Засаг дарга П.Ганхуяг зудад нэрвэгдсэн малчдаа гаргуунд нь хаялаа

2016/02/26
Share |
Хүмүүс:
Засаг дарга П.Ганхуяг зудад нэрвэгдсэн малчдаа гаргуунд нь хаялаа

Өлссөн мал нэг нэгнийхээ үс ноосыг зулгааж, хашааны холтос, барилгын тоосго, хог хаягдал, арьсыг нь өвчөөд хаячихсан хонины сэгийг зулгааж идэж буй ямаа...  Цас малтаад элс, шорооноос өөр зүйл үзэхгүй болчихсон учраас малчид хэдэн малаа зудад “хядуулж” байна. Говь нутагт цасан шуурга маналзаж, өөвгөр бор гэрүүдийг аваад шидчихмээр салхитай. Малчид малаа бараад дуусч байна. Энэ бол аймшгийн кино биш. Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Айраг сумдын зудад нэрвэгдсэн нүд хальтирч, элэг эмтэрмээр малчдын дүр зураг юм.

Цагийн байдлыг мэдэрсэн овсгоотой ченжүүд өвс тэжээл ойртуулан, сайхан үнэр “ханхлуулан” амандаа орсон үнэ ханшаа хэлцгээж, боодол өвс, түмпэн хивгэнд мөнгөн аяга, гаанс, хөөрөг, хурдан морины медалиа хүртэл өгчээ.

Зудад сөхөрсөн малчид нь “өвөлжилт хүндэрсэн малчдад туслана” гэсэн аймаг, орон нутгийн удирдлагын сайхан амлалтыг зурагтаар сонсчихсон болоод тэр үү, нүдээ чилтэл харуулдаж байхад бодит байдал дээр Дорноговь аймгийн Засаг дарга Пантийн Ганхуягт малчдын амьдрал огт хамаагүй. Харин ч өөрөө улам л тарга тэвээрэг авч гялалзаж, хил даван саунд сууж, массаж хийлгэж амарч байхад Дорноговь аймгийн ИТХ дарга Г.Ганбаатар нь мөн л Улаанбаатар хотод Богд уулын Цэцээ гvн рvv алхаж байгаль эхээс сайхан энерги эрч хvчээ авч гялалзаж байна.

Засаг дарга П.Ганхуягт  2016 оны УИХ-ын сонгууль, төрийн ордон, зөөлөн суудал зүүдлэгдэж байгаа. Тийм ч учраас Дорноговь аймгийн хилийн отрядаар цэрэг жагсуулан угтуулж, мах чануулан дайлуулж явна. Цуваа үүсгэх шахам хил хязгаар нутгаар довтолгон цэргүүдийг командаар санал өгүүлэх талаар ярьж байгаа аж. Уг нь Засаг дарга П.Ганхуягийн оюун ухаан сонгууль биш, харин байгалийн гамшиг зуд, малчдад өвч тэжээл базаах сэтгэлээр малчдын төлөө ажиллаж байх учиртай.

Гэтэл Увс, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга нар малчидтайгаа хамтран байгалийн бэрхшээлийг давах гэж чармайж байна. Говь-Алтай аймгийн удирдлага Бургастайн боомтоор малчдынхаа малын махыг Хятад улс руу гарган мөнгөжүүлэх ажил хийж байхад мөнгөтэй болсон малчид өвс тэжээл татах бололцоо бий болгож байна. Ийм боломж, бололцоо Дорноговь аймагт ч бий. Ханги-Мандалын боомтоор мах гаргах шийдвэрийг ИТХ-ын дарга Д.Ганбаатар гаргасан ч Засаг дарга П.Ганхуяг өөрөөс нь илүү нэр алдар оллоо гэж хардан хүчингүй болгуулснаас үүдэн олон хүн хөлдүү махтай наалдан нас барсан байдаг. Говийн малчид махаа зарчихсан бол өвс тэжээлээ авах гэж ээмэг бөгжөө зарахгүй л байхсан.

Аймгуудын удирдлагуудын хөөцөлдлөгөөнөөс хамаарч Засгийн газрын нөөц хөрөнгө, Онцгой байдлын комиссоос зудтай аймаг сумдад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, өвч тэжээл хувиарлаж хүргүүлсэн байхад Дорноговийн малчдад дэмжлэг тусламж нь хүрч чадсан уу гэвэл малчид нэгэн дуугаар “Төр засгаас ямар ч дэмжлэг алга даа” хэмээн хариулж байна. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт сэтгэл дутаж, “Хэдэн суманд өвөлжилт хүндэрлээ” гэж хэлчихээд сонгуулийнхаа сурталчилгааг далдуур хийж яваа ноён.  Аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдөөр хоёр жолоочийн орон тоо батлуулан сумдаар цас манарган давхих П.Ганхуягт сонгуулиас өөр юу ч бодогдохгүй, ядарч байгаа малчдад ганц боодол дөхүүлэхийн оронд “Засаг дарга Пантийн Ганхуягаас дурсгав” гэсэн флаш, цаг тарааж, бензин тос барж явах юм."Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй"  гэж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.