Топ модель Х.Бадамгэрэл: Дэлхийн миссийн тэмцээнд оролцох чадварлаг оролцогчийг бэлдэнэ

2015/12/24
Share |
Хүмүүс:
Топ модель Х.Бадамгэрэл: Дэлхийн миссийн тэмцээнд оролцох чадварлаг оролцогчийг бэлдэнэ

Монголчуудын багагүй итгэл найдвар тавьж байсан “Дэлхийн мисс-2015” тэмцээнээс мисс Н.Ану авьяас чадварын үзүүлбэр болон үдшийн даашинзаараа өргөмжлөл хүртэж, топ 25-д багтсан билээ. Энэ тухайгаа мисс бүсгүй маань элэг нэгтнүүддээ дуулгаж “Монгол улсын хувьд өмнөх оролцогчдын үзүүлсэн амжилтуудыг эвдэж, шинэ түвшинд хүргэж чадлаа. Би өөрийнхөө чадах чинээгээр хичээж, бүхий л хүч чармайлтаа гаргасан. Чухам хэрхэн бэлтгэж, хэр зэрэг оролцсоныг маань мэдэх хүмүүс ч байгаа” хэмээн тайлбарласан нь зарим нэгний дургүйг хүргэж орхисон.

Учир нь, энэхүү нэр хүндтэй тэмцээнд өмнө нь мисс А.Сарнай оролцохдоо шилдэг 25-д багтсанаар барахгүй олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авч байсан түүхтэй. Үүнийг нь сануулсан хүмүүс цахим ертөнцөд хоёр талцан хэрэлдэх хэлэлцэхийн хооронд маргасан бөгөөд “Андра модель” агентлагийн захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэл ч өөрийн үзэл бодлыг хуваалцжээ. Энэ үеэр нь ихэнх хүмүүс түүнийг ирэх жилийн “Дэлхийн мисс”-т оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргах ирээдүйтэй бүсгүй хэмээн үнэлэхэд тэрбээр багагүй тулгамдсан бололтой.

“Энэ тэмцээнд оролцох Монгол бүсгүйг тун нарийн шалгуураар шүүж, нэлээд хугацааны турш хэл ус болоод авьяас чадвар, спорт, хүмүүнлэгийн ажил гээд чамгүй зүйлд бэлдэх хэрэгтэй байх. Ялангуяа манайхан урлаг, спортын аль нэгэн төрлөөр бусдаас илт давуу байж л шилдэг 10-т тунаж үлдэх юм байна гэдгийг сүүлийн хоёр тэмцээнээс илүү сайн ойлгосон. Т.Батцэцэг, Н.Ану нарын хувьд яах аргагүй сайхан бүсгүйчүүд, бас их ч хичээсэн. Гэхдээ бид бусдаас ямар нэгэн зүйлээрээ ялгарч чадахгүй бол томоохон орнуудын дэргэд “дарагдаад” л өнгөрнө. Миний хувьд, энэ тэмцээнд оролцох боломжгүй харин ирээдүйд дэлхийн миссийн тэтмийг эх орондоо авчрах чадварлаг оролцогчийг бэлдэнэ” хэмээн мэдэгджээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.