Селин Дион: Баяртай, амьдралын хайр минь

2016/01/25
Share |
Хүмүүс:
Селин Дион: Баяртай, амьдралын хайр минь

Поп Дива Селин Дион жаахан охин байхаас нь алдар нэрийн тавцанд гаргаж өгсөн нөхөр, өөрийн менежер Рене Анжелилыг нэр төртэйгөөр сүүлчийн замд нь үдлээ. Канадчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ гэр бүлийг хүндэтгэж Монреаль хотын Базиликийн сүмд үндэсний хэмжээний оршуулах ёслолыг зохион байгуулсан бөгөөд  Ерөнхий сайдын гэргий нь ирж оролцсон юм.  Амьдралынхаа ханийг алдаж, гүн уй гашууд автсан дуучин бүсгүйд 15 настай том хүү Рене Шарль болон таван настай ихэр хөвгүүд, 88 настай хөгшин эх нь хамгийн их хань түшиг болж байгаа нь оршуулгын ёслолыг орон даяар шууд дамжуулах үед тодорхой харагдсан юм.

Өөрөө дуучин байсан хэдий ч Селин Дионтой учирсан цагаас эхлэн түүний менежерээр ажиллаж, энэ бүсгүйг  дэлхий дахинаа шүтэгдсэн дуучин болгох гэж арын албанд тасралтгүй 30 гаруй жил ажилласан Рене Анжелил хоолойн хорт хавдар өвчний улмаас 73 насандаа таалал төгссөн билээ. Оршуулах ёслолд Селин Дионы гэр бүлээс гадна Рене Анжелилийн  том хүүхдүүд нь мөн оролцож, салах ёс гүйцэтгэсэн юм.

Амьдралынхаа хамгийн жаргалтай мөч болох хуримын ёслолоо тэмдэглэн өнгөрүүлсэн Базиликийн сүмд оршуулгаа хийгээрэй хэмээн Рене Анжелил өөрөө захисан юм байна. 1994 оны арванхоёрдугаар сард Селин Дионтой  энд хуримаа хийж байсан юм.

Оршуулах ёслолын үеэр Селин Дионы том хүү Рене Шарль аавыгаа дурсан  үг хэлсэн нь олон хүний сэтгэлийг хөнджээ. Аавыгаа амьсгал хураасны дараа 15 нас хүрсэн Рене хүү хэлэхдээ “15 жил гэдэг эцгээ таньж мэдэхэд тийм ч урт хугацаа биш. Ялангуяа аав минь маш завгүй амьдралтай нэгэн байсан ч бид хамтдаа гольф, покер тоглож, утсан мах идэж, гадуур зугаалж байхдаа бие биеэ илүү сайн мэддэг болсон. Та надад хожим дүү нартаа дурсан ярьж өгөх сайхан дурсамжийг хангалттай их үлдээсэн. Дүү нар маань өсч том болох үед та дэргэд нь байхгүй ч танаасаа сурсан зүйлээ би тэдэнд зааж сургах болно. Та минь даган дуурайж амьдрахад амаргүй, хатуу чанга хүн ч гэлээ аав аа, би танд амалъя. Таныхаа хэмжээнд хүрч амьдрахыг бид бүгдээрээ хичээх болноо. Хайртай шүү, аав аа” гэжээ.

Селин Дионы авьяас чадварыг Рене Анжелил 12-хон настай байхад нь анх олж харсан гэдэг.  Түүний анхны цомгийг гаргахын тулд байшингаа барьцаанд тавин зээл авч байсан Рене, Селин хоёрын хайр сэтгэлийн харилцаа дуучин бүсгүйг 19 настай байхад эхэлсэн ч тэд олны шүүмжлэл, хэл амнаас болгоомжлон 10 гаруй жил нууцалж явсан байдаг. 26 насны зөрүүтэй ч жинхэнэ хайр сэтгэлээрээ бүхнийг туулсан тэд 1994 онд хуримаа хийхэд Канадын телевизээр шууд дамжуулж байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.