А.Энхзул: 1000 төгрөг төслөөр 170 сая төгрөг цугларч Түлэнхий төвд дахин төхөөрөмж авч өгөхөөр болсон

2016/01/12
Share |
Хүмүүс:
А.Энхзул: 1000 төгрөг төслөөр 170 сая төгрөг цугларч Түлэнхий төвд дахин төхөөрөмж авч өгөхөөр болсон

Өнгөрсөн аравдугаар сард “25 дугаар суваг” телевиз 1000 төгрөг төсөл сайн үйлсийн аянг хэрэгжүүлэн Түлэнхий үндэсний төвд нэн шаардлагтай байсан хоёр төхөөрөмжийг 110 сая төгрөгөөр худалдан авч өгсөн билээ. Тэгвэл уг төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн “25 дугаар суваг” телевизийн гүйцэтгэх захирал А.Энхзултай уулзан ярилцсан юм.

-“25 дугаар суваг” телевизийн хувьд 1000 төгрөг төслөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн төсөл хэрэгжүүлж байсан уу?

-“Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцсон Тунгалаг асан бүсгүйн нэвтрүүлэг гарсны дараа хүн бүр тусалсан. Уг нэвтрүүлэг зорилтод нэвтрүүлэг биш ч санаандгүй сайн үйлсийн аян болсон. Жүжигчин Ундармаагийн ЭХЭМҮТ тохижуулах сайн үйлсийн аянд оролцон 600 мянган төгрөгөөр ус цэвэршүүлэгчтэй машин авч өгч байсан. Телевизээрээ хүмүүсийн зохион байгуулсан хандивын үйл ажиллагаанд оролцон дэмжин ажилладаг байсан гээд нэлээд ажлыг дурдаж болно. Гэхдээ санаачилж хийсэн нь гэвэл 1000 төгрөг төсөл нэвтрүүлэг.

-Яагаад заавал Түлэнхий төвд хандан 1000 төгрөг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон бэ?

-Сошиал хэрэгслээр түлэгдсэн хүүхдүүдэд туслаач гэсэн зураг их явах болсон. Тухай бүрт сэтгэл эмзэглэж боломжоороо хандивын дансанд нь мөнгөн шилжүүлдэг байсан. Үнэхээр өрөвдөлтэй бас баатарлаг Цэрэнтогтох хүү яагаад Монголдоо биш гадагшаа явж эмчлүүлэх болсон шалтгааныг олохоор Түлэнхий үндэсний төвийн даргатай уулзахаар болсон. Хүн амын ихэнх хувь монгол гэрт ялангуяа задгай зууханд галаа түлдэг, хятадын халуун тогоонд хоолоо хийддэгээс болж бага насны хүүхдүүд галд өртөж, халуун тогоонд түлэгдэн өртөж байгаа нь үнэхээр сэтгэл өрөвдмөөр асуудал. Яагаад монголдоо эмчилж болдоггүй, гадагшаа явж эмчлүүлэх болсон талаар эмч нартай уулзахад бид нарын төсөөлж байснаас хүнд байсан. Улсаас төсөвлөсөн мөнгө нь хүрдэггүй, тоног төхөөрөмж нь хуучирсан үүнээс гадна өөрсдийн гэсэн байшингүй. Ингээд эмч нартай уулзан танайд яг ямар төхөөрөмж хэрэгтэй байна гэхэд арьс зүсэгч лазер аппарат, арьс хөлдөөгч хөргөгч хоёр нэн тэргүүнд хэрэгтэй байгааг танилцуулсан.

Ингээд “25 дугаар суваг” телевизийн хамт олон төсөл хэрэгжүүлэн 100 сая хүрэх энэ хоёр аппаратыг авч өгье хэмээн шууд зоригтой ам гарсан.

Яг эмнэлэгээс гараад машиндаа сууж явахдаа том зүйлд ам гарчихав уу, яанаа хийж чаддаг байгаадаа, яаж хийх вэ гэсэн олон асуулт толгойд эргэлдэж байсан.

Аяны дараа санхүүгээ тооцоход 170 сая төгрөг босгож чадсан байсан.

-100 сая төгрөг бүрдүүлэхэд хүнд хэцүү байсан байх. Яаж үүнийг даван гарав?

-Төслөө долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн. Гааль татвар гээд 110 сая төгрөг босгохоор болсон. Аяны дараа санхүүгээ тооцоход 170 сая төгрөг босгож чадсан байсан. Энэ бол маш их хэмжээний мөнгө. Долоо хоногийн хугацаанд хүн бүрээс 1000 төгрөг цуглуулан 170 сая төгрөг босгож чадсандаа баяртай байгаа. Манай багийнхан сайн ажилласан. Олон байгууллага оролцон дэмжин энэ сайхан үйл хэрэг маань бүтсэн. Хамгийн гол нь сайн сайхан үйл учраас ажил их амархан бүтдэг юм билээ. Би өөрөө ч мөн гайхаж байсан. Утасдаад хэлэхэд бүгд л тэгэлгүй яахав хэмээн гараа сунгасан. Төслийн сурталчилгаандаа бид нар зургаан эмэгтэйг оролцуулах талаар төлөвлөөгүй байсан. Нийгмийн салбар болгоноос оролцуулна хэмээсэн ч эрэгтэйчүүд маань энэ саналыг хүлээн аваагүй. Энэ удаад оролцох боломжгүй байна. Өөр зүйл дээр хамтран ажиллаж болох уу гэсэн. Тухайн үед хүүхдийн өвчин зовлон эмзэг асуудалд эмэгтэйчүүд бид нар эмзэглэж үүрэгтэйгээр оролцдог юм байна гэдгийг ойлгосон. Анх удаагаа эмэгтэй гишүүдийн квот яагаад байдаг юм бэ гэдгийг ойлгосон. Эрчүүдийн хувьд арай жаахан том бодлогын асуудалд оролцдог. Эмэгтэйчүүд бид нар чинь өр нимгэн учраас нарийн ширийн зүйлд анхаарлаа төвлөрүүлж оролцдог. Нийгмийн эмзэг асуудал руу анхаарал хандуулдаг учир улс орнуудад эмэгтэй гишүүдийн квот байдаг юм гэдгийг ойлгосон.

-Төсөл хэрэгжсэний дараа төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн. Үүний дараачаас үйл явцтай ч юм уу эмч нар болон эмчлүүлсэн хүмүүстэй уулзсан уу?

-Албан ёсоор хоёр төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн. Одоо хийгдээгүй ажил гэвэл 170 сая төгрөг цугласан. Ийм хэмжээний мөнгө цуглана гэж бодоогүй байсан. Дахин эмч нартайгаа уулзан үлдсэн мөнгөөр юу авах хэрэгтэй вэ гэдгээр зөвлөлдсөн. Тэгэхэд эмч нар хиймэл арьс авмаар байна гэсэн. Бидний зүгээс хүн болгоны сэтгэл зүтгэл шингэсэн мөн итгэл өвөрлөсөн 1000 төгрөг учраас энэ мөнгөөр бодитой зүйл авмаар байгаагаа хэлсэн. Улсын байгууллага учраас ямар төхөөрөмж авахаа нэлээн удаан ярилцсаны үр дүнд саяхан саналаа ирүүлж, Түлэнхиий төвд хэрэгтэй байгаа төхөөрөмжийг нь захьсан байгаа.

Хөргөгчөө цахилгаанд залгахад тогны хүчдэл нь дийлэхгүй учраас нэмэлт хүчдэл ихэсгэх төхөөрөмж авч өгсөн. Мэс заслын багаж захьсан байгаа. Одоо хэрэглэдэг багаж нь нарийн багаж биш ясны том багаж байсан. Хоёрдугаарт хүмүүсийн өгсөн мөнгийг тайлагнаагүй байгаа. Одоо захьсан төхөөрөмж маань ирэхээр нэгдсэн тайлан нэвтрүүлгээ гаргах болно. 170 сая төгрөгөөс 25 дугаар суваг телевиз нэг ч төгрөг аваагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Бид нар хүн болгоны өгсөн халуун сэтгэл шингэсэн мөнгөөр тоглох хүмүүс биш. Эмчүүлж байгаа хүүхдүүдтэй уулзаж чадаагүй. Миний бие цус харахлаар дотор муухайран ухаан алддаг тул эмч нартай уулзан зөвлөлдөн асуусан даа. Манай сэтгүүлч нар голд нь орж ажилласан бүх хагалгаанд орон хүүхдүүдтэй уулзсан. Долоон хоногийн долоон өдөр нэвтрүүлэг хийсэн. Хамгийн хэцүү нь монтаж хийх үеэр зовж шаналж байгаа жоохон хүүхдүүдийг хараад монтажчин ажлаа хийж чадахгүй, сэтгүүлч нар маань уйлаад л монтажаа хийсэн. Зураглаач маань хүртэл хагалгааны өрөөнд зураг авсны дараа маргаашийн зурганд нь явж чадахгүй нь ээ солигдмоор байна гээд үнэхээр хэцүү байсан. Энэ бүхнээс харахад анхаарал сэрэмжгүй байдлаас үүдэн түлэгдсэн хүүхдүүд ямар их зовж шаналж байгааг тус төслөөр харуулж, анхааруулга өгч чадсан байх. Би өөрөө эхний нэвтрүүлэгээ үзээд уйлсан. Хүүхэд зовж шаналж байгаа нь надад эмзэг тусдаг учраас энэ төслийг хэрэгжүүлэхийг зорьсон.

Хүнд, хөнгөн түлэгдэлтэй хүн хэр олон ирэхээс шалтгаалан төсөвлөсөн мөнгө нь дуусдаг гэсэн.

Сумын ой, хөшөө дурсгалд улсаас их хэмжээгээр мөнгө зарцуулдаг мөртлөө яагаад нийгмийн эмзэг хэсэгт мөнгө зарцуулж болдоггүй юм бол гэх бодлууд уг төслийн турш бодогдсон. Уг аянг явуулахдаа төр засаг руугаа дайраагүй. Эдийн засаг хүндрэлтэй байгааг ойлгож байгаа. Гэхдээ уг төслийн дараа хэлэлцүүлэг явуулах үеэр Түлэнхий үндэсний төвийн дарга жилд 170 сая төгрөг төсөвлөдөг гэсэн. Хүнд, хөнгөн түлэгдэлтэй хүн хэр олон ирэхээс шалтгаалан төсөвлөсөн мөнгө нь дуусдаг гэсэн. Хохирогч болсон хүн дунджаар 2-3 сая төгрөг зарцуулдаг. Түлэгдсэн хүмүүсийн 70-80 хувь нь бага насны хүүхдүүд амьдралын түвшин дундаас доогуур байдаг. Төсвийг нь нэмэх талаар ярилцсан ч нэмэх боломжгүй гэсэн. Гэхдээ бид нар талаар зүгээр орхихгүй дараа жилийн төсвийг нэмэгдүүлэх талаар ярилцах болно.

-100 төгрөг төсөл сайн үйлсийн аянаараа томоохон хоёр шагнал авсан гэсэн. Шагналынхаа үнэ цэнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өглөөний сонингоос Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Шилдгийн шилдэг сайн үйлсийн аян гэсэн шагнал авсан. Нийтдээ 120 мянган хүний дунд санал хураалт явуулан 15 сайн үйлсийн аян шалгарснаас нэгт орсондоо баяртай байгаа. Мөн “Алтан сарнай” наадмаас Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч байгууллага хүнээр шалгарсан. Дээрх хоёр шагналд манай аянг нэр дэвшүүлээд өгөөч гээгүй эдгээр байгууллагууд нэр дэвшүүлэн шалгаруулсан.

1000 төгрөг төсөл хэрэгжүүлснээр юу ойлгосон бэ гэвэл Монголчууд бид нар үнэхээр нэгдэж чаддаг ард түмэн юм байна.

Энэ шагналыг юу гэж хүлээж авч байгаа вэ гэвэл нэгдүгээрт 1000 төгрөг төсөл хэрэгжүүлснээр юу ойлгосон бэ гэвэл Монголчууд бид нар үнэхээр нэгдэж чаддаг ард түмэн юм байна. Нэгдвэл бид нар ямар том зүйл бүтээж чаддаг юм бэ гэдийг 1000 төгрөг төсөл харуулж чадсан. 1000 төгрөг өнөөдрийн нийгэмд бага ч биш их ч биш мөнгө. Хүн болгоны 1000 төгрөг нийлэн бяцхан хүүхдүүдэд туслан ямар том үйл хэрэг бүтээж чаддаг юм бэ гэдгийг харуулж чадсан. Нөгөөтэйгүүр бид нар үнэхээр нэгдэж чаддаг юм байна гэдгийг харуулсан. Энэ бол дэлхийн даяар тархан суурьшсан монголчууд оролцсон мөн ажил төрөл хийж байгаа хүмүүсээс гадна Дарханы хоригдлууд маань өдрийн хоолноосоо 1000 төгрөг хандивласан байгаа. Төслийн хэлэлцүүлэгийн үеэр би энэ цөөхөн ард түмнийг үнэхээр зөв удирдаад чиглүүлээд явбал үнэхээр нэгдэж чаддаг. Яагаад зөв чиглүүлж чаддаггүй юм болоо гэсэн бодол төрсөн. Зөв чиглээд удирдах юм бол баян биш юмаа гэхэд дундаж амьдралтай монголчуудыг бий болгох боломжтой. Бид халуун сэтгэлтэй сайхан сэтгэлтэй ард түмэн. Шагнал авах бүртээ энэ бол “25 дугаар суваг” телевизийн шагнал бишээ. Энэ бол монголчууд бид нарын шагнал энэ бол 1000 төгрөгөө хандивласан халуун сэтгэлээ зориулсан бүн болгоны шагнал гэдгийг хэлсэн байгаа.

-Цаашид уг төслөө үргэлжлүүлэх үү?

-Аливаа албан байгууллага ямар удирдлагатай байна гэдгээсээ шалтгаалан чиглэл нь өөрчлөгддөг. Миний хувьд сайн үйл хийх их дуртай. Сайн үйлс хийхээр аз жаргалыг мэдэрдэг. Тэгээд ч бид нар энэ орчлонд нэг нэгэндээ туслах гэж ирсэн. Телевиз гэдэг энэ том зэвсгийг сайн үйлд үргэлж зориулж явах юм сан хэмээн дотроо боддог. Энэ утгаараа энэ жил олон төлөвлөсөн ажил хэрэгжүүлнэ. Нэвтрүүлгээрээ сайн үйлсэд уриална. Зургадугаар сард эхчүүд хүүхдүүдийн дунд сайн үйлсийн аян хийхээр төлөвлөсөн.

-“25 дугаар суваг” телевиз анх ямар зорилго дэвшүүлж байсан. Тэр зорилгодоо одоо хүрсэн үү. Одоо ямар зорилгын төлөө тэмүүлэн ажиллаж байна вэ?

-Анх уг телевизийг байгуулсан хүмүүс үнэнч шударга, хэн нэгний талд биш, хэн нэгэнд худалдагдахгүй, үргэлж ардчиллын төлөө зөв зарчмын төлөө ажиллах зорилгыг урдаа тавьж ирсэн. Энэ ч зарчим зорилгоо бид барьж ажиллаж ирсэн. 2016 онд “25 дугаар суваг” телевизийн 20 жил ой тохиож байгаа. Өнөөдөр би захирал болоод явж байгаа ч гэсэн анх үүсгэн байгуулсан хүмүүс болон хамт олныхоо барьж ирсэн чиг шугамыг алдаж үзээгүй. Хэн нэгний талд урваж шарваж явахгүй. Үнэнийн төлөө зөв зүйл рүү чиглүүлж явахыг хичээнэ.

-Соёлын тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа. Арилжааны телевизийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэсэн. Телевизийн салбарыг удирдаж байгаа хүний хувьд таны хувьд энэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ?

-Харилцаа холбооны зохицуулах газраас сар бүр хяналт хийдэг болсон. Сая таньтай уулзахаас өмнө уг тайлантай танилцсан. Манай телевизийн монгол контент 65 хувьтай гарсан байсан. Ерөнхийдөө соёлын тухай хууль нь нэг талдаа зөв шиг хэрнээ нөгөө талаар Монголын үндэсний олон нийтийн телевизид тавьдаг бүх шаардлагыг хувийн телевизүүдэд тулгасан байгаа юм. Телевиз болгон мэдээтэй, улс төрийн нэвтрүүлэг, хүүхдийн нэвтрүүлэгтэй болохоор бүгд л адилхан болчихно шүү дээ. Тухайн телевиз аливаа нэг салбараар дагнах боломжийг хааж өгч байгаа юм. Төрөөс хувийн телевизийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг буруу юм.

-Танай телевизийн хувьд хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэг ямар нэвтрүүлэг байна вэ?

-Тэнцвэртэй, хэн нэгний талд орсон мэдээ сурвалжлага гаргадаггүй болохоор хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэг бол мэдээ байдаг. Мөн “Танайд хоноё”, “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг үзэгч олны сонирхолыг татдаг. Манай телевизийн хувьд өнгөрсөн онд өргөтгөлийн ажил эхлүүлж дөрвөн стидутэй болсон. Ирэх есдүгээр сараас шинэ нэвтрүүлэгээ бэлтгэн гаргах болно.

-Ер нь сайн баг хамт олонтой байж хүнд хүрсэн нэвтрүүлэг цацагддаг байх тийм үү?

-Тийм шүү. Үүсгэн байгуулагч нар маань үндэс сууриа сайн тавьж өгч сайхан хамт олон бүрдүүлж өгсөн. Манай телевизийн уран бүтээлчид захирлуудаа ахаа, эгчээ гэдэг. Уг хөрс суурийг эвдэхгүй цаашид сайхан хамт олонтойгоо ажиллахыг эрмэлздэг.

-Энэ онд танай телевизийн 20 жилийн ой болно гэсэн. Танай телевизийн хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

-Уран бүтээлчдийнхээ нэрийн өмнөөс баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.

Т.Сайнбуян


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ марки в НефтекаР¼ÑÐºÐµ Купить Шишки в БородинР¾ Купить закладкР¸ лирика в КамызякРµ Ростов-н
IP:185.223.165.114  2018-05-07 00:00:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.