Өнөөдөр Ш.Алтантуяагийн амиа алдсан өдөр. Түүний аав Малайзын тугийг шатаахаа мэдэгдлээ

2015/10/19
Share |
Хүмүүс:
Өнөөдөр Ш.Алтантуяагийн амиа алдсан өдөр. Түүний аав Малайзын тугийг шатаахаа мэдэгдлээ

Одоогоос яг есөн жилийн өмнө хилийн чанадад Монгол бүсгүйг аймшигтайгаар зэрэмдэглэн хөнөөсөн ноцтой хэрэг гарч, дэлхий нийтийг хиртхийлгэж байлаа. Энэ бол 2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр Монгол бүсгүйн цогцос Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай олдсон явдал. Хамгийн аймшигтай нь бүсгүйн толгой руу нь буудаж,  биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Ингэж харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Шаарийбуу овогтой Алтантуяа байсан юм.

Хэргийн шүүх хурал удаа дараа болсон ч манай талд энэхүү хэрэг шийдэгдэж чадаагүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл иргэнийх нь амь насыг хөнөөчихөөд байхад Монгол Улсын төр засаг өнөөдрийг хүртэл ямар ч зүйл хийхгүй байгаа. Тэгсэн мөртлөө төр засгийн нөлөө бүхий томоохон албан тушаалтнууд Малайзад очихдоо гэмт хэрэгтнүүдийг өмөөрдөг. Өнөөдөр Малайзын шашны хамгийн том баярын өдөр тохиож байгаа юм. Одоогоос яг есөн жилийн өмнөх энэ өдөр талийгаач Ш.Алтантуяаг тус улсын эрх мэдэлтнүүд “Чамайг шашны баяртаа урьж байна” хэмээн хуурч мэхлэн авчирч аминд нь хүрсэн байдаг.

ТАЛИЙГААЧИЙН ААВ ӨНӨӨДӨР МАЛАЙЗЫН ТУГИЙГ ШАТААХАА МЭДЭГДЛЭЭ

Тэгвэл талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуай өнөөдөр Малайзын тугийг шатаахаа мэдэгдлээ. Тэрбээр охиныхоо хэргийн араас цөхрөлтгүй явлаа. Ямар нэгэн үр дүн гараагүй л байна. Би өнгөрсөн жил охинтойгоо тохиолдсон бусармаг хэргийн талаар баримтат кино хийсэн. Охиныхоо хэргийг шийдвэрлүүлэхийн төлөө гуйлгачин болтлоо явлаа. Хурааж цуглуулсан зүйл анхнаасаа байгаагүй. Хэрэг гарсныг дуулаад амьдарч байсан байраа зараад Малайз руу явсан. Байрныхаа мөнгөөр Малайзад хөрөнгө оруулалт хийж дуусгаад ирсэн. Хоол, байр, унаа, орчуулагчийн зардалд дуусгаад ирсэн. Түүнээс хойш ч олсон хэдийгээ охиныхоо төлөө зарж, үрсэн. Бурхан болсон охиноосоо би юугаа ч харамлахгүй гэж дурьджээ.

С.Шаарийбуу гуай үргэлжлүүлэн ярихдаа “Малайзчууд буюу лалын шашныхны хэдэн өдөр, сараар мацаг барьж, мөргөл үйлдээд тайлал хийдэг өдөр нь өнөөдөр буюу аравдугаар сарын 19. Гэмт хэрэгтэн Багинда талийгаач охинд минь “Манай үндэсний баярт хүрэлцэн ирээч. Ганцхан чамайг хүндэтгээд урьж байна” гэж худлаа хэлж аваачаад онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Шашны хамгийн том баяраа хүн алж тэмдэглэсэн хэрэг. Шүүх хурал хийдэг, хоёр цагдааг шийтгэх юм яриад байдаг. Тэгснээ нөгөө хоёр цагдаагаа “Хэрэгт холбогдолгүй юм байна” гээд тавиад явуулчихдаг. Гол хэрэгтэн Багиндаг шийтгэнэ гэж барьж аваад шоронд хийсэн. Мөн л тавиад явуулчихсан. Ийм л үйл явдал өнгөрсөн есөн жилд боллоо” гэжээ.

Мөн “Малайзын талаас миний нэр дээр туг ирүүлсэн. Маш том хэмжээтэй Малайз улсын туг байна лээ. Туган дээр “Үнэнч шударгын төлөө” гээд англиар бичсэн байгаа юм. Үнэн шударга зүйлийн төлөө шатаагаарай гэж ирүүлсэн юм. Би тэр тугийг нь өнөөдөр шатаана. Өөрөөр надад тэмцэх арга алга. Олон жил явлаа шүү дээ. Нэг улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон тугийг шатаах гэж байна. Шатаасныхаа төлөө хэрэгтэн болсон ч хамаа алга. Манай улс намайг баривчилж өгөх байлгүй. Малайзын тугийг шатаалаа гээд Монгол Улс намайг тэдэнд барьж өгөх эрх байхгүй юм чинь. Малайзын тал монгол хүнтэй холбоотой хэргийг шийдвэрлэж өгдөггүй юм байна. Монгол Улсад ч гэсэн Малайзтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэх ёсгүй биз дээ” гэж ярив.

Тэгэхээр тэрбээр өнөөдөр Малайзыг тугийг шатааж эсэргүүцлээ илэрхийлэх нь. Хэрэг  шийдэгдэхгүй явсаар байвал тэрбээр Малайзад очиж гэмт хэрэгтнүүдийн дүр бүхий зүйл хийгээд шатаах аж. Ингэж ч болов тэрбээр гэмт хэрэгтнүүдийг цаазлах юм байна.

Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ЭРГЭН САНУУЛАХАД

 Шаарийбуугийн Алтантуяагийн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн аж. Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан,  машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ.

Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байна. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт одоо хүртэл нууц хэвээр байгаа гэх.

Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй  “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичжээ.

Харь газар амиа алдсан Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм.

Багиндагийн эгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай удалгүй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо  Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байжээ.

2005 онд Ш.Алтантуяа Багиндатай хамт түүний улаан Ferrari-гаар Европоор зугаалсан гэдэг. Гэвч цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Хэлэлцээг бүр 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.

2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст төлбөрөө тушаасныг сонсоод Алтантуяа  Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний  “Perimekar” түүнд олгох 500.000 ам.долларыг өгөхөөс татгалзжээ. Багинда, Ш.Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон байжээ. Учир нь Нажиб Разакийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна.

Ш.Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхгүй бол хараал хийлгэнэ гэж сүрдүүлжээ.  Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байжээ.

Гэвч Малайзын шүүх уг хэргийн гол буруутанд зохих шийтгэлийг нь өгч чадаагүй юм. Багинда шоронд хоёр жил суухдаа сувилалд нь амарч буй мэт биеэ тэнхрүүлж, эрдэмтний цолоо ахиулах десертацын ажлаа хийж дуусгаад гарч ирсэн гэх мэдээллийг С.Шаарийбуу гуай хэлж байна.

Багинда нь одоо Англи улсад эрдмийн зэрэг цолоо ахиулахаар сурч байгаа аж.

Ш.АЛТАНТУЯА ГЭЖ ХЭН БЭ?

Ш.Алтантуяа англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байжээ.

ЗХУ-ын Белыйводы, Чимкент, Ленинград хотод 1-6 дугаар ангиа дүүргэж 1990 онд гэр бүлээрээ Монголд ирээд Орос 14, улмаар 84 дүгээр дунд сургуульд суралцсан байна. МУИС-ийн дэргэдэх лицей аравдугаар ангийг төгссөн аж. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байгаад Отгонтэнгэр дээд сургууль руу шилжин англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн юм байна. Мөн БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийн хятад хэлний ангийг орчуулагч, эдийн засагчаар давхар мэргэшсэн гэнэ. Тэнд суралцаж байх хугацаандаа Оросын илгээмжийн нэгэн том компанид орчуулагчаар ажиллаж байжээ.

Сургуулиа төгсч ирээд хувиараа гоо сайхны салон байгуулан бизнес эрхлэх болсон аж. Орос, англи хэлийг сайн эзэмшсэн Ш.Алтантуяа хувийн бизнесийн шугамаар олон улс оронд орчуулагчийн ажлаар зорчиж байсан гэнэ.

Модель Ш.Алтатуяагийн том хүү нь 15, бага хүү нь 10 нас хүрч байгаа аж. “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадайгаас салснаасаа хойш нэлээд хэдэн жилийн дараа Малайзын улс төр судлаач Абдул Разак Абдула Багинадатай танилцан хамтран амьдарч байжээ. Хохирогчийн эцэг Шайрийбуу МУИС-ийн багшилж байсан билээ.

Т.Энхэлээ

Эх сурвалж: 24tsag.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.