Олны танил бөхчүүд Абдул Каримыг дарамталсан гэнэ үү?

2015/12/10
Share |
Хүмүүс:
Олны танил бөхчүүд Абдул Каримыг дарамталсан гэнэ үү?

Хотын төвийн “А” зэрэглэлийн газрыг өнгөрсөн сарын 30-нд 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Каримын талаар нийгэмд нэлээд шуугиан тарьж, хүн бүр цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Тэгвэл энэ бүх хэл амнаас залхсан Абдул Карим гэр бүлтэй минь холбоотой ташаа мэдээлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байгаа учраас энэхүү хувьчлалаас татгалзаж байна гэдгээ өнгөрсөн Баасан гарагт мэдэгдсэн.

 

Тэрбээр ийнхүү албан ёсоор татгалзаж байгаагаа өчигдөр баталгаажуулан Нийслэлийн өмчийн харилцааны газарт гэрээгээ цуцлах өргөдлөө өгсөн байна. Уг нь, хотын дарга Э.Бат-Үүл түүнд хандаж “Таныг хэн нэгэн этгээд дарамталсан бол хуулийн байгууллагад хандаж болно” гэх утгатай ил захидал илгээсэн ч тусыг эс олоод байна. 

 

Абдул Карим 1998 онд “Угалз Импекс”-ийн байрыг худалдан авч, өөрийн бизнесийг эхлүүлэн Монгол гэр, хонины ноос, өлөн гэдэс, зэргийг Шинэ-Зеланд, Катар, Англи, Кувейт, Саудын Араб зэрэг оронд экспортод гаргаж Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулж байсан гэдгээ захидалдаа дурьдсан байсан.

 

Хэдийгээр Абдул Карим олны хэл амнаас айж гэрээгээ цуцлах боллоо гэж мэдэгдсэн ч ард нь өөр шалтгаан бий бололтой. 

 

Тодруулбал, түүнийг хэсэг этгээд дарамталсан гэх мэдээлэл хотын даргын чихэнд хүрсэн учраас ийнхүү Абдул Каримд хаягласан захиа хүргэх болжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг хувьчлалд ялалт байгуулсных нь дараа бизнес эрхэлдэг хэд хэдэн бөх дарамт, шахалт учруулж хэвлэлээр зохион байгуулалтайгаар янз бүрийн хар мэдээлэл цацаж эхэлсэн аж.

 

Хамгийн гол нь хэн гэдэг, ямар бизнес эрхэлдэг бөхчүүд Абдул Каримыг дарамталсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд албаны хүмүүс энэ талаарх мэдээллийг олж авахаар чармайж буй аж. Хэрвээ Абдул Карим өөрөө энэ талаар мэдээлэл өгөх юм бол хотын удирдлагууд хууль хяналтын байгууллагад хандахад бэлэн байгаа гэнэ.

 

Харин учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар үнэхээр түүнд дарамт, шахалт үзүүлсэн бол тэрбээр хэн дарамталсан талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгөхгүй байх. Өгсөн тохиолдолд магадгүй түүнд муу юм болохыг үгүйсгэхгүй хэмээж байсан. Тэгэхээр түүний хувьчлалаас татгалзах болсон цаад шалтгааныг нь ухаад үзэхээр зүгээр ч нэг олны хэл амнаас айсандаа ийнхүү хувьчлалаас татгалзжээ гэж харагдахааргүй байгаа юм. Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар Абдул Каримын дуудлага худалдаанд орж ялсан 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нь шалгах сургаар тэрбээр хувьчлалаас татгалзлаа хэмээж байсан юм.

 

Түүнчлэн “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг түүнийг хувьчлалаас татгалзаж гэрээгээ цуцлах болсонтой холбогдуулан, Абдул Карим “ахдаа” хандаж мэдэгдэл гаргаж байсан. Тэрбээр “Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх газрын дараачийн эзэнд ч мөн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын өмч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна.

Яг одоо монголчууд бидэнд алдах эрх байхгүй” хэмээж байсан юм. Ямартай ч түүний буянаар өнөөдөр газрыг олон нийтэд нээлттэй зарж болдог гэдгийг харуулаад зогсохгүй нийслэлийн “алга дарам” жижиг гэхгүй “А” зэрэглэлийн газар өндөр үнэд хүрдэг гэдгийг харуулж чадлаа. Хамгийн гол нь Абдул Каримын авсан газар хотын “А” зэрэглэлийн газар хийгээд зогсохгүй нийслэлийн зүрх болсон газар учраас түүнийг дуудлага худалдаагаар их мөнгө хаялцуулж авсны дараа олон дарамт шахалт очсон байхыг үгүйсгэх аргагүй.

 

Тийм учраас тэрбээр олны хэл амнаас айсандаа биш хэн нэгэн этгээд дарамталсны улмаас ийнхүү хувьчлалын гэрээгээ цуцлах болсон гэдэг нь баттай үнэн болж буй юм.

 

Тэгэхээр Абдул Каримын араас даага нэхэж явсан Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор багтдаг “Таван богд”-ын босс Ц.Баатарсайхан энэхүү хэвлэх үйлдвэрийг авахаар саяхан авсан Архивын газрын барилгаа зарахаар сонинуудад зар байршуулж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байсан.

 

Энэ бүхний эцэст хотын төвийн газрыг 24 тэрбум төгрөгт хүрдэг гэдгийг ад үзэгдсэн Абдул Карим монголчуудад харуулж дараа, дараагийн дуудлага худалдааны үнэ ханшийг ч тодорхойлоод өглөө. 

 

Юутай ч энэ эрхмийн талаарх мэдээлэл ойрын хугацаанд олны анхаарлыг татаж одоо хувьчлал биш хэн гэдэг бизнесмен бөхчүүд түүнийг айлган сүрдүүлж заналхийлэх болов гэдэг мессеж нийгэмд тарж эхлэх нь. Хэрвээ үнэхээр олны танил нэр хүнтэй бөхчүүд түүнийг болон ар гэрийнхэнд нь дарамт шахалт үзүүлсэн бол хууль хяналтын хатуу чанга гараас мултарч чадахгүй нь лавтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.