Гончигоо суудлаа хар. Ирцээ бүрдүүлчих л дээ. Арай дэндүү байна шүү дээ...

2015/10/16
Share |
Хүмүүс:
Гончигоо суудлаа хар. Ирцээ бүрдүүлчих л дээ. Арай дэндүү байна шүү дээ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Гэтэл Төсвийн тодотгол хэлэлцэж байхад Засгийн газрын сайд нарын ирц хангалтгүй, хуульд зааснаар 39 гишүүн оролцож байж ирц 50 хувьд хүрэх ёстой ч 32 гишүүнтэйгээр хуралдсан нь сөрөг хүчний гишүүдийн бухимдлыг төрүүллээ. Энэ нь ч аргагүй биз.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр

-Танхимд сууж байгаа гишүүдийн тоо 32 байна, ирцгүйгээр улсын төсөв хэлэлцдэг юм уу. Р.Гончигдорж дарга та УИХ-ын гишүүдийн эрхэнд халдаж юу асуух, юу асуухгүйг заагаад байх юм. Засгийн газарт улсын төсөв хэрэггүй юм уу, үгүй юм уу. Гишүүд чинь Балжинням, Дашнямтай өдөр гээд хуриманд явчихсан юм уу.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

-76 гишүүнээс 33 нь чуулганы хуралдаанд оролцож, ирц 43.2 хувьтай байхад та хууль хэлэлцэж байна шүү, хурал даргалагч аа. Ерөнхий сайд энэ танхимд орж ирээд татвар нэмэхгүй гэж хэлснээс хойш тав дахь татвараа нэмэхээр оруулж ирлээ. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ гурав дахин уначихсан байхад Засгийн газар Онцгой албан татварыг нэмэхээр оруулж ирлээ. Үүнд хариулт авъя гэхээр орж ирэхгүй байна. Хурал даргалж байгаа Р.Гончигдорж та үнэхээр шог байна. Та бидний эрхэнд халдаж байна, үг хэлж байхад дундуур орж ирээд битгий сонин юм хийгээд бай.

ЖИЧ: УИХ-ын хурлын дарга З.Энхболд БНХАУ-ыг албан ажлаар зорьсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг дэд дарга Р.Гончигдорж даргалж байгаа юм.

Уул уурхайн сайд Р.Жигжид

-Нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар асуулга тавьж, бичгээр хариулт өгсөн. Засгийн газраас баримталж ирсэн бодлогоо илэрхийлсэн. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унасан учраас татвараар зохицуулт хийсэн. Олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтийг бид ажиглаж байна. Ирэх дөрвөн улиралд нефтийн үнэ өсөх магадлалтай байгаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

-Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, зугтсан юм байхгүй шүү, уулзалтуудаа зохицуулаад орж ирлээ. Энд бидний бодлогын ялгаа байгаа. Өнөөдрийн орж ирж байгаа төсөв дээр нефть бүтээгдэхүүнд хөдөлгөөн байхгүй. Нефтийн үнэ тогтвортой байх нь зөв сонголт. Ард түмэн амьдрал гэдэг юмныхаа яриаг түр арагш нь тавьчихая. Нефтийн үнэ гурав дахин буурлаа гэдэг юм ярьсан. Дэлхийн зах зээлийн үнэтэй адилхан нефтийн бүтээгдэхүүний үнийг буулгахад эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа бүтээгдэхүүний үнэ буудаггүй. Харин нэмэгдэхэд бусад бараа нь дагаад өсдөг учраас тогтвортой байх нь зах зээлд эерэг дохио өгч байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-Чуулганы хуралдаанд 31 гишүүн оролцож байна, та ирцээ хар. Эрх барьж байгаа бол ачаагаа үүрсэн шиг үүрээд ирцээ бүрдүүл. Та нарын өмнөөс ачаа үүрээд бид өчигдөр Төсвийн хүрээний мэдэгдлийг батлуулсан. Танай гишүүдийн ирц хангалтгүй, ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа учраас манай 15 гишүүн хуралдаанд оролцохгүй.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

-Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хуралд оролцохгүй байхын үр дагавар нь юу вэ гэдгийг уншиж өг.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл

-Гончигоо суудлаа хар. Ирцээ бүрдүүлчих л дээ. Арай дэндүү байна шүү дээ...


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.