“Попын хаан” Монголоос төрнө

2016/01/28
Share |
Хүмүүс:
“Попын хаан” Монголоос төрнө

Попын хаан гэхээр дэлхий сая, сая хүний санаанд ганцхан хүний нэр буудаг. Тэр нь алдарт дуучин Майкл Жозеф Жексон. Харин попын хатан хаан нь алдарт дуучин Уитни Хьюстон. Аль аль хөгжмийн ертөнцийн оргилд гарсан. Тэднийг одоо ч амьд мэт дурсах сая, сая фэн цэнхэр бөмбөрцөгийн хаа сайгүй байдаг.

Харин Монголд попын хаан гэхээр бас л нэг хүний нэр бууна. Тэр нь С.Ганбаатар. Хөдөлмөрийн үндэсний намд элсээд нэг сар, даргаар сонгогдоод арав гаруй хонож байгаа түүнийг л попын хаан гэхгүй юм бол өөр хэнийг попын хаан гэх юм бэ гэсэн түргэн хэллэг хүртэл улс төрийн хүрээнд бий болсон гэх. Харин попын хатан хаан нь Г.Уянга гэх. Гадаадын хөрөнгө оруулагчдад хоёулаа харшилтай. Хоёулаа Оюутолгойгоор занималдсан улс төр хийдэг. Гэхдээ гадаадад үйлдвэрлэсэн ганган машин, гар утас барьдаг.

УИХ-д анх удаа сонгогдож, улс төрийн амьдралын гараагаа Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчөөс эхэлсэн С.Ганбаатарт гишүүнд уг нь ХҮН-ын даргаас Үйлдвэрчний даргынх нь имиж илүү өөрт нь зохидог байсан юм.

Харин Г.Уянга поп улстөрч биш топ сэтгүүлч болох авъяас түүнд бий. Гэхдээ тэдний сонгосон улс төрөөс болоод улс орны эдийн засаг хохирдог учраас л улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийгэм тэдэнд попын хаан, хатан гэсэн малгайг аль хэдийн өмсгөчихжээ. Ямар сайндаа улстөрчдөөс ичсэн рок попынхон хүртэл “поп” нэрээ авч хаях вэ дээ. Урлагийнхнаас булааж авсан улс төрчдийн “поп” аялгуу ар араасаа эгшиглэх байлгүй.

Гэхдээ популизмын загалмайлсан эцэг нь үнэндээ МАН,АН  хоёр. Өнөөдөр өөрсдөөсөө төрүүлсэн “үр хөврөл”-өө ад үзэж, аашилж загнаад байгаа болохоос.

Сонгууль болохоор л АН, МАН-ынхан Г.Уянга, С.Ганбаатар хоёроос илүү худлаа ярьж, бүр том популизм хийдэг. Үүний үр дүнд 800 тэрбумыг салхинд цацсан Монголын эдийн засаг өр зээлэндээ дарагдлаа шүү дээ.

Одоо ч ам мэхээр уралдуулж байгаа АН, МАН-аас ямар популизм гарч яаж эдийн засгаа хорлохыг таашгүй. Араас нь популист амлалтаар жижиг намууд нь уралдаж улстөржөөд эхлэх нь тодорхой. Тэгэхээр энэ намар гэхэд дэлхийг ангайлгасан “попын хаан” Монголоос төрнө гээд мөрийцсөн ч бараг алдахгүй л болов уу? Гэхдээ урлагийн тогооноос биш улс төрийн хүрээнээс шүү дээ.

А.ШАРХҮҮ

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.