол улсын нэгэн иргэний хувьд элдэв эрээвэр, хураавар эрэгцүүлэл бодлоо бичлээ...
 
“...Улс гэдэг – хөлөг онгоц
Засгийн газар – хөлгийн дарвуул
Ард түмэн – салхи
Цаг хугацаа – далай тэнгис...”
                        Карл Людвиг Берне.         (1786-1837)
 
гэж хэлснийг энд оруулан хүмүүст уншуулмаар санагдлаа.
Хамгийн сүүлд та нараас хичээнгүйлэн гуйх нэгэн зүйл байна. Ирэгсдийг тосох, үхэгсдээ онголох эх нутгийг минь бүтэн үлдээж үзээрэй! гэж гуйя!!! хэмээн захидлаа дуусгая!
 
Баянгол дүүрэг, 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.